Б.Наранхүү төрийн ажил хийгээд байна уу, компанийн ажлаа амжуулаад байна уу
УИХ-ын гишүүд дунд “хэнэггүй, хуралдаа суудаггүй, ховор хүн” зэрэг олон янзын нэр хоч зүүсэн гишүүн бол Б.Наранхүү. Үнэндээ түүнийг УИХ-ын чуулган, Байнгын хороонд үг хэлж суухыг нь олон нийт та бүхэн ховорхон харсан болов уу. Тэр ч бүү хэл түүнийг УИХ-ын гишүүн гэж танидаггүй хүмүүс байдаг юм билээ. Ерөнхийдөө түүнийг УИХ-ын гишүүн гэхээсээ илүүтэй уяач, “Мон Уран” компанийн захирал гэдгээр нь андахгүй биз ээ. Тэрбээр өнөөдрийг хүртэл УИХ-ын хурал чуулганд идэвхтэй оролцож, өөрийн үзэл бодлоо хамгаалахын төлөө хэн нэгэн гишүүнтэй маргалдаж байсангүй. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч гишүүн болгон байр сууриа илэрхийлж байхад Б.Наранхүү гишүүн бас л дуугарсангүй. 2012 оны орон нутгийн сонгуулийн дараа аймгийн Засаг даргыг нь батламжлахгүй удааж байхад тэрбээр мөн л байр сууриа илэрхийлээгүй.
Дундговь аймгийн нутгийн зон олон түүнийг сонгуулиас хойш нэг ч удаа ирж ард иргэдийнхээ санаа бодлыг сонсоогүй хэмээн гомдоллодог юм билээ. Тэгэхээр энэ хүн юуны тулд, хэний төлөө УИХ-ын эрхэм гишүүн болсон юм бол гэдэг асуулт өөрийн эрхгүй гарч байгаа юм.
Тэгвэл саяхнаас цахим мэдээллийн зарим сайтад УИХ-ын гишүүн Б.Наранхүүг Монголд хамгийн өндөр 68 давхар барилга барих гэж байгаа талаар мэдээлэл цацагдлаа.
Мэдээлэлд дурьдагдснаар “Монголд хамгийн анхны 68 давхар барилгыг“Мон-Уран” компанийн өгсөн захиалгаар Японы “НиккенСэккей” /Nikken Sekkei/ компани гүйцэтгэхээр болжээ. Энэхүү өндөр барилгыг Хүүхдийн парк буюу Үндэсний соёл, амралтын хүрээлэнд байгуулахаар болсон гэнэ. Уг нь нэг хэсэг парктай холбоотой хэрүүл маргаан жил дамнан үргэжилсэн. Үүний эцэст асуудал шийдэгдэж нам жим болсон. Гэтэл саяны мэдээллээс болж дээрх асуудалд дахин гал гарч магадгүй болоод байна.
Учир нь Б.Наранхүү багачуудын сүүлчийн “өмч”-ийг өөрийн болгохдоо Монголд диснэйлэнд байгуулж, хүүхэд багачуудад бараг 10 жил үнэгүй ашиглуулна гэх ухааны юм хэвлэлээр ярьж байсан санагдана. Гэтэл өнөөдөр тэрбээр хэлсэн ярьснаасаа 90 градус буцсан бололтой. Ямартай ч хүүхдийн паркийн газар Монгол диснэйлэнд бус 68 давхар өндөр барилга баригдах бололтой. Ерөөс хүүхдийн паркийг шинэчлэх, тохижуулан сайжруулах гэсэн сайхан үгсийн нэрийн дор газраас нь хумсалсан хэрэг болж байна. Хэвлэлд дурьдагдсан мэдээллээс харахад хүүхдийн паркийн 110 метр талбайг эзэлсэн 250 метр өндөр 68 давхар барилга нь газар хөдлөлтөд тэсвэртэй хамгийн сүүлийн үеийн технологиор баригдах аж. Ингэхдээ дотроо орон сууц, таван одтой зочидбуудал, оффис, худалдааны төв зэргийг дэлхийн стандартад нийцүүлэн барих гэнэ. Барилгын ажил 2014 онд эхлэн 2018 оны арванхоёрдугаар сард дуусах гэнэ.
Ямартай ч УИХ-ын гишүүн маань төрийн ажлаасаа илүүд компанийн ажлаа чухалчилдаг нь эндээс харагдаж байна. Гэхдээ Б.Наранхүү гишүүн Дундговь аймгийн төлөөлөл болж парламентад сууж байгаагийн хувьд ард түмнийхээ дуу хоолой болох ёстой. Гэтэл түүнийг төрийн ажил хийгээд байна уу, компанийн ажлаа амжуулаад байна уу гэдэгт эргэлзэхэд хүрээд байна.
Д.Болор
URL: