Ажлын байр, амины сууцны төсөв зохиох, барих аргачлал

ChinboldЭнэхүү зөвлөгөөг мэргэжлийн инженерүүдийн баг, гэр хороололд амьдарч буй иргэдийн байшин, сууцаа барьж байгаа байдалтай танилцаж, үнэлгээ хийсэн судалгаан дээрээ үндэслэн бичсэн бөгөөд жижиг сууцны байшинг хэрхэн зөв барих арга технологиуд, түүнчлэн барилгын зардлыг хэрхэн тооцох, барилгын материалаа хэрхэн зөв сонгох зэрэг сэдвүүд энд агуулагдаж байна.

Зөвлөмжинд гэр хороололд нийтлэг баригдаж байгаа тоосгон өнгөлгөөтэй палкан байшинг жишээ болгон авч, барилгыг төсөвлөх, барих, ажлын хэмжээг тодорхойлох, өртөг зардлыг тооцох ажлуудыг дэлгэрэнгүй тайлбарлах болно.Гэхдээ энэхүү зөвлөмж нь аль ч төрлийн жижиг сууцны байшин барихад шаардлагатай мэдээллүүдийг агуулсан болно.

1. Байшингаа хэрхэн төсөвлөх вэ?
Байшин барина гэдэг бол амархан ажил биш юм. Та барих байшингаа хэдий чинээ зөв, нарийн тооцоолж чадна, төдий чинээ амжилттай байх болно. Та шинэ байшин барья гэж бодож байгаа бол дараах зүйлст анхаарлаа хандуулах хэрэгтэй.

1.1 Ямар байшин барихаа шийдэх
Юуны өмнө ямар байшин барихаа шийдэх хэрэгтэй юм. Байшин барья гэж бодож байгаа хүн бусдын барьсан байшингуудыг судлах нь зүйтэй. Барих байшингийнхаа зургийг сайхан муухай гэлтгүй, бас гараараа ч хамаагүй зурах хэрэгтэй. Жижиг гэлтгүй бүхий л санааг цаасан дээр жагсааж бичих нь чухал. Байшин барихад ерөнхий шаардлагууд гэж бий. Эдгээрийг хамгийн эхэнд гаргах нь маш чухал юм. Үүнд: давхрын тоо, өрөөний тоо, ханын бүтэц, шалны бүтэц, хучилтын бүтэц, ямар дээвэртэй байх, мансардтай эсэх, орох хаалгандаа довжоо, тавцан, асрын алийг нь сонгох вэ, автомашины гарааш байх уу гэх мэт олон асуудлыг тодруулна. Ийнхүү ерөнхий жагсаалт бэлэн болсон бол өрөөнүүдийн зохион байгуулалтыг шийдэх хэрэгтэй.

Та байшингаа төсөвлөх, өрөөний зохион байгуулалтаа хийхдээ орон сууцны барилгын зураг төсөл зохиоход баримталдаг барилгын норм дүрэм БНбД 31-01-01-ийн доорх заалтуудыг харгалзаж үзээрэй. Үүнд:

• Нар тогтмол тусах өрөөний хэмжээг 1-3 өрөө сууцанд нэг өрөөтэй тэнцэхээр тооцож төлөвлөнө. Бүх төрлийн орон сууцны барилгын сууцны өрөө, гал тогооны өрөөнд байгалийн гэрэл тусах цонхны нүхний талбайн доод хязгаар тухайн өрөөний шалны нийт талбайн 1:8-аас багагүй байх ёстой. Харин адрын давхрын цонхны нүхний талбай 1:10 байхыг зөвшөөрнө.

• Шатны нэг өгсүүрийн (марш буюу амрах тавцангуудын хооронд байх шатны хэсэг) гишгүүрийн тоо 3-аас багагүй, 18-аас ихгүй байна. 18-аас их бол шатаар өгсөхөд шаардлагатай амрах талбай хэт хол болчихно. Гишгүүрийн өргөн 25 см-ээс багагүй, өндөр нь 15 см-ээс багагүй ба 18-ээс ихгүй байна. Шатны гишгүүр болон талбайд бариултай хашлага байх ёстой.
/Үргэлжлэл бий/
Ч. Чинболд


URL:

Сэтгэгдэл бичих