НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэнг авлига авсан хэрэгт сэжиглэж байна

39724-МХЕГ-ЫН ДАРГА Д.БАТМӨНХ БГД-ИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.ГАНХҮҮ НАР ШӨНИЙН КЛУБТ, ЭЗЭНТЭЙ НЬ ЗОДОЛДСОН ДҮРС БИЧЛЭГ ХУУЛИЙНХАНД ОЛДЖЭЭ-

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар  гэж том байгууллага бий. Уул уур­хай, барилга, зам харилцаа, аж ахуй нэгж үйлдвэрлэл, тэр ч бүү хэл хувиараа бизнес эрх­лэгчдэд хүртэл хя­налт тавьдаг учир ал­бан хаагчид нь эрх мэд­лийн хувьд том. Аль нэг аж ахуйн нэгж, байгууллагад акт тогтоож, тус­гай зөвшөөрлийг нь түдгэлзүүлж, хаана, тор­гоно гэдэг өөрөө хэн нэгний ашиг сонирхлыг хөндөж байдаг тул  мэргэжлийн хяналтын байцаагч нар ашиг сонирхолд  автах нь их. Гэвч сүүлийн үед мэргэжлээ далимдуулан  иргэд, бизнесийнхнийг  дарамтлах болсон гэх мэдээлэл гарах болж, энэ салбараас авлига хээл хахууль авсан, өгсөн гэх яриа  салахгүй байх шиг. Саяхан Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын  хэлтсийн дарга Д.Ганхүү бусдаас авлига авахыг оролдсон, бусдаас их хэмжээний мөнгө нэхсэн гэдэг зүйлчлэлээр үйлдэл дээрээ баригдаад “Ганц худаг”-т хоригдчихлоо. Түүний араас Авлигатай тэм­цэх газрынхны овоо хараанд өртсөн нэг хүн нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга болох С.Да­ваасүрэн. Тэдэнд хол­богдох хэргийн талаар энэ удаагийнхаа “Эх сурвалжийн мөрөөр үнэнийг хайсан нь” буландаа онцолж байна.

ДЭД ДАРГА ЗӨВЛӨЛИЙН ХУРЛААР 100 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН АКТЫГ НЭЭЛТТЭЙ ОРХИВ

С.Даваасүрэнг сал­барынхан нь МАН-ын гишүүн У.Хүрэлсүхийн хүн гэдгээр нь анддаггүй юм билээ. Хэдий МАН-ын гэх тодотголтой ч энэ салбартаа танил тал хүрээлэл сайтай учир удаан ажиллаж буй хүний нэг. Тэрбээр дэд даргын зөвлөлийг ахалдаг. Энэ зөвлөлөөр  хяналт шалгалт хийсэн байцаагч нарын материалыг оруулж танилцуулдаг гэнэ. Танилцуулаад зохих ёсны арга хэмжээг авдаг учир  энэ зөвлөлийн хурал улсын байцаагч нарын гаргасан шийдвэр, ажилд голлох үүрэг гүйцэтгэдэг.  Гэтэл тэрбээр  тус газрын дэд даргаар сонгогдоод албан тушаалаа ашиглан хууль бус үйлдэл хийс­нийг Мэргэжлийн хянал­тын улсын бай­цаагч нар ерөнхий газ­рын удирдлагадаа дуул­гажээ.

Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Тамгын газар, Засаг даргын нөөц сан, Иргэдийн хурлын санхүүд Мажигсүрэн гэх байцаагч шалгалт хийн акт тавьжээ. Шалгалтаар 100 гаруй сая төгрөгийн зөрчил илрүүлсэн байна. Гэтэл тэр актыг нь хэлэлцээд С.Даваасүрэн “нээлттэй орхилоо” хэмээжээ.

Зүй нь бол дотоод жур­мандаа улсын байцаагчийн тавьсан актыг дэд дарга нар өөрчлөх ямар ч эрх зүйн үндэслэл байдаггүй аж. Улсын байцаагчийн тавьсан акт нэг үгээр хэлбэл гарсан цагаасаа хүчин төгөлдөр мөрдөгдөх ёстой.

Харин С.Даваасүрэн дэд дарга “нээлттэй орхилоо” хэмээгээд түдгэлзүүлчихжээ. Энэ акт нь 2013 оны зургадугаар сарын 18-ны өдөр  зөвлөлийн хурлаар орсон байна.

АЛБАН ТУШААЛАА АШИГЛАН ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТ ҮЙЛДЖЭЭ

Үүний дараа арванхоёр­дугаар сард нь зөвлөлийн хурал хийлгүйгээр өөрөө гарын үсэг зураад дэд даргын тэмдэглэл гэх зүйлийг хуурамчаар хөтөлж, гарын үсэг зураад “энэ актыг чөлөөллөө” гэсэн хуурамч бичиг үйлджээ.

Уг бичгийг  Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс рүү илгээж байцаагч нартаа “Үүнийг хүчингүй болго” гэсэн үүрэг өгсөн байна. Мөн санхүүгийн тайланд  гаргасан актыг С.Даваасүрэн зөвлөлийнхөө хурлаар оруулж шийдвэрлэх эрхгүй бөгөөд энэ асуудлыг түүнтэй ижил статустай нөгөө дэд дарга  нь шийдвэрлэх эрхтэй байсан аж. С.Даваасүрэнгийн энэ үйлдлийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх дотоод хяналт шалгалтаараа илрүүлж, аудитын шалгалт оруулсан байна. Шалгалтаар түүний хууль бус үйлдэл баримтаар тогтоогдсон тул Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар шилжүүлжээ. Түүний хууль бусаар албан тушаалаа ашигласан дээрх үйлдэл зөвхөн Сүхбаатар дүүрэгт гаргасан санхүүгийн акт бус бөгөөд энэ мэтээр Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдийн Засаг дарга нарын нөөц сан зэрэгт тавьсан актыг ийм байдлаар хүчингүй болгож байсан олон баримт гарч ирсэн байна.

ЗАСАГ ДАРГА НАРААС АКТ ХҮЧИНГҮЙ БОЛГОСНЫХОО ХАРИУД 20 САЯ ТӨГРӨГ АВСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ

Нарийн шалгавал С.Даваасүрэн санхүүгийн хүчингүй болгосон акт тус бүрээсээ өмнөх болон одоогийн зарим Засаг дарга нараас 20 сая төгрөгийн авлига авдаг байсан байж болзошгүй гэх асуудал ч сөхөгдөж буй гэнэ. Албан тушаалаа ашигласан гэх хэргээр түүнийг Авлигатай тэмцэх газрынхан шалгаж эхэлсэн байна. Одоогоор түүний өдүүлсэн хэргийн мөнгөн дүн тодорхойгүй байгаа бөгөөд тэрбумаар тоологдож болзошгүй байгаа аж. Түүнийг өмнөх болон одоогийн зарим Засаг дарга нараас ч авлига авсан гэх мэдээлэл Авлигатай тэмцэх газарт байгаа юм байна. Дэд даргын зөвлөлд нь  дүүргийн мэргэжлийн хяналтын хэлт­сийн дарга нар ордог аж. Мөн түүний хүчингүй болгож байсан актууд нь Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт гаргаж байсан  бусдад хандив туслалцаа өгсөн зориулалтын бусаар хөрөнгө зарцуулсан, дутаасан үйлдүүдэд нь гаргасан санхүүгийн  актууд  голдуу байсан байна. Юутай ч С.Даваасүрэнд холбогдох хэрэг багагүй  албан тушаалтнуудыг араасаа дагуулж болзошгүй байгаа аж. Энэ мэтээр Засаг дарга нартай холбоотой актууд С.Даваасүрэнг шалгах үн­дэслэл болж байгаа бололтой. Нөгөө талаар Авлигатай тэмцэх газар шалгаж буй хэрэг тул хэн гэж Засаг дарга ямар оролцоотой, ямар актууд хүчингүй болгож байсан нь удахгүй тодорхой болох биз ээ. Мэргэжлийн хяналтын байцаагч нартай холбоотой албан тушаалаа ашигласан хэрэг Авлигатай тэмцэх газарт хэд хэд шалгагдаж буйн нэг нь эл хэрэг.

Д.ГАНХҮҮ ЮУНЫ УЧИР БАРИВЧЛАГДАВ

Хэдхэн хоногийн өмнө Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Ганхүүг баривчилсан. Хэвлэл мэдээллээр түүнийг бусдаас хээл хахууль авсан, авахыг завдсан гэх хэрэгт сэжиглэн шалгаж буй гэх мэдээлэл түгж байгаа. Үнэн хэрэгтээ тэрбээр өөрийн  хариуцсан Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг дарамтлан мөнгө нэхсэн гэнэ. Удаа дараа тус аж ахуйн нэгжийг тодорхой хэмжээгээр дарамталж мөнгө авч байсан бөгөөд хамгийн  сүүлд мөнгө өгөхдөө хууль хяналтынханд мэдэгдсэн бололтой юм. Иймд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс саатуулах санал гаргасны дагуу дүүргийн прокурорын II газар, дүүргийн эрүүгийн хэргийн II шүүхийн шүүгчийн захирамжаар Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан аж. Д.Ганхүүг нэр бүхий компанийн эздээс албан тушаалаа ашиглаж хахууль өгөхийг шаардсан гэж буруутгаж байгаа. Баривчлахдаа Баянгол дүүр­гийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн албан өрөөнд нь болон Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг түүний эзэмшлийн хоёр ч объектод нэгжлэг хийн, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болохуйц зүйлсийг хураан авсан байна. Тэр дунд Д.Ганхүү Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнхийн хамт нэгэн клубын эзэнтэй хамт архидаж, хоорондоо зодолдож буй  дүрс бичлэг олджээ. Энэ дүрс бичлэг хуулийнхны анхаарлыг татаад байгаа аж.

Үргэлжлэл бий

 Г.ЯЛГУУН

logo-dailynews


URL:

Сэтгэгдэл бичих