“Бүр баяртай, МАН” болчих вий

3-24-1Засгийн газар дэнжигнэж эхэлсэн талаарх мэдээлэл сүүлийн хэд хоногт газар авч байна. Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн хэмээх тодотголтой Засгийн газар унах нь нэгэнт тодорхой болсон бололтой.

Дараагийн Засгийн газар ямар байх вэ, хэн тэргүүлэх вэ гэдэг нь хоёр хувилбартайгаар яригдаж байна. Эхнийх нь УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхий сайд болох хувилбар. З.Энхболдын хувьд  энэ саналаас татгалзахгүй гэдгээ илэрхийлсэн байна. Харин Шадар сайдаар нь МАН-ын дарга М.Энхболдыг  очих нь гэдэг яриа нэлээд бий. Хэрэв Засгийн газар ингэж бүрдвэл МАН-д зургаан яам өгөхөөр тохирсон гэнэ.

Нөгөө хувилбар нь МАН-ын дарга М.Энхболд Ерөнхий сайд болж, ингэхдээ дөрвөн яам авахаар ярьсан гэх.

Мөн Х.Баттулга Ерөнхий сайд болчих санаатай PR маягийн ажиллагаа явуулж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Хэн нь ч Ерөнхий сайд болсон, Засгийн газраас “Шударга ёс” эвслийг гаргаж, оронд нь МАН-тай ханьсахаар АН-ынхан тогтсон ажээ.

Тоглоомыг гартаа авсан АН-ын нөхдөд шинэчлэлийн Засгийн газрыг унагах гэдэг дэндүү хялбархан ажил. Ам.долларын ханш зохиож, эдийн засгийг макро төвшинд нь хүртэл унагах “операци”-ийг явуулсан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, уул уурхайн салбарыг элгээр нь хэвтүүлж, Оюутолгойн гэрээг гацаанд хийчихээд байгаа Уул уурхайн сайд Д.Ганхуягаас эхлээд өөрөө байтугай Засгийн газраа татаад унагачих хэмжээний но-той нөхөд энэ засагт олон бий. Дээрээс нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг асуудал ихтэй эрхэм. Хүргэн Дэнзэн мэтийн хувийн ашиг сонирхолтой холбоотой хэрэг байнга тарьдаг “сахилгагүй” нөхөр. Хамгийн сүүлд нийслэлийн явуулж байсан “Нийтийн тээврийг ухаалаг системтэй болгох” тендерийг ойрынхоо хүмүүсийн “Слайд” ХХК-д аваад өгчихсөн.  Ингэхдээ төрийн дансанд үлдсэн цөөхөн мөнгөнөөс 13.3 тэрбум төгрөгийг нь авч дээрх компанид өгөөд Засгийн газраас баталгаа гаргаад өгчихсөн байдаг.Энэ мэтчилэн өндөг мэт эмзэг болоод байгаа шинэчлэлийн Засгийн газрын сүүлчийн өдрүүд үргэлжилж байна.

МАН-ынхан Засгийн газрын бүрэлдэхүүнд багтахыг аль хэдийнээс л хүссэн. Тэд ямар нэг аргаар засагт орж “мөнгө хийх” шардлагатай байгаа. Эс бөгөөс Тусгаар тогтнолын ордных нь урсгал зардал ч хүнддэх гээд хэцүүхэн байгаа аж. Тиймээс АН-ын  дээд, доод бүхий л хүмүүстэй яриа тохироо хийсээр ийм “виз” аваад байгаа гэх. Тоглоомын гадна үлдэж, ингэж эрх мэдэл, мөнгө төгрөггүй болж үзээгүй МАН-ын хувьд тавих ёстой саналаа л тавьсан гэж ойлгож болно. Засагт багтаад авах юм бол намын санхүүг бэхжүүлэх ажлаа л нэн түрүүнд хийнэ гэсэн үг.

АН-ын зүгээс М.Энхболд нарын саналыг хүлээж авахаар ярьж байгаа нь бас их учиртай. АН улс орны тогтвортой байдал, намуудын эв нэгдэл гэхээсээ илүүтэй 2016 оны сонгуульд зориулсан шийдлийг гаргаж байгаа нь энэ. МАН-тай ханьссан засаг байгуулж, Энхболдуудын аль нь Ерөнхий сайд болоод ч өдгөө нуралтад ороод байгаа эдийн засгийг суга татаад босгоод ирж чадахгүй л болов уу. Харин 2016 оны сонгуулиар МАН ч гэсэн улсыг унагаалцсан гэдэг адилхан тэмдэгтэй болж чадвал ялалт манайд ирнэ гэж тооцоолсон гэх.

Гэхдээ жил гаруйн хугацаанд хамтдаа засаг барьж, бас гэж овоохон ажлыг эхлүүлээд байгаа “Шударга ёс” эвслийг засгаас гаргаад шидчих нь АН-д сайн үр дүн авчрахгүй. Ингэж болохгүй гэдгийг зарим хашир туршлагатай улстөрчид нь бусаддаа сануулж хэлээд байгаа аж. Ачир дээрээ МАН-аас ч илүү цохилт МАХН-аас ирж магадгүй шүү гэх сануулгыг АН-ын удирдлагууд, фракц бүлэглэлийн  толгойлогч нар нь байнга сонсох болсон гэх.

МАН-тай “нэгдэх” шийдлийг Алтангадасаас бусад фракцынхан нь дэмжиж байгаа аж. Ялангуяа МоАХ, Ардчилсан хүчний холбооныхон ихэд таатай хүлээж авчээ. Үндсэндээ АН-ын дараагийн нэг ээлж “хоол”-ндоо орох гээд хүлээж байна гэхэд болно.Уг нь Н.Алтанхуяг нам доторх фракц бүлэглэлүүдээ хангалттай л зохицуулж, бялууг тэнцвэртэй хувааж ирсэн. Гэвч дээр дурдсан сул талууд түүний Засгийн газрын унах шалтгаан болоод байна. Улс орны эдийн засгийн хямрал, бондын мөнгөний зарцуулалт гээд томоохон бодлогын алдаа гаргасан гэж дүгнүүлээд байгаа нь бас л том шалтгаан юм. Ийн ярьж байгаад Засгийн газрыг унагааж, дахиад шинээр байгуулчихаж болно.  Түүн шиг амархан юм үгүй. Харин улстөрчдийн, намуудын албан тушаал, мөнгө дагасан хэнээрхлийн лай нь жирийн ард түмэнд ирдэг. Энэ бол бичигдээгүй хууль. Шинээр ирсэн дарга өөртөө, бүлэг фракцынхандаа зориулж таатай орчин бүрдүүлэхийн тулд тушаал, захирамж, өмнө мөрдөж байсан дүрэм журмыг заавал өөрчилдөг гэмтэй. Үүний бай нь дээр хэлснээр ард түмэн бид л болдог.

Магадгүй, хэд хоногийн дараа АН, МАН-ын хамтарсан Засгийн газар байгуулж мэднэ. Учраа олох гэж ядсаар байтал нь ирэх сонгуульд тулна. Сонгуульдана, энэ хооронд нь улс орон мөн ч хэцүүдэнэ гэсэн үг. Мэдээж хэрэг, МАН зорьсноороо сонгуульд хэрэглэх мөнгөө босгоно. Ирэх жил гаруйн хугацаанд төрийн мөнгө, тендер, төсөл сэлтээс баруун солгойгүй “цавчина” гэсэн үг. Гэвч энэ нь түр зуурынх. 2016 оны сонгуулиар ард түмэн тэдэнд “Бүр баяртай, МАН”гэж ч магадгүй. Ерөөсөө л тэгж харагдаад эхэллээ.

 

 

Б.ДАМДИН-ОЧИР


URL:

Сэтгэгдэл бичих