ДАРТСЫН ТАМИРЧИД ХОНКОНГИЙГ ЗОРИВ

50da531c71e6dcd8fc3af865cc95865e08cd9328Азийн Дартсын Холбооноос 10 дахь жилдээ зохион байгуулж буй олон улсын тэмцээн энэ сарын 28-30-нд ХонгКонгд болно. Уг тэмцээнд Монголын Дартс Сонирхогчдын Холбооны 8 тамирчин оролцоно.

Тэмцээнд Монголын Дартс Сонирхогчдын Холбооны тамирчин Х.Одхүү, Ш.Ган-Эрдэнэ, Б.Биндэръяа, М.Эрдэнэ, Д.Эрдэнэчимэг, Ш.Эрдэнэтуяа, Ө.Жаргалсайхан, Х.Сайнбаяр нарын бүрэлдэхүүнтэй баг онч мэргээ сорих юм. Тэмцээнд оролцох тамирчид өнгөрсөн оны УАШТ-нд өндөр амжилт үзүүлсэн, 2012 оноос хойшхи тэмцээнд удаа дараа байр эзэлсэн шилдэг, туршлагатай тамирчид аж. “Монголчууд дартсын спортыг хөгжүүлээд 20 жил болжээ. Энэ хугацаанд бид олон төрлийн тэмцээн зохион байгуулж сонирхогчид идэвхтэй оролцож ирсэн  хэдий ч манай холбооны талаар иргэдийн дунд мэдээлэл тун хомс байдаг. Харин энэ жилээс бидний амжилт нэмэгдэхийн хэрээр ивээн тэтгэх байгууллагууд ч гарч ирлээ. Энэ нь Монголд дартсын спорт хөгжиж байгаагийн илрэл юм” хэмээн Монголын Дартс Сонирхогчдын Холбооны тэргүүн М.Эрдэнэ хэллээ.
Тамирчид олон улсын  тэмцээнд оролцсоноор өөрсдийн ур чадварыг бусад улс орны тамирчидтай харьцуулах, туршлага хуримтлуулах, өөрсдийн нэр хүндийг өсгөх, тэмцээний дадлага туршлага хуримтлуулах боломж бүрдэх юм.
Мөн уг холбооны тамирчид ирэх сарын 5-нд Макаод болох Дэлхийн Уян Дартсын Холбооноос зохион байгуулж буй тэмцээнд улсаа төлөөлөн оролцох аж.

А.Цолмон


URL:

Сэтгэгдэл бичих