Төр хүнээ хайхрахгүй болохоор “эзэнтэй” хэрэг ч замхардаг болжээ
Том, жижиг гэлтгүй тусгаар тогтносон улс бүр төртэй, төрийг бүрдүүлэгч нэгээхэн хэсэг нь иргэн байдаг. Төр нь иргэнийхээ төлөө ажиллаж, анхаарч байж улс орон хөгждөг учиртай. Дэлхийн улс орнууд ч энэ зарчмыг хатуу баримталдаг. Харин манай улс бүр эсрэгээр нь хэрэгжүүлдэг гэвэл хэтийдсэн болохгүй биз. Ингэж хэлэхийн учрыг дор сийрүүлье.
Чилийн Сан Хосен уурхайд дэлбэрэлт болж олон уурхайчин газрын гүнд хэд хоног хэцүүдэж байсан. Харин уурхайчдыг гаргах мөчид Боливийн ерөнхиийлөгч нисдэг тэрэг хөлөглөн ирж нэг иргэнээ аваад буцсаныг дэлхий нийтээрээ харсан.
Тэгвэл манай улс сонгууль болохоор л иргэнтэй гэдгээ мэддэг гэвэл хуудуу хэлсэн болохгүй. Харш сонгуулиас бусад цагт хэн, хаана, юу хийж байгааг ч үл анзаардаг төдийгүй гадаад улс оронд хэд гурван хүн амь насаа алдахад багтаж ядсан хүн амтай мэт “ашгүй” гэх нь холгүй өнгөрөөдөг. Тухайлбал, өдгөөгөөс жилийн өмнө нэгэн монгол бүсгүй Хятадын Тангоу мужид амь насаа алдсан байдаг. Тэрээр гурван хүүхэдтэй айлын ганц охин байсан аж. Цэцэг цэврүү шиг охиноо алдсан эх, эцэг, ах, дүү нь өдгөө ч сэтгэлийн шаналантай байхын сацуу төрдөө гомдож явна билээ.
Талийгаачийн ааваас төрд гомдохын учрыг асуухад “Миний охиныг аваад явсан хүн нь байхад “Хэрэг үүсгэх боломжгүй. Хуульд ийм заалт бий” гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон” хэмээн ярьсан.
Тэгтэл үнэндээ эзэнтэй хэрэгт “хэрэг үүсгэх боломжгүй” болсон байдаг юм. Өвөр монгол залуутай гэр бүл болсон Ану гэгч эмэгтэй талийгаач М-ийг Хөх хотод ирэхийг урьж улмаар түүнд гадаад паспорт гаргуулан очих зардлыг нь даасан байдаг. Ингэхдээ хоёр монгол охиныг ч хамтад нь урьсан байсан. Тэндээс тэднийг Тэнжинийн дагуул хот болох Тангоу муж руу нэгэн өвөр монгол залуутай хамт явуулсан байдаг. Тэр залуу гурван хятад иргэнтэй танилцуулсаны маргааш нь М нас барсан байсан.
Хятадын цагдаагийнхан аавд нь ‘Танай охин хар тамхи авчирсан. Maнай залуус соруул гаргаж хамтдаа татсан. Охин хэтрүүлж хэрэглэсэн учир хордсон” гэх маягийн юм хэлээд хамт байсан залуустай нь уулзуулалгүй “Залуус сэтгэл санaa нь хямарсан тул уулзуулах боломжгүй. Тэд гэртээ харьцгаасан” гэсэн байдаг. Харин нэгэн эх сурвалж талийгаачийн аавд ‘Танай охин “Манай аав цэргийн дарга шүү” гэж орилж байсан”-ыг нь хэлсэн гэнэ.
Охиноо алдсан эцэг хүний нутагт элэг нэгтэн болох элчин сайдын яамандаа хандахад төдийлөн авч хэлэлцээгүйн зэрэгцээ түүнд эмгэнэл ч илэрхийлээгүй байдаг юм.
Монголдоо ирээд Гадаад харилцааны яамаар дамжуулан Хятадын элчин сайдын яаманд хоёр удаа захидал илгээсэн боловч өдгөөг хүртэл ямар ч хариу өгөөгүй аж. МөнУлсын мөрдөн байцаах газрын Хүний наймаатай тэмцэх хэлтэст өргөдөл, гомдол гаргахад “Эрүүгийн хуулийн 172 дугаар зүйл ангийг үндэслэн гэмт хэрэг үүсгэх боломжгүй” гэсэн хариу өгчээ.
Энэ нь хэдийгээр хуулийн зүйл, заалт нь байгаа ч цагдаагийнхан нэг талаар өөрсдийгөө хамгаалж, нөгөөтэйгүүр “Хүний наймаа” гэх тодотголтой нарийн зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд хэт хойрго хандсаныг гэрчлэх шиг. Ингэж хэлэхийн учир нь Ану гэх эмэгтэй нөхөртэйгөө Хөх хотод зоогийн газар ажиллуулдаг, хамт явсан охид нь түүнийг таньдаг. Мөн Ану талийгаач М-ийг өвөрмонгол залууд өгч явуулсан гээд ийм олон баримт, гэрч байхад хэрэг үүсгэх боломжгүй гэсэн нь хэн хүний гайхширлыг төрүүлээд буй юм.
Мөн хар тамхины эсрэг хатуу чанд хуультай энэ улсын цагдаагийн байгууллага “Танай охин хар тамхи авчирсан. Манай залуустай хамтдаа хэрэглэсэн. Тэд гэртээ байгаа” гэж худлаа ярьж нас барсан монгол охиныг гүжирдсэн, элчин сайдын яам нь манай улсын гадаад харилцааны яамыг үл ойшоон өдгөөг хүртэл ямар нэгэн зүйл хэлээгүйг юу гэж ойлгох вэ.
Төр хүнээ хайхрахгүй болохоор “эзэнтэй” хэрэг ч замхарч их гүрнүүд ч илт зүйл дээр дээрэнгүй бодлогоо илчилж байгаа бусуу. Ийм байдлаар гэмт хэрэгтэй тэмцвэл Хүний наймаатай тэмцэх тухай хууль гаргахын хэрэг ч байна уу даа.
Манай сонин уг хэргийн талаар болон эзэнтэй хэрэг хэрхэн хаана хэрэгсэхгүй болдгийг дүүргүүдийн цагдаагийн хэлтэст хаагдсан хэргүүдээс цувралаар хүргэх болно.
С.Туул
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: