“Оюу Толгой” компани талийгаачдын ар гэрийнхнийг хүлээж авалгүй зугтсаар байна
“Оюу Толгой” компани хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас тус компанид ажиллаж байсан хоёр Монгол залуугийн аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ.
Энэ талаар сурталчилгааны шинжтэй мэдэгдэл гаргахаас бус хэргийн талаар ямар нэг мэдээлэл хийхгүй байгаа “Оюу Толгой” компани дахин 90 гаруй ажилчдаа муудсан тахиагаар хооллож, хордлого авахуулчихаад сууж байна.
Тус байгууллагад ажиллаж байсан талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдоход :
“Маш их гомдолтой байна. Учир нь бид хүнээ нас барсныг компаний удирдлагуудаас биш дам хүнээс сонссон. Мөн осол болсны дараа онцгой байдлын үед баримтлах журмыг илт зөрчсөн.Энэ нь бол эрүүгийн хэрэг үүсгэсэн ч болох асуудал юм билээ.
Хамгийн гол нь одоог хүртэл бидэнтэй тус компаний удирдлага огт холбоо барихгүй байгаад л гайхаж байна. Бид Монгол ёсоо бодоод 49 хоног нь өнгөртөл элдэв хэл ам хийхгүй гэж бодож байгаа. Түүнээс бус Монгол хүний амь ямар ч мөнгөнөөс үнэтэй” хэмээн товчхон мэдээлэл өгөв.
УМХЕГ-ийн урьдчилсан дүгнэлт, албан тушаалтнуудынх нь ярианаас дүгнэхэд уг ослын буруутан нь гэрээлэгч компани болж, “Оюу Толгой” компани уснаас хуурай гарахаар төлөвлөж байгаа ажээ.
Б.Батмөнх
URL: