Байгальд ээлтэй жорлонгийн үзэсгэлэн болжээ

1c94d1e5bc0745ed2c40a55d45ef8b3e_LТОКИО. /NHK/. Бохир ус зайлуулах орчин үеийн систем нэвтрээгүй газруудад хэрэглэж болох байгальд ээлтэй жорлонг эрдэмтэд танилцууллаа.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Энэтхэгийн Шинэ Дели хотод “Bill and Melinda Gates” сангийн үзэсгэлэн болжээ.
Тус сангаас ус, эрчим хүчний хамгийн бага хэрэглээтэй жорлонг дахин бүтээх хөтөлбөрийг санхүүжүүлсэн юм.
Дэлхийн хүн амын гуравны нэг буюу хөгжиж буй улсуудын 2,5 тэрбум хүн бохир усны орчин үеийн системд холбогдоогүй байдаг ажээ.
Үзэсгэлэнгийн үеэр дэлхийн өнцөг булан бүрийн их дээд сургууль, компаниуд өөрсдийн бүтээлийг толилууллаа.
Үзэсгэлэнд 16 бүтээл оролцжээ. Хятадын нэг компани нарны зай хураагуурыг ашиглан хүний ялгадсыг задалдаг жорлонг танилцуулсан байна.
Уг жорлон нь хүний ялгадсыг халуун агаартай хоолойгоор дамжуулан хатааж, ялгадаг байна. Мөн бохир усны систем хэрэггүйн дээр гүний усыг бохирдуулдаггүй аж.
Үзэсгэлэнд оролцогчид өөрсдийн бүтээлийг сайжруулан, хөгжиж буй оронд ашиглаж болохуйц бүтээл гаргахаар эрмэлзэж байна.
Технологийн өөрчлөлт шинэчлэлтийг бизнестэй хослуулан, хүний боловсруулаагүй ялгадсаас үүсэх халдварт өвчнийг бууруулна гэдэгтэй тэд найдаж буй аж.
Л.Урангуа МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих