Т.Ариунаа: Ганцхан тэр хүний өмнө л дуулна

Тантай уулзаагүй удсан байна. Ажил, амьдрал… бүх зүйл сайн биз дээ?
-Тийм ээ сайн байгаа. Уран бүтээлээ хийгээд л урьдын адил явж байна.
-Та дуурийн театрт тоглох болжээ. Том зориг гаргасан байна. Агуу их Х.Уртнасан, эдүгээн их дуучин Б.Жавзандуламын тайз шүү дээ?
-Дуурийн театр бол үнэхээр их урлагийн ариун сүм. Агуу том дуучдын тайз. Би энэ театрт тоглох болсондоо үнэхээр их баярлаж байгаа. Намайг мэргэжлийн дуучны маань хувьд энд тоглох эрхийг олгож, зөвшөөрлөө өгсөнд маш их талархаж байна. Энэ тайзан дээр дуулахад дуучин хүнээс асар их хариуцлага шаардагдах нь тодорхой. Хамгийн нэгдүгээрт, би дуучныхаа мастерство-г харуулахыг зорьж байгаа. Хоёрдугаарт, энэ удаагийн тоглолт маань урьд нь миний тавьж байсан шиг шоу хэлбэрийн тоглолт биш. Мюзикл, жааз болон поп бүтээлүүдийг хослуулсан тоглолт байх юм. Ерөнхийд нь базаж хэлэхэд дэлхийн урлагийн одоогийн явж байгаа чиг хандлага, тэр түвшин рүү чиглэсэн тоглолт тавих гэж ажиллаж байна. Тийм учраас би Дуурь Бүжгийн Эрдмийн Театрыг сонгосон. Тоглолтын маш олон төрөл байдаг. Гадны том том дуучид тэр төрлүүд дээр гарч ирж хувьсаж, тэр чинээгээрээ маш олон хэлбэрийн тоглолт тавьдаг л даа. Маш цомхон үзэгчдийн хүрээнд, өндөр зэрэглэлийн өртөгтэй ийм хэлбэрийн тоглолтыг би гоцлол дуучин хүнийхээ хувьд өмнө нь хийж байгаагүй. Энэ удаа хийхээр шийдээд, бэлтгэл ажилдаа ороод явж байна. Олон жил бодож, мөрөөдөж явсан тоглолт маань болохоор энэ сонголтыг хийлээ. Энэ театрын эзэнтэй нь уулзаж, энэ театрын хүмүүсээс зөвшөөрлийг нь авсаны үндсэн дээр шийдвэрээ гаргаад, бэлтгэл ажлаа хийгээд явж байна.
-Эзэн гэдэг тань хэн билээ. Би ойлгосонгүй?
-Энэ театрт ажиллаж амьдардаг урлагийн зүтгэлтнүүд. Алдарт Б.Жамъяндагва гуай байна, Б.Сэргэлэн захирал байна. Д.Баатар дарга байна. Бусад уранбүтээлчид нь байна. Тэд эзэн нь шүү дээ.
-Та удирдлагуудаас нь зөвшөөрөл авсан юм байна. Та бол поп дуучин. Дуурийн дуучид таныг тайзан дээрээ гаргах дургүй байгаа байх. Тэр “ямаа” яаж дуурийн тайзан дээр дуулах юм бэ гэж хашгирч байгаа сураг сонсогдсон?
Би сонссон. Надад Ариунаа эгчээ таныг дуурийн театрийн тайзан дээрдуулна гэдэгт олон хүн дургүйцэж байгаа юм байна гэж өчигдөрхөн хүн хэлж байна лээ. Би баярлаж байгаа. Олон хүн дургүйцэх тусам би энэ театрт тоглолтоо тавина. Ер нь юу ч хийдэггүй, ерөөсөө хөдөлмөрлөдөггүй, огт шинийг эрэлхийлдэггүй хүмүүс л юм хийж байгаа хүнийг шүүмжилж, гоочилж, үгүйсгэж байдаг. Үгүй, тэгээд яахав дээ намайг ямаа гэж байгаа бол тэгж л байхаас. Өнөөдөр тэр саарал ордонд улстөрчид ямаанаас болоод бөөн л асуудал дэгдээчихээд сууцгааж байна. дуурийн театрын ягаан ордонд бас нэг ямааны тухай хэрүүл дэгдүүл дэгдэхээс дээ.
-Мэдээж дуурийн театрын акустик таны гол татагдаж байгаа хүчин зүйл байх. Харин энэ тоглолтоороо хэлэх гол агуулга юу юм бол. Та дуурийн тайзан дээр гарч байгаагийн хувьд ядаж нэг ари дуулах уу. Эсвэл тоглолт тань бүтнээрээ мюзикл байх юм уу?
-Хамгийн гол юм акустик. Та голыг нь олж харжээ. Гэхдээ энэ театрын тайз, театрын өөрийнх нь  орчин бас чухал шүү дээ. Агуулгын хувьд дуучин Ариунаагийн тоглолт гэсэн л бусдаас ялгаатай онцлогийг харуулах. Ариунаагийн гэх онцлог л тэнд мэдрэгдэнэ. Мэдээж би дуурийн театрийн тайзыг мэргэжлийн дуучин хүнийхээ хувьд хүндэтгэж тодорхой хэмжээний бүтээл сонсгоно. Надад төлөвлөж байгаа зүйл бий.
-Тийм байх л даа. Түүнээс биш дуурийн тайзан дээр “Хуучраагүй жиинс”-ийг дуулаад гараад ирвэл бөөн шуугиан болно биз дээ?
-Ер нь өөрийнхөө бүх шилдэг дуунуудыг дуулна шүү. Гэхдээ шинэчилсэн найруулгаар. Гол нь тэнд миний дуучны мастерство л харагдах ёстой.
-Ингэхэд танай рок попынхон өөрсдийн гэх зах зээлээ хадгалж чадаж байгаа юу. Нэг хэсэг нийтийн дуучдад түрэгдээд байна гэх шүүмжлэл цухалзаад байсан?
-Рок поп урлаг гэдэг өөрөө ямар ч цагийн аясанд арчигддаггүй зүйл шүү дээ. Асар хүчтэй урлаг. Би таны асуултыг ойлгож байна. Энэ тухай яригдаж, бичигдэж байсан. Миний хувьд, миний зах зээл дээр ийм зүйл мэдрэгдээгүй. Бусдын хувьд яасныг би мэдэхгүй.
-Ариунаа, танд Монгол Улсын гавъяат жүжигчин гэдэг цол яг юу авчирсан юм бэ?
-Ний нуугүй хэлэхэд энэ шагналыг аваад би айж байсан л даа. МУГЖ гэх шагнал надаас цааш нь юу хийхийг шаардах бол гэх уран бүтээлийн түгшүүр надад байсан. Надад нөгөө талаас нэг насны намба нөмөргөчих шиг сонин мэдрэмж төрөөд байсан л даа.
-Ер нь л нэг тийм хөгшин цол, тийм ээ?
-Тэр ч тийм шүү. Гэхдээ ингэж хэлж яах юм бэ (инээв). Гэхдээ энэ цолыг надад өгөхдөө чи одоо энэ өдрөөс хойш ардын дуунууд дуулна шүү, эсвэл уртын дуу руу орно шүү гэж өгөөгүй байх гэж би бодож байна л даа. Зүгээр би энэ цолыг хүртээд уран бүтээлчийн хувьд цаашид юу хийнэ дээ л гэж шаналж байсан. Сүүд тайвшраад, хоёр жилийн дараа харин Ариунаа чи яах гэж өөртөө ингэж хүнд ачаа үүрүүлж, өөрийгөө үргэлж зовоож байдаг юм бэ гэж бодсон.
-Мэдэхгүй, та нар тэр тэмдгийг аваад л МАХН-ын сурталчилгаанд зориулсан утгагүй дуунуудыг бадаг бадгаар нь хувааж дуулдаг л болчих шиг болсон ш дээ. Яг энэ ажил тань нийгэмд юу өгч байгаа юм бэ. Дуучны хувьд таны уран бүтээлийн түүхэнд юу өгч байгаа юм бол?
-Аливаа юмыг олон талаас нь л харах ёстой. Би танд нэг л үг хэлье. Уран бүтээл үлддэг юм. Дуу үлддэг.
-Уран бүтээл гэхээсээ илүү үзэл суртал гэж харагддаг?
-Дуун дээр үзэл суртал явагдахгүй байгаа байх гэж би бодож байна. Дуу маань өөрөө уран бүтээл шүү дээ.

-Тэгвэл хувьсгалт намд ямар ашигтай юм бэ?
-Тэдэнд юу хэрэгтэй вэ гэхээр МАХН тэр уран бүтээлийг ивээн тэтгэж байна, тэр олон дуучдыг нэгтгэж дуулуулж чадаж байна гэдгээрээ харагдах нь л хэрэгтэй байгаа байх. Тэр дууг дуулуулж байна. Тэр дуучдад үнэ төлж байна. Клип хийлгэж байна. Үүгээрээ нам урлагт хөрөнгө оруулалт хийж байна гэдгээрээ л илэрхийлж байгаа байх. Нөгөө талаар тэр дуу өөрөө ард түмнийг эв нэгдэлд, амар тайванд, эх орноо хайрлах хайранд уриалан дуудаж байдаг. Энэ нь тухайн намын нэг бодлогоо түгээх арга байж болно шүү дээ.
-Та гавъяат жүжигчин болоод сэтгэл зүйн хувьд өөртөө их өндөр даалгавар өгч байсан юм байна. гэхдээ сүртэй юмаа. Үнэндээ жолооч нарын кабинаас сонсогдож байдаг долоо, найман нийтийн дуу дуулчихсан дуучид ч авчихсан байдаг цол шүү дээ. Харин Ариунаа, Сараа хоёр дээр асуудал байгаагүй?
-Үнэхээр янз бүрийн шалгуур хөндсөн яриа хөөрөөнүүд ард түмний дунд явдаг. Миний хувьд Монгол Улсын гавъяат жүжигчин гэдэг цолны тэр эрэмбийг, тэр зиндааг хамгаалах үүрэг л надад ирсэн. Би бас тэнгэрийн дор төрж, төрийн дор өсч хүмүүжсэн Монгол улсын иргэн хүн. Тэр үүднээсээ би өөрийнхөө амжилтыг үнэлсэн төрийн үнэлэмжинд хүндэтгэлтэй ханддаг. Таны наад тэмдэг, тэмдэг гээд байгаа үг надад таалагдахгүй байна. Нөгөө талаас болсон болоогүй дуучдад зүүгээд өгчихдөг гэдэг яриа явдаг л юм билээ. Гэхдээ энэ миний хэрэг биш шүү дээ. Тусдаа урлаг судлал, урлагийн шүүмжлэлд хамаатай асуудал.
-МУГЖ цолоо хамгаалах тоглолт хийнэ гэж та нэг удаа ярьж байсан. Тэр үед би та чинь юу яриад байна вэ. Таны 16 наснаасаа эхлээд урлагт зүтгэсэн 20 жилийн тань хөдөлмөрийн үнэлсэн хэрэг биш юм уу гэж асууж байсан. Тэр хамгаалалт одоо дууссан уу?
-Дуусаагүй. Цаашдаа ч хамгаалах болно гэж бодож байна. нэг удаагийн концерт тавиад ч юм уу, нэг удаагийн том уран бүтээл хийгээд хамгаалаад гарчихлаа гэж үзэж болохгүй л дээ. Би уран бүтээлчийнхээ хувьд хамгаалж байгаа, би үүндээ хариуцлагатай байх юмсан эжг хичээж явах нэг хэрэг. Ард түмэн л Ариунаа энэ цолыг хамгаалж чадсан уу гэдэгт хариу өгнө шүү дээ. Би өөртөө дандаа хариуцлага тооцож амьдарсан. Мэдэхгүй, яагаад ч юм би ийм.
-Ер нь дуучин болно гэдэг танд хэзээ ирсэн зорилго юм бэ? Таныг хүүхэд байхдаа тааруу сурдаг байсан л гэж сонссон.
-Би тийм ч мундаг сурдаг хүүхэд байгаагүй ээ. Би маш их оролдлоготой хүүхэд байсан байхгүй юу. Багш нар маань миний тэр уйгагүй оролдлогыг үнэлж гурав тавимаар байсан ч дөрөв тавьдаг байсан. Би онц сурдаггүй ч гэсэн авъяастай хүүхэд байсан. Багш нар маань намайг тас тас инээсэн сэргэлэн хүүхэд байсан гэж хэлдэг. Би болохоор өөрийгөө их даруухан охин байсан гэж боддог. Арван жилд байхдаа би дуучин болно гэж боддоггүй байсан. Харин сэтгүүлч болохсон гэж хүсдэг байсан. Эсвэл жүжигчин. Гэхдээ хүүхдийн хүсэл мөрөөдөл байнга өөрчлөгдөж байдаг шүү дээ.
-Уралдаант шалгалтад та ямар хуваарь дээр өрсөлдөж байсан бэ?
-Яг аравдугаар анги төгсөхдөө би сэтгүүлчийн ангид орохыг хүсч байсан ч би чадаагүй л дээ. Тэгээд драмын театрт очиж шалгуулж байсан юм.
-Тэгээд?
-Тэнцээгүй. Тэр үед манай энэ Л.Өлзийхүү, И.Одончимэг, С.Энхтуул эд нар шалгалт өгч байсан. Бүгд гоё жүжигчин болсон л доо. Намайг дуучин болох ёстой гэсэн энэ зас руу хөтөлж оруулсан хүн бол манай аав. Миний охин дуучин бол. Чи чадна. Авъяасаа л хөгжүүлэх ёстой гэдэг байсан.
-Л.Галмандах багшийн тань нөлөө их үүрэгтэй байсан юм болов уу гэж бодож байсан?
-Тэр бол мэдээж. Яг дуучны мэргэжлийн сонгоход нөлөө үзүүлсэн гэж би хэлж байгаа юм. Галаа багш бол миний хүүхэд ахуй насанд авъяасыг маань нээж, дуунд дурлуулж өгсөн хүн бол яах аргагүй мөн.
-Анхны дуу тань яг юу байсан юм бэ?
-Хүмүүс “16 нас”-ыг гээд байдаг юм. Анхны дуу маань “16 нас” биш л дээ. Тэрнээс өмнө би “Нарны дуулал” хамтлагт олон дуу дуулж байсан. Олон түмэнд танил болгосон анхны дуу маань бол “16 нас”. Миний хамгийн анх дуулж сурсан дуу бол “Машина временна” гэдэг хамтлагийн “Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрдөг” гэдэг дуу байсан юм. Би энэ дууг гитартай анх дуулж, тэр үед намайг манай сургууль дээр аягүй олон хүүхдүүд таньдаг болж байлаа.
-Та “Би чамд хайртай” киноны анхны хайрын дууг дуулсан. Гэхдээ яг кинонд нь өөр хүн дуулсан. Тухайн үед үнэхээр хит болж байсан дуу шүү дээ?
-Кинонд нь манай Оюун-Эрдэнэ дуулсан. Дуулаад тун удаагүй байхад нь би “Соёл-Эрдэнэ” хамтлагт дагалдан дуучнаар орсон. “Соёл-Эрдэнэ” анхны хайрын дууны хөгжмийг төглөж байсан. Тэгээд би анхны хайрын дууг дуулах болсон. Тэр зөвшөөрлийн Н.Жанцанноров гуай авторын хувьд надад өөрөө өгч дуулуулж байсан. Надад ирж байсан том том зөвшөөрлүүдийн нэг нь энэ байх.
-Ингэхэд Болгарын консерватурт та ямар шалгуураар явсан юм бэ?
-Яг шалгалтыг нь өгөөд явсан. Олон хүүхэд шалгуулсан. “Соёл-Эрдэнэ” хамтлагт ороод жилийн дараа би Болгарын хөгжмийн консурватурт явж байсан. Тэр том сургуульд зургаан жил суралцсан даа. Төгсөөд Югославт нэг жил дуулсан. Уг нь би Италийг мөрөөдөж байсан. Даанч виз нь бүтээгүй юм.
-“Би чамд хайртай” киноны дууш Болгарт нэг баян хүн шөнөжин дуулуулж байсан гэдэг. Та мөнгө олох гэж бааранд дуулж байсан юм уу, ур чадвараа хөгжүүлэх дасгал болгож дуулдаг байсан юм уу?
-Аль аль нь байсан. Тухайн үед бидний амьдрал ч бас тийм сайхан байгаагүй шүү дээ. Ээж аавынхаа явуулсан мөнгөөр, оюутныхаа багавтархан стипентээр л амьдардаг байсан. Яахав бага сага жижигхэн наймаа хийнээ (инээв). Миний хувьд энэ маягаар удаан амьдраагүй л дээ. Наймаанд чинь бас их авъяас хэрэгтэй. Хичээлийн хажуугаар амжихгүй байсан. Аз болж миний мэргэжлийн багш сайн хүн байсан. Багшийнхаа ачаар Болгарын нэг хамтлагтай танилцлаа. Тэгээд зуныхаа амралтаар би Югославт гэрээгээр ажиллахаар явсан юм. Тэр үед тохиолдсон явдал л даа. Нэг оройн турш би тэр хүний өмнө анхны хайрын дуугаа дуулсан. Ганцхан тэр хүний өмнө л дуулна. Яг тийм түвшний шөнийн клубын хөгжил манайд одоо хараахан орж ирээгүй байгаа л даа. Нэг Югослав, нэг Болгар дуучин бид гурав гэрээгээр ажиллаж байсан юм. Тэгээд тэр монгол дуучных нь тэр дууг сонсмоор байна гээд л захиалгаа өгнө. Зарчим нь тодорхой, гэрээ нь тодорхой.
-Хэл соёл нь тэс өөр хүний анхны хайрын дуугаа тэр олон цаг дуулахдаа сэтгэлдээ юу харж дуулах вэ?
-Монголоо л харж дуулна шүү дээ.
-Тийм үү. Анхны хайрын дууг өөр шалтгаанаар дуулсан гэж сонсч байсан юм байна?
-Ямар?
-Анхны хайраас болж сэтгэлдээ хөнгөн шарх аваад, тэрийгээ анагаах гэж тэр дууг дуулсан гэж?
-Магадгүй. Гэхдээ сэтгэлийг цаг хугацаа л эмчилдэг шүү дээ. Тэр цаг хугацаа Югославт өнгөрсөн байж ч болох юм.
-Тэр анхны хайрын эзэн одоо харамсдаг болов уу. Та ер нь уулзсан уу?
-Үгүй ээ. Би уулзаагүй маш олон жил болж байна. Харамсдаг эсэхийг би мэдэхүй.
-Болгариас ирээд та гайхалтай шаргуу ажилласан. Нэг их удалгүй рок попын хаалгыг цөм өшиглөөд ороод ирсэн. Харин одоо та яг ямар шатан дээр зогч байсан гэж хэлэх вэ?
-Би өөрийнхөө хүсч мөрөөдөж, хийнэ гэж төлөвлөж байсан тоглолтуудынхаа хагасыг нь хийчихсэн гэж бодож байгаа. Бас би мэргэжлийн дуучин хүний түвшинд ажиллаж, амьдарч чадаж байгаа гэж бодож байна. Би Ариунаагийн гэж орон зайг бий болгож чадсан. Үүний тулд би хатуу зарчим, хатуу хариуцлага тээж амьдарч ирсэн шүү. Хүмүүс үгүйсгэхгүй байх. Би маш их хөдөлмөр, хөлс хүч, он жилүүдээр бүтсэн үнэ цэнэтэй шатан дээр зогсч байгаа л гэж хэлнэ.
-Улаанбаатарт тантай учирсан хамгийн анхны дуу юу байлаа. Мэдээж мэргэжлийн дуучин болоод ирсний дараа шүү дээ?
-Ирээд дуулсан хамгийн анхны дуу маань “Амласан хайр”. Үнэхээр янзтай дуу. Тухайн үед намайг мэргэжлийн дуучны маань хувьд бас нээж өгсөн дуу шүү дээ.маш хүнд дуу. Одоо би тэр дуугаа яг тэрэн шигээ дуулж чадах болов уу, яах бол. Их дээгүүр дуулагддаг, их өргөн цар хүрээтэй дуу.
-Амласнаа мартаж өрөөлийг хайрласан… гээд л. Үг нь ч гоё?
-Үнэхээр гоё. Бас л анхны хайрын тухай дуу шүү дээ.
-Бас “Талын цэцэг” гэж нэг дуу байдаг. Таны эрос имиж зүүхийн өмнөх түрлэг болсон дуу?
-“Талын цэцэг”, “Утасны чинь дугаар”, “Чамайг баяртай гэж хэлж чадахгүй”, “Хайрыг минь чи сонс” дуунууд бол миний “Эрос1” цомогт орсон дуунууд. “Эрос1” цомгийн бүх дуу хүмүүст хүрсэн. Тухайн үед гайхамшигтай амжилт авчирсан.
-“Эрос1” цомог гараад л таныг бөөн дуулиан тойрох болсон. Ариунаа дотоожгүй тайзан дээр гарлаа, Ариунаа таалагдсан залуутайгаа хаа ч секё хийж чадна гэж мэдэгдлээ гээд л. Энэ цомгийн арын амьдралд яг юу юу болж байсан нь сонин?
-“Эрос1” тоглолтыг аав маань яг ивээн тэтгэж өгсөн юм шүү. Цомгийг гарахад бас “Монре импекс”-ын У.Уламбаяр агсан тусалж байсан. Тоглолтыг тавихад эдийн засгийн гол хөшүүрэг нь аав маань байсан. Ажиллаж байсан компани нь хувьчлалд ороод нэг их удаагүй байлаа. Ер нь өөртөө байсан бараг сүүлийнхээ мөнгийг надад өгсөн юм шиг одоо бодогддог юм.
-Мэдээж охиноо мэргэжлийн том дуучин болж ирээд тоглолтоо тавьж байхад аав тань их баярлаж байсан байх?
-Тэгэлгүй яах юм бэ. Бөөн баяр болж байсан.
-Гэхдээ дуулж байсан дуунуудыг тань яаж хүлээж авч байсан бол?
-(инээв) Би өөрөө их нээлттэй хүн. Хийнэ л гэсэн юмаа аавдаа хэлж байсан. Аав маань нэг их юм хэлээгүй. Гэхдээ би тухайн үед аймаар нүцгэлж барьж байсан ч юм уу, тийм айхтар хурц алхмууд бас хийж байгаагүй шүү дээ.
-Ер нь та нүцгэлж байгаагүй л дээ?
-Харин тийм.
-Таны бие тийм их дутагдалтай юм уу. Эрос дуучны хувьд байх л алхам шүү дээ?
-Нүцгэлэх нь тийм чухал юм уу, дуулах нь чухал юм уу, ингэхэд.
-Та Монголын рок попд эрх чөлөө авчирсан. Эротик дуунуудыг анх дуулж байсан. Тэр битгий хэл төрсөн өдрийнхөө баяр дээр эр бэлэг эрхтэн хэлбэртэй бялуу хүртэл хүлээж авч байсан. Бас тайзан дээр хамгийн анх унтлагын ор засч байсан. Эдгээр алхмуудын дотор нүцгэлэх л байгаагүй?
-Намайг эрос гэж нэг хэсэг нэрлэж байсан. Миний цомгийн тэр нэрийг тоглолтон дээр хамтарч ажиллаж байсан найруулагч маань л өгсөн шүү дээ. Тэрүүгээр маань намайг нэрлээд явчихсан болохоос би тайзан дээр тийм ил завгай хувцаслаж байгаагүй шүү дээ. Эрх чөлөөтэй, ил задгай хувцаслалтаар би ерөөсөө үзэгчдийг татах гэж оролдож байгаагүй. Миний хийсэн уран бүтээлээр маань л үзэгчид намайг хүлээж авч байсан.
-Одоо тэр үеэсээ ингэтэл болгоомжлох хэрэг байгаа юм уу. Яагаад та ингэж яриад байгаа юм бэ?
-Одоо үзэгчдийн өмнө нүцгэлэх тийм сонирхолтой биш байх гэж би бодож байна. Анхнаасаа би тийм задгай байгаагүй учраас.
-Гэхдээ та дотоожгүй тайзан дээр гарч л байсан шүү дээ. Тийм нэг кадр байдаг биз дээ?
-Тэр чинь нэг сэтгүүлч намайг дотоожгүй болгоод харчихсан явдал даа. Дотоожгүй юм шиг харагдчихсан л кадр. Би их богинохон мини юбкатай гарч байсан. Одоогийн залуучуудын шийдлийн дэргэд бол миний тэр үеийн хувцаслалт хамгийн энгийн л байсан байдаг байхгүй юу?
-Моданна эд нар бол бараг нүцгэн гарч ирж л байсан. Та юу нь болохгүй гэж. Өмнө нь буудлагын тамирчин эмэгтэйн хагас нүцгэлсэн зураг тавигдсан байсан. Та энэ ярилцлаганд зориулж ямар зурагнууд авахуулсан бэ?
-Би өөртөө л зохидон хувцаснуудаа өмсч зурагаа авахуулсан. Аль болохоор өөрийнхөө гоё талыг харуулах юмсан, гоё эмэгтэйлэг харагдах юмсан гэж хичээсэн. Миний өмнө нь авахуулж байсан зурагнуудаас ялгаатай зурагнууд болсон гэж би бодож байна. нүцгэн авахуулахаас би айхгүй л дээ. Яагаад болохгүй гэж.

-Одоо оройтсон байлгүй дээ?
-Яагаад оройтсон гэж. Би одоо ч гос харагдаж байгаа биз дээ. Та яагаад тэгж хэлж байгаа юм бэ. Аягүй сонин юмаа. Эмэгтэй хүний хамгийн гоё нас бол 40 нас. 40 насыг яагаад хөгшин нас гэж яриад байгааг би ерөөсөө ойлгодоггүй. Би үүнтэй ерөөсөө эвлэрдэггүй. Харин бид одоо илүү тэмцэх ёстой. Би дпуучин болсон цагаасаа эхлээд л таргалалттай тэмцсэн. Намайг жаахан л таргалахад Ариунаа жирэмсэн байна гээд хэвлэлээр шуугиад эхэлдэг. Тэгэхээр нь би за, үзэгчид намайг тарган байна гэж харж байна гээд л илүү их өөртөө анхаарал тавьж эхэлдэг. Их ч эмзэг хүлээж авдаг. Би өөрийн бие даасан тоглолт дээрээ хэзээ ч 10 кг таргалчихаад ч юм уу, гарч байгаагүй. Тоглолт болгон дээрээ л би формтой байдаг.
-Одоо та хэдэн кг хассан байгаа вэ?
-Би хагас жилийн дотор 6 кг 500 гр хаслаа. Гэхдээ бусдын адил эм ууж тураагүй. Бусдын адил би ямар нэг хүч хэрэглэсэнгүй. Мэс заслын аргаар ч юм уу. Би дасгал сургуулилт яаж хийх ёстой тэр зарчмаар явсан. Мэдээж хэрэг хоолон дээрээ анхаарсан.
-Мэс засал гэснээс энэ тал дээр харин ч та зоригтой алхам хийсэн дуучин шүү дээ. Та хуучин төрхөө эрс өөрчилсөн. Та нүдэндээ, хамартаа, хөхөндөө гээд олон удаа “гар хүрсэн” биз дээ?
-Уучлаарай, би хөхөндөө мэс засал хийлгээгүй. Нүдэндээ элдэв давхраа эн тэр оёулаагүй. Та гүтгэж байна. хамартаа бол хийлгэсэн.
-Харин тийм танаас болоод баахан хиймэл хамартай хүүхнүүд гараад ирсэн шүү дээ. Үнэндээ бол таны хуучин хамар таалагддаг байсан. Хамрын үзүүр тань сэртэгнээд ямар нэг юмыг илэрхийлж харагддаг байсан ч юм шиг. Та тийм их сэтгэл дундуур байсан юм уу?
-Сэтгэл дундуур байгаагүй. Зүгээр өөрчилмөөр санагдаад л өөрчилчихсөн. Гэхдээ энэ шийдвэр маань ч бас алдаа болоогүй. Надад таалагддаг.
-Тийм шүү. Та гоё харагдаж байна?
-Өөрөөр бол би юугаа ч өөрчлөөгүй шүү. Өнөөдрийн байгаа төрхөндөө би сэтгэл хангалуун байгаа.
-Урлагийн хүний амьдрал бол цаг хугацааны сүүдрээс өрсөж хурдалсаар таардаг. Зарим талаар энэ тавилан нь тэднийг их ядрааж байгаа харагддаг. Таныг ч гэсэн?
-Зарим хүмүүс уран бүтээлээ ял юм шиг зүдэрч хийж байгаа харагддаг. Ажлаа ял юм шиг хийж болохгүй шүү дээ. Би тэгдэггүй. Сэтгэл санааны хувьд дарамт юм уу, хөгшрөлт ч юм уу би ажлаасаа авдаггүй. Уран бүтээлийнхээ орчинд маш зөв орон зай, зөв агаарыг бүрдүүлж ажиллаж ирсэн болохоор надад тийм хүчтэй ядралт ирж байгаагүй ээ.
-Зарих эмэгтэйчүүдийг хорвоогийн жамтай улайн цайм үзэлцэж байгааг нь хараад өөрийн эрхгүй өмнөөс нь ядардаг юм. Гар, хүзүүн дээр нь тодорхой хувирал явагдчихсан, тэр нь нүдний өмнө ил байгаад байхад нүүрээ л татаад байдаг. Танаас ийм түвшний сэтгэл зүйн хямралын талаар л асуугаад байна л даа?
-Яг миний үзэл бодол энэ тал дээр ямар болохыг би хэлье л дээ. Бид гадаад дүр төрхийн хойноос хөөцөлдөж байна. дотоод сэтгэлдээ байгаа хямралтай л тэмцэх ёстой шүү дээ. Хориод настай байхдаа бид зөвхөн гадаад төрхийн хойноос л явдаг байлаа. Гэтэл хичнээн дэмий юмны хойноос гүйж байж вэ. Залуучууд юу ч болоогүй байхад арь хөрсөөрөө оролдож байна. Би харамсдаг. Одоо ч би нүүр амандаа хүрээгүй байна. аоьс энэ тэрээ чангаах оролдлого хийгээгүй. Бид дотоод сэтгэлтэйгээ л тэмцэх хэрэгтэй. Үүнийг л ойлгоё, тэгэх үү.
-Та залуу, цоглог имижээ тогтвортой хадгалж байна. Танд баяр хүргэх ёстой. Гэхдээ бодит байдал дээр та 10 жилийн өмнөх шигээ бүжиглэж чадахаа больсон биз дээ?
-Үгүй шүү. Би харин ч илүү бүжгэлдэг болсон. Залуу насандаа би өөртөө байгаа сэтгэлийн хөөрлөөр бүжиглэдэг байсан байхгүй юу. Сүүлийн гурван жил би балетаар хичээллэж байна. одоо л би бүжигчин хүний мэдрэмж ямар байх ёстойг авч эхэлж байгаа. Одооны тоглох тоглолт дээр надаас огт өөр ертөнцтэй бүжиглэлт гарна. Би өөрийгөө одоогоос дөрөв таван жилийн өмнө бүжиглэж байсан гэж хэлэхгүй ээ. Одоо л би бүжгийн урлагийн гайхамшигийг ойлгосон. Одоо л би харин жинхэнэ бүжиглэмээр байна.
-Ариунаа бол тасралтгүй дуулиан шуугиан дунд амьдарсан дуучин. Одоо ч хэвлэлийн баатар хэвээрэ. Эргээд бодоход хамгийн гүн шарх авч байсан тохиолдол хэзээ вэ?
-Үнэхээр их эмзэглүүлж байсан тохиолдол олон л доо. Жишээ нь намайг гэр бүлийн амьдарлаа эхэлтэл юу босч ирж байлаа. Ямар их дуулиан хэвлэлүүдээр явлаа.
-Айлын аав хулгайлсан гээд л үү?
-Айлын аав хулгайллаа л гэсэн. Энэ Ариунаа чинь хятадын шээс юм гэнэ лээ гэж хүртэл бичсэн. Хөөрхий ээж маань тухайн үед их эмзэглэсэн. Над руу уйлж ярьж байсан. Миний муу охиныг Хятадын эрлийз гээд биччихсэн байх юм. Яах аргагүй Төмөрийн л охин юмсан гэж байж билээ. Энэ хамгийн том шрх байсан. Бусдыг нь бол би даваад л гарсан шүү дээ.
-Алдартай дуучин эмэгтэй хөдөөний хэний ч танихгүй бизнесмэнийг сонгож дуулиан дэгдээсэн. Нөгөө талдаа харин тантай учирснаараа Буяндорж илүү эрсдэл хүлээсэн юм шиг санагддаг?
-Үнэн л дээ. Олны танил эмэгтэйтэй учирснаараа миний нөхөр том дайрлагад өртсөн. Хэрвэ надтай ханилаагүй бол өнөөдөр Буяндоржийг хэн ч ингэж оролдохгүй байсан. Нэг удаа би аргаа бараад чи минь ерөөсөө надаас салвал яасан юм бэ. Чи бас амар тайван, бусдын адил амьдрах эрхтэй шүү дээ гэж хэлсэн.

-Тэгж хэлж яах юм бэ. Яваад өгвөл яах юм. Алдаатай үг юм биш үү?
-Алдаатай үг биш. Миний ханиа өмөөрч, аргадаж, тайтгаруулж байгаагаа илэрхийлсэн л хэрэг. Миний энэ сэтгэлээс хань минь сайхан итгэл, сэтгэлийн жаргал олж авна шүү дээ. Бие биедээ хэрэгтэй үед нь сэтгэлзүйн ийм бэлгийг өгдөг байх хэрэгтэй. Амьдрал улам л гоё болно шүү дээ.
-Тийм ээ, маш гоё санагдаж байна. Нөгөө талаас нь харвал таны амжилтад түүний тавьж өгсөн найдвартай ар тал бас бий шүү дээ. Эдийн засгийн болоод сэтгэл зүрхний?
-Тэгэлгүй яахав. Хүмүүс Буяндорж эхнэртээ туслах нь үүрэг нь шүү дээ гэх байх. Гэтэл нөгөө талаас миний ханийн маань Монголын урлагт оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт шүү дээ. Бид тоглолтод оролцож байгаа олон уран бүтээлчдийг цалинжуулахаас өгсүүлээд асар их ажил байдаг.

-Таныг бас залуудаа хангалттай зугаалж чадаагүй эмэгтэй гэж боддог юм?
-Үнэн. Дөнгөж 24 настай сургууль төгч ирээд рок попын өрсөлдөөн рүү ханцуй шамлаад л орсон. Урлагийн ертөнцийн өрсөлдөөн бол маш хатуу ширүүн. Надад бусдад цаг зав зориулж явах хугацаа байгаагүй.
-Та ер нь хэр олон дурласан бэ?
-Мэдэхгүй, надад ямар нэгэн нарийн бүртгэсэн хар дэвтэр ч юм уу, тийм статистик алга. Дурлалд ер нь статистик зохиодог юмуу. Нэг гоё залуу зөрөөд өнгөрөхөд энэ яасан аятайхан залуу вэ гэсэн гэгээхэн мэдрэмж төрдөг дөө. Тэгээд тэрийгээ хэд хоног сэтгэлдээ хадгалаад л. Мэдээж тэгж байснаа мартчихна. Залуу нас тийм л байдаг биз дээ. Тэгэхээр надад ямар нэгэн тоо алга. Гэхдээ тийм олон биш байх аа. Би хүүхэд байхдаа анхны хайртай учирч байсан. Тэгээд л Буяатайгаа учирсан.
-Та бас Буяндоржтой учраад хойд ээж болсон. Хойд ээж гэдэг үг танд таалагдахгүй байх л даа. Гэхдээ хэр ухаалаг хойд ээж юм бол?
-Би өөрийгөө одоо ухаарч байгаа ээж л гэж хэлнэ. Дөнгөж хүүгээ төрүүлчихээд удаагүй хоёр нас хүрч байхад л манай Алдраа ирсэн шүү дээ. Сэтгэлзүйн хувьд би огт бэлтгэлгүй байсан. Дөнгөж эх хүн болж ядаж байтал хүүдээ өгсөн хайраа хуваах шаардлага гараад ирсэн. Үнэндээ би юугаа ч мэдэхгүй байсан л даа. Одоо л би хоёр хүүтэйгээ яаж харьцах ёстой, ямар үед нь юу хэлэх ёстой, яаж тэднийгээ хоёргүй сэтгэлээр хайрлах ёстой тэр бүх ухааныг олж байна. Тэгэхээр би тааруу ээж биш байх. Бид нэг гэр бүл болж чадсан. Би хоёр сайхан хүүтэй, тэднийгээ эрдэмтэй номтой, сайхан сэтгэлтэй хүн болгохын төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа Монголын ээжүүдийн л нэг. Надад хойд ээж гэдэг үг таалагдахгүй байна.

-Таны “Чимээгүй ухаарал” дууг сонсоод нэг өөрчлөлт мэдэрлээ. Одоо л таны зүрх сэтгэл гүйцэж, дуунаас тань жинхэнэ хайр, харуусал, амьдрал ханхалж эхэлж байх шиг. Урд нь хэлбр, хэмнэл л түлхүү зонхилж иржээ?
-“Чимээгүй ухаарал”, “Харуусал харамсал”, “Нандин учрал” бүгд сайн дуунууд. Урьд нь ч би сэтгэлээсээ дуулж байсан.
-Худлаа л даа. “Нарны хаан хүүхэд” энэ тэр гээд дэмий дуунууд дуулсан шүү дээ?
-Яагаад дэмий гэж. Хүүхдийн ертөнцөд тэр дуу ямар том нөлөөлө авчирсныг та яагаад үгүйсгэж байгаа юм бэ. Тэр дууны дараа хүүхдүүдэд “за” гэж бид хэлж эхэлсэн биш үү. Тэр дууны нөлөөгөөр энд тэнд хөдөлгөөн орж, нөгөө траншейнд байсан хүүхдүүдээ бид санаж эхэлсэн биш билүү. Дуучин хүн бол бас л өөрийн үзэл санааг уран бүтээлээрээ илэрхийлж, түүгээрээ нийгэмд өөрсдийн үүргийг биелүүлж явдаг хүмүүс гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Та ер нь шавьтай юу. Энэ талаараа та жаахан атгаг хүн юм шиг санагддаг?
-Уучлаарай, би хүний хүүхэдтэй ажиллах хэмжээнд хүрээгүй байж болно шүү дээ. Лекц уншаад сууж байдаг нас ч болоогүй байна. Хүний хүүхдээр хариуцлагагүй тоглох эрх надад байхгүй. Селин Дионы шавь гэж байдаг юм уу. Мадоннагийн шавь гэж би л дуулаагүй. Хүн болгон өөрийн хувь тавилангийнхаа эзэн нь шүү дээ.
-Тийм шүү. За ингээд бидний цаг дуусч байна. асуултууд маань зарим үед харгис ч байсан байж магадгүй. Тийм бол уучлаарай. Танд амжилт хүсье. Дандаа ийм цоглог байгаарай. Бид таны энэ чанарт дуртай шүү?
-Баярлалаа. Хэцүү, хатуу асуултуудаар л бөмбөгдүүллээ дээ. Танд ч бас амжилт хүсье.

Дуучин Т.Ариунаатай ярилцлагын ширээний хоёр талд олонтаа сууж явлаа. Тэр бол одуудын дотроос хамгийн хаалттайд орох хүний нэг. Гаднаасаа хамгийн их дуулиан шуугиан дунд яваа харагдавч дотоод ертөнцийнхөө нууцыг хав дараастай л байдаг. Харин энэ удаа түүнийг ороосон давхар давхар “хальс”-наас хуулж хаях гэж багагүй оролдлоо. Эмэгтэй хүний сэтгэл бол тэр чигээрээ далайн гүний ёроол гэсэн гайхамшигтай үг байдаг. Тийм ээ, далайн гүний ёроол. Тэнд байгаа нууц нь хорхой хүрмээр чамин, басхүү эмзэг, чихний ээмэг шиг нандин…

Сэтгүүлч Б.Ганчимэг. UPTOWN сэтгүүл.


URL:

Сэтгэгдэл бичих