Үрчлээний эсрэг тариа харин ч эсрэгээрээ амархан хөгшрүүлдэг болохыг тогтоожээ
Сүүлийн үед моодонд орж, бүсгүйчүүдийн хошуурах болсон үрлчээ тэнийлгэж, залуужуулах үйлчилгээтэй тарилга буюу ботокс нь маш том эрсдлийг дагуулж байдаг ажээ.
Ботокс нь нүүрний арьсны үрчлээг тэнийлгэж, толийлгох боловч хараа муудах улмаар сохрох, тархи гэмтээх аюултай юм байна.
Энэхүү дүгнэлтийг Их Британийн гоо сайхны эмч нар гаргасан юм байна. Нүүрний гоо заслын чиглэлээр мэргэшсэн, гоо сайхны мэс заслын тэргүүлэх зэргийн эмч Жулиана де Силвагийн ярьснаар арьс тэнийлгэж, татах үйлчилгээтэй гелен хэлбэрийн бодисыг арьсан дор тарих үед санамсаргүйгээр артерийн судас дайрах тохиолдол гардаг нь асуудлын гол нь аж.
“Энэ нь арьсны эд эсийг саармагжуулж, улмаар үхжүүлэхэд хүргэж болзошгүй бөгөөд хэрэв ботокс нүдний арын хэсгийг хүчилтөрөгчөөр хангадаг артерийн судас дайрвал сохроход хүргэнэ. Бүр муугаар ярьвал тархинд очих хүчилтөрөгчийн урсгалыг хааж, улмаар харвалт өгөхөд хүргэнэ” хэмээн тэрээр ярьж байна.
Эрдэмтдийн тайланд дурдснаар 2012 онд ботокс тариулсны улмаас Их Британид хараагаа алдсан 32 тохиолдол бүртгэгдсэн байна. Түүнээс гадна багаар бодоход дөрвөн хүн үрчлээгээ арилгах гэсэн биш тархинд нь цус харвасан талаар уг тайланд бичжээ.
Ботокс тариа үйлвэрлэгчид зөвхөн ашиг, борлуулалтаа бодож, гарах үр дагаврын талаар мэдээлэл өгдөггүй нь ийм байдалд хүргэдэг байна. Тиймээс дөнгөж бий болж байгаа энэ салбарт туршлагагүй гоо сайхны мэс засалчид энэ талаар тодорхой ойлголтгүй байдаг аж.
Өмнө нь ботокс тариа нь сэтгэл хөдлөлийн илэрхийллийг бууруулдаг хэмээн мэдэгдэж байсан. Учир нь нүүрэн дээрээ сэтгэл хөдлөлөө гаргах боломж нь хязгаарлагдсан хүн сэтгэлийн гүн дэх мэдрэмжээ гаргах чадваргүй болдог. Тодруулбал нүүрний мэдээ алдсан булчингууд тархитай эргэн холбогдох хүч нь сулардаг бөгөөд энэ нь мэдрэмжинд нөлөөлдөг байна.
Үүнээс дүгнэлт хийхэд ботокс нь залуужуулах биш харин хөгшрүүлэх үйлчилгээтэй мэт. Инээвэл залуужина гэдэг дээ. Гэтэл ботокс тариулсан хүн инээх боломж нь хязгаарлагдаж, үүнээсээ болж сэтгэл санаагаар өөдрөг байх боломж нь үгүй болдог байна.
URL: