Хулгайн аргаар ус ашигладаг уул уурхайнхантай хатуу тэмцэж, усныхаа үнийг дахиад нэмье

ус12Домботой цайгаа бариад нүүдэл тосдог ёс заншил дэлхийд гандхан Монголынх байлаа. Харин өдгөө нүүдлийн бараанаар гэртээ бүгж, данхтай цайгаа ширээн доогуураа хийх тийм хахирган цаг айсуй. Үүнийг хүний мөс чанартай холбохоос илүүтэй ёс бус үйлддийнхээ горыг амсч буй хэрэг гэвэл үнэнд илүү ойр тусч мэднэ. Үнэндээ сүүлийн 20 жилийн турш шавхагдашгүй баялагтай юм шиг сүүлээ оодойлгон давхилдаж, чандмань эрдэнийг ширгэж алга болохгүй юм шиг загналаа шүү дээ, бид. Өдгөө буй бүхэн маань, түүн дотор ус нүүр бууруулан газрын гүн рүү шургаж одлоо, эхнээсээ. Энэ бүхний гол буруутан нь мэдээжийн хэрэг уул уурхай гэх цадахыг үл мэдэх өндөр хэрэглээтэй “мангас”. Өөрөөр хэлбэл, уул уурхай хөгжиж, технологи нь илүү нарийн болохын хэрээр усны хэрэглээ эрчимтэйгээр нэмэгдсэн гэсэн үг.

Дэлхийн аль ч улсад ус ашиглахгүйгээр баялаг боловсруулдаг, баяжуулдаг технологи алга. Сүүлийн жилүүдэд дэлхий нийт усыг олон дахин ашиглах саарал усны технологид шилжиж байгаа авч Монгол Улсын тухайд эхлэл төдий яваа. Гэтэл амьдрал дээр гүнийн цэнгэг усны нөөц дундарч, их савны ёроол харагдах дээрээ тулаад байна. Хүн ам цөөн, хоёр их гүрний дунд оршдог, далайд гарцгүй манай орны тухайд бусдын анхаарлыг татах, тэдэнтэй хөгжлөөр хөл нийлүүлэх алхам нь газрын доорхи баялгаа ашиглах явдал гэдгийг үгүйсгэхгүй. Гагцхүү төрийн зөв бодлого, эрдэмтэн мэргэдийн санаа оноо дутаад байгаа бололтой. Бодлого байхгүй улс бусдын зууш болох нь амархан аж. Нөгөө өвөг дээдсийнхний онож хэлснээр “Ус үзээгүй гутал тайлж, уул үзээгүй хормой шууна” гэгчээр мөнгө өвөртөлсөн дошдуурчдад хаана ямар эрдэс баялаг нуугдаж байгаагаа нэг нэгдгүй хэлээд өгсөн.

Үүний үр дүнд алс баруун хязгаарт , өмнийн цэнхэр, галбын говьд ч тэр гадныхан эрээн майхны хормойг дэрвэлзүүлэн тухалж, Монголын баялаг руу шүлсээ үсчүүлэн дайрч нүднээ торох бүхнийг олборлон ямар металл болохыг газар дээр нь тогтоон өдөржин шөнөжин зөөх болов. Мөнгөтэй зарим нь агаараар зөөдөг гэнэ билээ. Харамсалтай нь энэ бүхний цаана хэзээ ч барагдашгүй, дуусахгүй юм шиг санаж явсан усны нөөц говийн бүст байх ёстой түвшингээсээ доошилж, хөрсөн дээр ил байсан булаг шанд цөөрөм ширгэж, газрын гүн рүү шургаж одон гүнийн ус хэвлий дотроо мэлмэрүүлж байгааг дахин дахин хэлэх байна. Монгол хүн бүх баялгаа золионд гаргасны хариуд юу ч хожоогүй. Ингэж хэлснээр “Уул уурхайнуудын үйл ажиллагааг зогсоо”, “Гадаадын хөрөнгө оруулагчдыг эх нутгаасаа хөө” гэж байгаа юм биш. Чандмань эрдэнэ болсон усыг, ялангуяа уул уурхайхны хэрэглэдэг усыг үнэд оруулж, зүй бус хэрэглээг зогсоон, бохирдсон усаа эргүүлэн ашигладаг технологид даруй шилжихийг тэднээс шаардах гэсэн санаа. Тэгээд ч уул уурхай бол хамгийн их ус хэрэглэдэг салбар. Энэ тухай баримт эргүүлэх аваас зөвхөн уул уурхайн компаниуд жилд 93.8 сая шоо метр ус хэрэглэдэг гэх тооцоог судлаачид гаргажээ. Тоон үзүүлэлт нэгийг хэлээд байгаа биз.

Үүнийхээ төлбөрт тухайн үед мөрдөгдөж байсан тарифаар нэг шоо метрт 190 төгрөг буюу есөн тэрбум гаруй төгрөг төлсөн байдаг. Мөн тонн зэсийн баяжмал олборлоход 46.0 шоо метр, цайрын хүдэр олборлоход 16.0 шоо метр ус хэрэглэдэг байна. Нөгөөтэйгүүр, Оюутолгой, Тавантолгой мэтийн акулууд говийн гүнийн усны жаахан нөөцийг судлаар нь дамжуулан ховх сордог технологийг ашигладаг гэх. Тавантолгой гэхэд л говийн хэдэн баянбүрдийг тэжээж байдаг Наймантын хөндий, Балгасын улаан нуур, Зайрмагтай, Гурамсангийн хоолой, Борзонгийн говь, Таван алдын говь, Мандал-Овоо, Мандах, Бумбат, Оорцог, Хадан ус зэрэг газрын гүнийн усыг татаж эхэлсэн байх юм.

Оюутолгойн тухайд жилд 3800 л/сек ус хэрэглэхээр тооцсоны дээр 607 л/секундыг гүнийн хоолойгоос татаж байгаа аж. Гүнийн хоолойгоос хоногт 75168 шоо метр буюу 870 л/сек гэхээр хэдхэн жилийн дараа Өмнийн говь элсэн цөл болж хувирах нь дамжиггүй. Тэр цагт “Рио Тинто” хэдийнээ Оюутолгойн орд газрыг ашиглаад дууссан байх вий. Үүнтэй зэрэгцээд даанч дээ гэх мэдээлэл чих дэлслээ. Шивээ-Овоогийн нүүрсний уурхай өнөөг хүртэл газрын гүн дэх усныхаа нөөцийг тогтоолгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Эх сурвалж, “Хэдхэн жилийн дараа үйлдвэрлэл зогсч таарна. Гүнийнх нь ус шавхагдаж байгаа юм чинь. Уурхайн эргэн тойронд гүнийн усны нөөц илрэхгүй байгаа. Иймд гадаргын болон газрын доорхи усны нөөцийг цаг алдалгүй хайх хэрэгтэй дээ” хэмээсэн. Тэгэхээр Дорноговь, Хэнтий, Бор-Өндөрт ундны усны үнэ тэнгэрт хадаж байдаг нь зүй ёсных гэлтэй.

Тодруулбал, тэнд литр ус таван төгрөг байдаг гэнэ. Харамсалтай нь уул уурхайнхны хэрэглэсэн усыг ягштал хянах боломж манай төрийн болон төрийн бус байгууллагуудад байдаггүйгээс тэд хуулийн энэ цоорхойг ашиглан төлбөрөө хэд дахин бага төлсөн байж таарна. Дорнод аймгийн малчин өвгөн нэр бүхий компаниуд тоолууртай худгаас биш хажууд нь гаргасан “хулгайн худаг”-ны усаар өдөр тутмын олборлолтынхоо хэрэгцээг хангадгийг ярьж байсан. Иймэрхүү хулгай хаа сайгүй байгаа. Үнэндээ 2013 он хүртэл уул уурхайн компаниуд нэг литр усны төлбөртөө 15-хан мөнгө төлдөг байлаа шүү дээ. Харин одоо Усны тухай хууль шинэчлэгдэж, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар уул уурхайн үйлдвэрлэлд ашигласан усны шоо метр тутам экологи, эдийн засгийн үнэлгээг хувиар тооцож, гадаргын усанд 10-50 хувь, газрын доорх усанд 15-70 хүртэлх хувийн төлбөр төлөх юм. Хууль хэрэгжиж эхлээд жил тойрон болж байгаа болохоор тайлан нь гараагүй байна.

Дэлхийн мэдээгээр усны үнэ өнгөрсөн таван жилийн дотор АНУ-д 27, Австралид 45, Өмнөд Африкт 50 хувиар нэмэгдсэн бол Канадад 58 хувиар өсчээ. Үнийн дүнгээр нь тооцвол нэг шоо метр усны дундаж өртөг БНХАУ-д 48, АНУ-д 66 цент, Дани. Германд 2.25 ам.долларын үнэтэй байна. Харин манайхтай хөгжлийн түвшингээрээ ойролцоо Казахстанд нэг шоо метр усыг 320 төгрөгөөр үнэлжээ.

Манай орны хувьд гадаргын болон газрын доорх усаа өнөөдөр төрийн тодорхой бодлогогүйгээр уул уурхайн үйл ажиллагаанд ашигладаг. Энэ нь Монгол Улсыг усны нөөцөөрөө ядмаг, дэлхийн 145 орноос 121 дүгээрт жагсахад хүргээд байна. Ганц компанийн жишээгээр уул уурхайнхан ямар хэмжээнийусхэрэглэдгийгхүргэе. “Петрочайна Дачин Тамсаг”, “Доншен” компани Дорнод аймгийн Матад суманд газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Тэд 1000-2000 метр гүн хайгуулын цооног өрөмдөхөд 700-800 шоо метр, 2000-3000 метр өрөмдөхөд 1000 шоо метр ус хэрэглэдэг. Харин тонн нефтийг усаар түрж гаргахад нэг шоо метр ус зарцуулдаг тооцоо бий. Нэг шоо метр ус зарцуулан 6.666 баррель нефть олборлодог бөгөөд усны үнэ нийт зардлынх нь   0.015   хувийг   эзэлдэг   аж.

Нефть өнөөдөр дэлхийн зах зээлд хамгийн өндөр үнэтэй стратегийн бүтээгдэхүүн. Гэтэл “Үүнтэй адил үнэ цэнэтэйд тооцогддог ус ганц баррель нефтийн үнээр үнэлэгдэж чаддаг уу”. “Оюутолгой” төслийн их бүтээн байгуулалт уснаас болж зогсох уу” гэдэг асуултыг мэргэжилтнүүд эрх баригчдаас асууж байна. Гадаргын усыг татаж хэрэгцээгээ хангах, гүний усыг хэрэглэх гэсэн хоёр хувилбар яригддаг. Гэвч аль аль нь өмнийн говийн экологийн онцгой тогтцод сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн эко эрдэмтэд болгоомжилсоор буй. Тиймээс уул уурхай дахь усны хэрэглээг хэрхэн зохинуулах, стратегийн эрдэс болох усыг ашигт малтмалын баялгийн олборлолтоос хэрхэн хамгаалах асуудал төр, засгийн анхааралд улам лав оршсоор байх биз ээ. Энэ мэтчилэн бухимдал төрүүлэхүйц жишээ олныг өгүүлж болохоор.

Бас дурдсан болгонд   дэмий гасалж суултай биш. Тэмцэх цаг болжээ. Усны салбарын магнатууд гэгдэх эрдэмтэд зүлгэн дээр зүгээр нэг гэрээ барьж суугаагүй нь юун их аз билээ. Гадаргын усыг ашиглах тухайд ухаанаа уралдуулж, “Хэрлэн -говь”, “Орхон говь” төслийн ТЭЗҮ-ийг тооцон гаргасныг төр дэмжээд өгвөл ажилдаа гарахад бэлэн сууж байгаа юм билээ. Энэ хоёр төслийн үр дүн секунд тутамд гадагшаа сад тавин урсч байдаг гурван том голын урсацыг тогтоон барьж, усны хуримтлал үүсгэх явдал гэнэ. Усан сан гээд ч ойлгочиход гэмгүй. Манайхаас бусад нь усны хуримтлал бүхий усан сангаа хэдэн зуугаар нь барьж байгуулаад зогсохгүй үйлдвэрлэлд ашиглаад эхэлчихэж. Зарим улсын тухайд 100 гаруй жилийн тэртээ усаа стратегийн баялаг гээд тодорхойлсон байх юм. Харин манайх дөнгөж саяхнаас учрыг нь олохоор бэдэрч эхлэв бололтой. Нөгөөтэйгүүр, манайхан чинь усныхаа асуудал дээр хүртэл улстөржөөд явдаггүй юм гэхгомдлыг усны салбарынхан дор бүрнээ хэлж байсныг энд дурдахгүй өнгөрч чадсангүй.

Монгол Улс зах зээлд шилжсэнээс хойш усны салбар бүхэлдээ мөхлийн ирмэгт тулж очсон доо. Хөдөө, орон нутагт байдаг Усны аж ахуйн байшин барилга техник, тоног төхөөрөмжтэйгөө хогийн цэг рүү ачигдсан нь нууц биш. Сэтгэдэг, мэргэжилдээ дуртай цөөн хэд нь гэргийгээ ганзаганд явуулж олсон хэдээр нь судалгаа хийж өдөр хоногийг өнгөрүүлсээр өнөөдөртэй золгосон гэдэг. Азаар Ерөнхий сайд эрхлэх ажлынхаа хүрээнд усны салбарыг өөрийн мэдэлд авч, Үндэсний хороо байгуулан тэргүүнээр нь ажиллаж байгаа юм билээ. Тэр утгаар нь авч үзвэл усныхны хувь заяа Засгийн газрааас л хамаарах болчихжээ. Дээр нь усны хууль, эрх зүйн орчин ч дажгүй болсон. Одоо 20 жил яригдаж, Засгийн газраас Засгийн газар, улс төрийн намууд дамжсан төслүүд амьдралд хэрэгжиж мэдэх нь.

Итгэл сэтгэлээ гээлгүйгээр хүлээе дээ. Ингэхдээ уул уурхайн олборлолт, боловсруулалт гээд үйлдвэрлэлийн шатанд ашиглагдаж байгаа усныхаа үнийг эргэж харахаа мартав аа. Дэлхий нийт саарал ус гээд шуугиад байгааг сонирхоход гэмгүй байх шүү.

Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ


URL:

Сэтгэгдэл бичих