Үр дүнгээ өгдөггүй “Эдийн засгийн чуулган”
Манай улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал өндийхгүй байсаар хавартай золголоо. Өнгөрсөн хугацаанд ам.долларын өсөлт ямар ч хяналтгүй өсч, Монгол төгрөгийн ханшийг сулруулж ирлээ. Үүнтэй зэрэгцээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, бензин шатахууны үнэ литр тутамдаа нэмэгдсэн. Нүүрсний экспорт зогсож, гадаадын хөрөнгө оруулалт 51 хувь буурсан. Энэхүү бодит нөхцөл байдлыг эрх баригчид өнгөрсөн нэг жилийн дотор улиг болтол ярилаа.
Мөн хэвлэлийнхэн ч үлгэр домог болтлоо бичлээ. Гэвч эдийн засгийн хямралын талаар эрх баригчид ярьж байгаа боловч ямар нэгэн томоохон арга хэмжээ авсангүй. Энэхүү эгзэгтэй үед “Монголын эдийн засгийн форум 2014 ” өнөөдөр Төрийн ордноо эхэлж байна. Мэдээж форумын зорилго бол манай улсын нийгэм эдийн засагт нүүрлээд байгаа аюулын талаар ярилцаж, мөн л гарах гарцыг олох ёстой. Бид Монголын эдийн засгийн чуулганыг тав дахь жилдээ зохион байгуулж байна.
Гэхдээ чуулганыг жил болгон зохион байгуулахаас гадна чуулганаас гарсан шийдвэр, санал санаачлагын үр дүнг хамгийн их дүгнэж ярилцах нь чухал. Өнгөрсөн жилийн хувьд “Үндэсний бүтээгдэхүүнээс Монгол брэнд рүү” уриатайгаар чуулганаа зохион байгуулж байлаа. Зорилгын хувьд мөн л ойлгомжтой. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, дотооддоо эв нэгдэлийг эрхэмлэж, гадаадын зах зээл дээр гарах, Монголынхоо бүтээгдэхүүнийг брэнд болгохыг зорьсон.
Тиймээс энэ жилээс эхлэн Монголын үндэсний бүтээгдэхүүн, үйлдвэрлэл дэлхийд танигдаж эхлэх ёстой байв. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал ямар байгааг хүн бүхэн гадарлаж байгаа. Тэгэхээр жил болгон ихээхэн хөрөнгө мөнгө цацаж, ач холбогдол өгч хуралддаг эдийн засгийн чуулган хэр үр дүнгээ өгч байна вэ гэдгийг эргэж харах нь зүйтэй болов уу. Өнгөрсөн 2012 оны эдийн засгийн форумаас юуг хэрэгжүүлэхээр төлөвлөв.
Уг нь Монгол Улсын хамгийн гол тулгамдсан асуудал болох нефтийн асуудлаар бүхэл бүтэн салбар хуралдааныг өрнүүлж байв. Түүн дээр яригдсан нэг асуудал нь шатахууны үнийг барихын тулд ОХУ-аас гадна хоёрдогч улсаас импортлох ёстойг онцолж байлаа. Ингэхийн тулд Олон Улсын худалдааны гэрээндээ өөрчлөлт оруулах ёстой гэсэн саналууд ч гарч байв. Гэтэл форумаар яригдсан хоёрдогч хөршөөс шатахуун авах асуудал шийдэгдэх нь битгий хэл бензиний үнэ дахин нэмэгджээ.
Тэгвэл энэ жилийн “Монголын эдийн засгийн форум 2014” чуулганаас Монгол Улс ямар үр дүн хүлээж байна вэ. Юутай ч “Монголдоо бүтээцгээе” нэрийн дор төлөөлөгчид хоёр өдөр чуулна.
Д.Анар
URL: