Гудамжны тэмцлээ Төрийн ордонд үргэлжлүүлэхийг хүслээ

Гудамжны тэмцэгчдийг нэрлэ гэвэл уншигч та хэнийг хэлэх вэ?  Ардчиллын аясын салхийг авчирсан хүмүүс бүгд гудамжны тэмцэгч нар байсан.

Харин хожим бол Г.Баасан ажаа, М.Ичинноров бүсгүй, Ж.Батзандан, Л.Магнай нараас эхлээд шар зангиагаар ижилдэн Төрийн ордныг гороолж явсан иргэний нийгмийнхнийг нэрлэх байх. Гэвч эдгээр тэмцэгчид хэдийнэ хэн нэгний халаасны хүн болоод амжжээ. Харин гудамжны тэмцэгч хэвээр үлдэхээр тууштай шийдсэн, үнэнхүү олон түмний эрх ашгийн төлөө хоёргүй сэтгэл өвөрлөсөн гэж өөрсдийгөө “тунхагладаг” хүн цөөн үлджээ. Гэвч тэд гудамжиндаа тэмцээд байхыг хүсэхгүй байна. Олон жил гудамжинд гороолж, суулт зарлаж, буу шийдэм барьж, зарим нь амь насаа алдаж хүртэл үзсэн иргэний нийгмийнхэн тэмцлээ төрийн ордонд шилжүүлэхийг хүсч байна. Тэд эрх мэдлийг гартаа авахын тулд бус эрдэс баялгийн салбарын гажуудлыг арилгахын тулд төр-иргэний нийгэм-уул уурхайн компаниуд гэсэн гурван талт зөвшилцлийг нэвтрүүлэхээр санаа шулуудсан нь энэ юм. Иргэний нийгэм хүчирхэгжсэн улс оронд бол ашигт малтмалын асуудлыг гурван талт хэлэлцээрээр шийддэг байна.

Гэхдээ хэлэлцээний ширээнд суутлаа уртын урт зам туулдаг ажээ. Тэрхүү зам бартаа саад ихтэй гэдгийг иргэний нийгмийнхэн ойлгож байлаа. Гэвч бартааг давах сэтгэлийн тэнхээ дутахгүй гэдгийг ч мөн хэлж байсан юм. “Эрдэс баялгийн салбар дахь тулгамдсан асуудлууд” иргэний нийгмийн байгууллагуудын үндэсний зөвлөлдөх уулзалтыг “Иргэдийн Алъяанс төв”-өөс санаачлан зохион байгуулсан бөгөөд хот хөдөөгийн  30 гаруй төрийн бус байгууллагынхан оролцсон юм. Хамгийн алсаас зорин ирсэн хүн бол “Салхин Сандаг” ТББ-ын тэргүүн Ж.Түдэвдорж байсан юм. Тэрбээр баруун таван аймгийн есөн суманд хүрч ажиллаад иржээ. Хөдөөд байдал үнэхээр хүнд байгаа ажээ. Бэлчээр, бууцаа алдсан малчид хэзээ ч бол тэмцэл тулаан хийхэд бэлэн болсныг тэрбээр дуулгасан. Харамсалтай нь төр засгийнхан тэднийг тайвшруулах нь бүү хэл зовлон жаргалыг нь сонсох ч үгүй байгаагаас малчид цөхрөнгөө барж эхэлжээ. Малаа бэлчээх газар нутаггүй болсон малчид төрсөн буурь бууцаа орхин хот орон бараадах болсноосГовь-Алтай аймгийн Чандмань, Эрдэнэ зэрэг хил хязгаарын сумд эзгүйрч, өвөр зуураа тэмцэлдэхээс ч илүү хохирол учирч мэдэхээр болсныг Ж.Түдэвдорж онцлон сануулсан. Үнэхээр хэн нэгэн зориг гарган бослого тэмцэлд дуудвал Өмнийн говь, Дорнын тал, Хангайн нурууны хаанаас ч дуу нэгдэхэд бэлэн байгаа ч тийн “иргэний дайн” дэгдээхийг хүсэхгүй байгаагаа уулзалтад оролцогчид мэдэгдэж байлаа.

Тийн өвөр зуураа дайтахыг хүлээн суугаа гадаад дотоодын хүмүүс цөөнгүй байгааг үгүйсгэхгүй болсон өнөөгийн нөхцөлд зөвшилцлийн ширээний ард төр засаг, уул уурхайн  компанийн төлөөллийг урьж, гурван талт хэлэлцээрээр асуудлыг шийдэхээр зорьж байгаа юм. Уул уурхайн компаниудын олонх нь гадаадын хөрөнгө оруулалттай бөгөөд тэдний зүрх  Монголын төлөө бус ашгийн төлөө, арвихан хөрөнгөтэй болохын төлөө цохилж байдаг. Гадныхан хамгийн хоцрогдсон техник хэрэгслээр, хамгийн бохир технолоиор эрдэс баялгийг маань цөлмөж байгаа ч мэргэжлийн байгууллагууд нь, төр засгийнхан нь нүд сохор, чих дүлий мэт суугааг хатуухан шүүмжилж байлаа.

Байгаль орчин сүйдэж, ус мөрөн устаж, үүний дагуу иргэд, ТББ-ууд шүүхэд хандсаар байгаа ч шүүх хохирол гэх хэдэн төгрөгийг барагдуулахаас цаашгүй өнөөдөртэй золгожээ. Шүүхийн мөн чанар, ажилладаг зарчим нь тиймээс хойш тэдэнд найдах ч аргагүй гэдэгтэй иргэний нийгмийнхэн санал нэгдсэн юм. Тиймээс шийдвэр гаргах төвшинд дутагдаж байгаа иргэний нийгмийн дуу хоолойг гаргах үүднээс гурван талт хэлэлцээрээр шийдвэрт хүрсэн байна.  Юун түрүүн гурван талт хэлэлцээр хийх шийдвэрийг хуульд суулгаж өгөхийг тэд чу­халчлав. Тун удахгүй “Ашигт малтмалын хууль”-ийн шинэ­чил­сэн найруулгыг УИХ-аар хэлэл­цэнэ. Тэрхүү  нэмэлтэд оруулж амждаггүй юмаа гэхэд “Төрийн бус байгууллагын тухай хууль”-д нэмэлт оруулах замаар шийдэж болохыг иргэний нийгмийнхэн онцолж байлаа.
Ингэж дуу хоо­лойгоо нэгтгэхгүй бол улс орны тус­гаар тогтнол ч хөндөгдөхөд бэлэн болжээ. Тусгаар тогтнолын торгон ирэн дээр ирсэн хэдий ч улс төрийн нам хүчнүүд ард олныхоо төлөө сэтгэл гаргахгүй гэдгийг өнгөрсөн он жилүүд ха­руул­саар ирсэн. Иймд энэ удаа улстөрийн болоод хөрөнгө мөн­гөт­нүүдийн тоглоомын золиос болол­гүй хамтдаа тэмцэж “Гурван талт хэлэлцээр”-ийн нэгэн субъект бо­лохын төлөө иргэний нийг­мийнхэн нэгэн туган доор жагслаа.

Д.Цээпил


URL:

Сэтгэгдэл бичих