Бие биедээ сэтгэл хангалуун бус гэр бүл удаан оршин тогтнож чаддаггүй

happy-family-on the floorАйл гэр бүрт өөрийн зовлон жаргал бий. Энэ зовлон нь бусдынхтай адилгүй. Хоёр хүн хоёр өөр ааш араншинтай байдаг. Яг л үүнтэй адил. Иймд хосууд өөрийн гэр бүлийн онцлогийг харгалзах нь зүйтэй.

•    Залуу гэр бүл бүхэн эцэг эхээс тусдаа гарч амьдрах гэсэн хүсэл мөрөөдөлтэй байдаг. Уг нь бол заавал ингэх албагүй. Тусдаа л гарчих юм бол ямар ч асуудалгүй болно гэж залуучууд хөнгөнөөр боддог тал бий. Тусдаа гарч амьдралаа зохиосон бүх хосуудад ийм байх албагүй. Энд харьцааны асуудал гарч ирнэ.
•    Хадамтайгаа таарч тохирдог, элдэв маяггүй, эвлэг зантай бэрүүд илүү хождог. Хүүхдээ өсгүүлээд авчихна, настай хүний амьдралын туршлагаас суралцана гээд авууштай зүйл их бий. Гэтэл зарим нь яадаг билээ. Тусдаа гарчихвал бүх асуудлын гарц нээгдчих юм шиг боддог.
•    Хэрэв залуу хос тусдаа гарч амьдралаа зохиохоор шийдвэл тэднийг юу угтах вэ. Энэ бол ойлгомжтой, айлын хажуу өрөөг өндөр үнээр түрээслнэ. Энэ нь эдийн засагт нь хохирол учруулна. Үүний муу тал нь гэвэл залуус хуримтлал ч үгүй, амьдралын арга туршлага ч үгүй юу ч үгүй л үлдэж байна,
•    Үүгээр залуу хосуудад юу хэлэх гээд байна вэ. Тусдаа гарна гэж яарахаасаа илүү юуны өмнө хүнтэй нийтэч байх, эвтэй найрсаг зөв харьцах арга барилд бэрүүд суралцах нь зөв.
•    Залуу хосууд хэн нэгнийхээ таагүй зуршлыг тэр дор нь засах гээж хэт улайрах хэрэггүй. Дэмий, өчүүхэн зүйлээс болж хосууд муудалцаж гэр бүл салах нь түгээмэл байна. Буруу дадал зуршлыг нэг далайлтаар бус амьдралын явц дунд засдаг гэдгийг мартаж болохгүй.
•    Амьдралаа дөнгөж эхэлж байгаа залуу хосуудад бие биендээ ээнэгшин дасаж, алдаа оноогоо дүгнэн цэгнэх, бодол санаагаа илэн далангүй ярьж зан харьцаагаа засалцахад цаг хугацаа бас тэсвэр тэвчээр хэрэгтэй.
•    Эр нөхөр нь цамц өмдөө өлгөх, эвхэж тавьж чадахгүйгээс болж ямар их хэрүүл маргаан гарч байна вэ? Эмэгтэй та уурлаж бухимдалгүй өөрөө аваад эвхээд өлгөчихөж бай. Ингэж тавибал сайн гэдгийг эр нөхөртөө биеэрээ үлгэрлэ.
•    Үнэхээр яадгаа алдчихсан тэнэг мангар биш л юм бол нөхөр чинь долоо хоногийн дараа гэхэд таны хийснийг яг дуурайн хийдэг болно. Ингээд л бүх санаснаар чинь болно. Гол нь бүү уурлаж бухимд. Яагаад гэвэл эрчүүд их зөрүүд хүмүүс. Тийм болохоор уурлах тусам чинь шаардсан бүхний чинь эсрэг явах вий.
•    Санхүүгийн асуудал зөрчил нь гэр бүлд ихээхэн маргаан дэгдээдэг бас нэг шалтгаан юм. Цалингаа өгдөг өгдөггүй, буруу зарцуулж байна гэх мэтийн гомдол цөөнгүй эхнэр нөхрүүдийн хооронд гардаг. Санхүүгийн асуудалд хамгийн гол нь итгэлцэл хэрэгтэй, “Би ээж аавдаа туслах ёстой” гээд эхнэр нь гэр лүүгээ олсон жаахан юмаа зөөгөөд байвал нөхөр хэцүүднэ биз дээ. Юмаа нуудаг, мөнгө төгрөгөө нааш цааш нь хийгээд байвал тэр гэр бүл оршин тогтноход хэцүү еэ.
•    Энэ тохиолдолд тухайн гэр бүл болсон залуу хосууд яах вэ. Хамгийн гол нь эхнэр нөхрийн аль аль нь амин хувиа хичээх, илт өөрийн аав ээж, ах дүүгээ гэр бүлийн ашиг сонирхлоос дээгүүр тавих, хэрэлдэх үедээ танай манай гэсэн талцах үг хэллэгийг байнга хэрэглэдэг, хэн нэгэндээ итгэдэггүй, итгэл даадаггүй, эр нөхрөө эсвэл эхнэрээ бусдаас доогуур үздэг, эхнэр нөхөр хоёр, өөрөөр хэлбэл хосууд бие биедээ сэтгэл хангалуун байдаггүй гэр бүл удаан оршиход ч хэцүү байдаг. Оршин тогтнолоо ч өнгөтэй өөдтэй амьдардаггүй нь туйлын үнэн билээ.


URL:

Сэтгэгдэл бичих