Б.Насанбаяр даргын “мэдлэгийн хэмжээ” буюу манай эмгэнэл
БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр та уран зохиолын хичээлийг үгүй болгох гээд байна уу? Нэг талаас, тийм. Хэрэв энэ хичээлийн агуулгыг бусад хичээлтэй нэгтгэвэл “бие даасан” уран зохиолын хичээл үгүй болно.
Харин нөгөө талаас, үгүй. Энэ хичээлийн агуулгыг “интеграцчилсан” хичээлийн нэг хэсэг гэж үзвэл заана.
Б.Насанбаяр дарга таны телевизэд өгсөн ярилцлагаас үүдэн олон нийт “бие даасан” уран зохиолын хичээл үгүй болно хэмээн ойлгожээ. Тэдний буруу биш. Яагаад гэвэл, уран зохиолын хичээлийн агуулгыг иргэний боловсрол гэх мэт хичээлтэй интеграцчлан заана гэвэл тусдаа уран зохиолын хичээл үгүй болно. Иймд олон нийт Б.Насанбаяр таны телевизээр юу хэлснийг буруу ойлгосонгүй.
Гэвч дараа нь, Б.Насанбаяр та бусдыг буруутгаж, өөрийгөө өмөөрсөн лут тайлбар хэвлэлүүдэд өгчээ. Таны хэлснээр, таны сайхан шинэчлэлийг хуучнаа санагалзсан хэсэг нөхөд эсэргүүцэн дайрч байгаа нь энэ гэнэ. Ингэхдээ та “тэдгээр эрх ашиг нь хөндөгдсөн этгээдүүд шинэчлэлийг эсэргүүцэж, намайг л зайлуулчихвал шинэчлэлийг зогсоочих мэтээр сэтгэж, өөрчлөлт шинэчлэлтийг хүчрэхээ болихдоо хувь хүн буюу над руу дайрч, миний эсрэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттай доромжилж байна шүү дээ” гэж хэлжээ.
Б.Насанбаяр таны хувьд, уран зохиолын хичээлийн талаарх шуугиан таны буруу биш, бусдын буруу юм байна. Үүний сацуу, бие даасан уран зохиолын хичээл болон бусад хичээлийг одоохондоо байлгах нь зүйтэй гэж үздэг над мэт хүмүүс таны шинэчлэлийг эсэргүүцэгч, хуучинтайгаа зууралдагч болж таарчээ. Иймд таны ингэж хэлснээс үүдэн жирийн багш хүний хувиар танд зориулж өөрийн эрхгүй үгээ бичихээр шийдлээ.
Та нэг хэвлэлийн хурал хийхдээ уран зохиолын хичээл ба интеграцчилсан хичээлийн талаар ингэж тайлбарлажээ. Таны хэлснээр, “Миний нутаг” шүлгийг монгол хэл, уран зохиолын хичээлээр үзлээ гэхэд энэ шүлгийнхээ агуулгыг математик, технологийн хичээл дээр яаж ашиглах вэ гэдэг талаар ярьсан. “Миний нутаг” шүлгийн агуулгаар нь математикийн хичээл дээрээ бодлого зохиож болж байна”.
Гэвч харамсалтай нь, таны дээр хэлснээс үүдэн сургалтын хөтөлбөр ба интеграцчилсан хичээлийн талаар та өөрөө тун буруу ойлголттой хүн юм байна гэж өөрийн эрхгүй бодлоо. Яагаад гэвэл, та дунд сургуульд заадаг хичээлийн мэдлэгийн талаар ерөөсөө ойлголтгүй хүн ажээ. Дунд сургуульд шинжлэх ухааны болон бусад аливаа хичээлийг заахад тухайн хичээлийн “хийсвэр буюу абстракт ухагдахуун” гэдэг зүйл байдаг юм. Жишээ нь, математикт “хялбарчлал”, “илэрхийлэл”, “тэгшитгэл” гэсэн ухагдахуунууд бий бөгөөд эдгээр нь ямар нэг тодорхой агуулга бус, харин ямар ч агуулгын хувьд тогтмол шинжтэй ойлголтууд болно. Мөн физикт дулаан, хүч, хурд, даралт гэх мэт, монгол хэлэнд үйл үг, нэр үг, нөхцөл гэх мэт хийсвэр ухагдахуунууд бий. Тэгэхээр хичээлүүдийн интеграцчлал гэдэг нь угтаа тэдгээр тусгай мэдлэгийн хийсвэр ухагдахуунуудыг л нэгтгэх тухай юм.
Харин Б.Насанбаяр дарга таны хэлснээр, математикийг уран зохиолтой интеграцчлахын тулд “Миний нутаг” шүлгийн агуулгаар математикийн хичээл дээрээ бодлого зохиож болно гэдэг нь сурган хүмүүжүүлэх ухаанд байхгүй бөгөөд тун гэнэн, бүдүүлэг ойлголт юм. Миний санахад, “Миний нутаг” шүлэг нь бага ангид үздэг агуулга. Тэгвэл бага сургуулийн хүүхдүүд энэ шүлгийн агуулгаар ямар бодлого зохиож, математикийн ямар ухагдахуун эзэмших вэ? Шүлэг ингэж эхэлдэг:
“Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зvгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд
Энэ бол миний төрсөн нутаг”.
Тэгвэл Б.Насанбаяр таныхаар, бага ангийн сурагч дээрх мөрүүдийг ашиглан Хэнтий, Хангай, Соён уулсын өндрийг тооцох ёстой юу, талбайг нь олох ёстой юу? Бага ангийн сурагчид ой хөвч уулнуудын мөрийг ашиглан нийт модыг нь тоолох ёстой юу, эсвэл хамгийн өндөр модыг нь олох ёстой юу? Эсвэл тэд элсэн манхан далайнуудын талбайг олох ёстой юу, жинг нь олох ёстой юу? Ер нь, миний нутаг шүлгээр бага ангийн сурагчид маш олон хотгор гүдгэртэй төрсөн нутгийнхаа талбайн хэмжээг олох ёстой юм уу? Миний санахад, газарзүйн ийм нүсэр ажлуудыг хиймэл дагуул гэх мэт нарийн багаж, төхөөрөмж ашигладаг эрдэм шинжилгээний байгууллагууд л хийдэг байх.
Тэгэхээр “Миний нутаг” шүлгийн агуулгаар математикийн бодлого зохионо гэдэг нь зохих насанд зохих ухагдахуун эзэмших ёстой сурган хүмүүжүүлэх ухааны үзэл баримтлалтай огт нийцэхгүй зүйл юм. Харин, дээр өгүүлсэн хийсвэр ухагдахуунуудын хувьд мэдлэгийн интеграци хэрхэн явагдах вэ гэсэн асуудал бий. Хэдийгээр нэг их тохиромжтой бус байж магадгүй ч энэ талаар ийм жишээ байж болно. Жишээ нь, бага сургуулийн арифметикийн хичээлд “дөрвөлжин” талбай гэдэг геометр ухагдахуун, монгол хэлний хичээлд “нэр үг”, “тэмдэг нэр” гэдэг хийсвэр ойлголтууд бий. Тэгвэл бага ангид эдгээр хичээлийн агуулгыг заахдаа эдгээр хийсвэр ухагдахууныг хоршин эзэмшүүлж, хүүхдэд дадал суулгаж болох юм. Гэвч, Б.Насанбаяр таныхаар математикийг заавал шүлэгтэй холбоно гэвэл “Миний нутаг” биш, харин ядаж монгол гэрийн тухай шүлгийг “тойрог”-ын ухагдахуунтай холбож болох байв.
Гэвч энэ талаар тодорхой хэмжээний практик хуримтлуулсан багш миний хувьд интеграцчилсан хичээлийн талаар өөрийн гэх бодол бий. Миний үзэхээр, бага ангид интеграцчилсан хичээл заана гэдэг маш хүнд асуудал юм. Яагаад гэвэл, Б.Насанбаяр таны шинэ юм гэж яриад буй наад интеграцчилсан хичээлийг чинь хэдэн жилийн өмнөөс манай дунд сургуулиудад нэвтрүүлсэн юм шүү дээ. Гэвч олигтой үр дүнд хүрээгүй. Уг нь энэ санаа эхэндээ их сайхан сонсогдож билээ. Жишээ нь, Туул гол бохирджээ гэж үзье. Тэгвэл сурагчид Туул голоос усны дээж авч химийн найрлагыг нь тогтоосноор бохир ус голын хажуугийн үйлдвэрээс цутгаж буйг олж мэдэх ба улмаар яагаад тэнд үйлвэр барих зөвшөөрөл өгсөн зэрэг хүний хүчин зүйлийг судална. Үүний үр дүнд сурагчид хими, нийгэм судлал гэсэн хоёр хичээлийн ухагдахуунуудыг эзэмшиж байгаа хэрэг.
Хэдийгээр ахлах ангийн интеграцчилсан хичээлийн санаа их сайхан боловч манай улсад энэ санаа судалгаа шинжилгээ, хөтөлбөр зохиох чадавхи, туршлага талаасаа хэрэгжих боломж муутай тул зогсоох асуудлыг тавьсан билээ. Миний хувьд, интеграцчилсан хичээлийг энэ мэт сайтар бэлтгэлгүйгээр хэрэгжүүлэх нь сурагчдын шинжлэх ухааны мэдлэгт харин ч сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байна. Интеграцчилсан хичээлийг ахлах ангид хүртэл заах хэцүү тул бага ангид бүр ч илүү хүнд гэдэг нь ойлгомжтой юм.
Харин Б.Насанбаяр дарга өөрөө сургуулийн сургалтын хөтөлбөр, интеграцчилсан хичээлийн талаар огт ойлголтгүй төдийгүй өмнө нь энэ хичээлтэй холбоотой үүссэн асуудлыг ойлгож, мэдээгүй хэрнээ “Миний нутаг” шүлгээр уран зохиол, математикийн агуулгыг нэгтгэнэ хэмээн ярьж байгаа нь манай боловсролын бодлого сүйрлийн байдалд орсныг харуулж байна! Угтаа, та өмнөх интеграцчилсан хичээлийн асуудал яагаад үүсэв, хаана нь алдаа байв, бодлого судалгаа талаас, сургууль, багшийн талаас яг ямар асуудал байв, тэдгээрийг одоо яаж шийдэх вэ гэх мэт тодорхой, чиг шугамтай бодлого, төлөвлөгөө хэрэгжүүлэх ёстой байлаа. Б.Насанбаяр та өөрийн ярьж буй шинэчлэл гээч зүйлийг дан өөрийн санаа биш харин олон тооны эрдэмтдийн хүчин зүтгэл гэж хэлжээ. Харин багш миний хувьд, манай улсад ийм хачин зүйл бодож олдог доктор эрдэмтэд байгаа гэдэгт огт итгэхгүй байна!
Монголын багш нар бид тодорхой асуудал шийдэхгүй хэрнээ шинэчлэл нэрийн дор сургуулийн байгууллагаар энэ мэт олон жил тоглож ирсэн явдлыг одоо буруушааж байна. Хамгийн ноцтой нь, энэ шинэчлэл гэгч асуудлын ард сургалтын хөтөлбөрийн талаар ямар ч ойлголт байхгүй тан шиг дарга, мэргэжилтнүүд байгаа юм. Одоо та дээд боловсролыг шинэчилнэ, ингэхдээ дунд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтыг өөрчилнө гэх асуудлыг тавьж эхэлжээ. Багш нар бид элсэлтийн шалгалт одоо ямар бантан болон хувирч, ардын хүүхдүүдийг хохироох бол гэхээс яс хавталзаж л сууна.
Өнөөдөр Монголд сургууль боловсролын талаар огт ойлголтгүй хүмүүс энэ салбарыг нурааж, бодлого нь ямар ч эмх цэгцгүй болж буйд багш би тэсгэл алдан ийн бичлээ. Би үүнийг бичсэнээрээ таныг хувь хүн талаас нь гутаах санаа огт агуулсангүй, харин салбар хариуцсан дарга хүний хувьд таны хийж буй үйлдлүүд манай сургууль боловсролын салбарыг хэрхэн сүйдэлж буйг л сануулав.
Нийслэлийн дугаар сургуулийн багш Саруул-Ирээдүй
http://read.dorgio.mn/47347.html
URL: