Үзэл бодлоо ярихаас өөрөөр илэрхийлж болдог

sonsoxБиеийн хэлээ хөгжүүлснээр таны харилцаанд томоохон ахиц гарч, хувийн зан араншин тань ч өөрчлөгдөх болно. Харилцаандаа нүүр, болон биеийн хөдөлгөөнийг оролцуулахад тань ямар нэг тусгай заавар зөвлөгөө шаардлагагүй. Өөрийн ярьж буй зүйлийнхээ утга санаанд тохируулан биеэрээ тайлбар хийхэд л хангалттай. Ихэвчлэн сонирхсон залуу эсвэл бүсгүйдээ, захиралдаа юм уу, багшдаа ямарваа зүйлийн тухай ярих үедээ биеийн хэлийг ашигладаг. Тиймээс энэ удаа өөрийн үзэл бодлоо биеэрээ илэрхийлж сурахад тань дөхөм болохуйц энгийн зөвлөгөө өгье.
Биеийн хэлээ хөгжүүлэхийн тулд нэн түрүүнд харилцааны үед ямар байдалтай байдгаа мэдэх шаардлагатай. Тиймээс ямар байдалтай сууж, зогсдог, гар хөлийн хөдөлгөөн зэргээ ажиглаад, энэ бүхнийгээ тэмдэглээрэй.
Ингээд өөрийн онцлогийг мэдсэний дараа толины өмнө дадлага хийгээд үзэж болно. Ийм дадлага тэнэг санагдах ч хэн нэгэн таныг харахгүй байгааг мартаж болохгүй. Уг дадлагын ачаар л та бусдын өмнө ямар байдалтай байдгаа, өөрийн алдаа дутагдал, зохимжгүй үйлдэл, хөдөлгөөнөө мэдэх боломжтой.
БАС НЭГ АРГА БИЙ. Нүдээ аниад хэрхэн сууж, зогсвол илүү тохиромжтой гэдгээ төсөөлөөд үз. Дараа нь нүдээ нээгээд хэсэг амарсны дараа төсөөлсөн байдлаараа зогсож үзээд хэр оновчтой болохыг нь ажиглаарай.
Магадгүй та найз нөхөд, загвар өмсөгчид, кино од ч юм уу илэрхийлэл сайтай гэж бодсон нэгнээ дууриадаг байх. Та ч гэсэн өөрийн онцлогтой хувь хүн учир хувилсан мэт үйлдэл бүрийг давтах нь хиймэл харагдах тул өөрт зохимжтой хэдхэн хөдөлгөөн байхад л хангалттай. Сонгосон хөдөлгөөнөө өөрт тохиромжтой байдлаар өөрчилсөн ч болох шүү дээ. Ингэхдээ дор дурдах хэдэн дүрмийг мартаж болохгүй.
- Инээмсэглэл ямар ч хүнийг чимдэг.
- Цэх суух нь өөртөө итгэлтэй байдлыг бий болгодог.
- Алгуурхан хөдөлгөөн тогтвортой тайван байдлыг илэрхийлнэ.
Эдгээр зарчмууд таны биеийн хөдөлгөөнөөр үзэл бодлоо илэрхийлэх эхний алхам юм. Чухал үйл явдал, уулзалт зөвлөгөөний үеэр өөрийгөө ямар харагдаж байгаа бол хэмээн түгшиж, биеэ барих нь инээдтэй харагддаг. Бусад хүмүүс ч бас хувийн асуудалдаа санаа зовоод таныг өөлөх завгүй байгаа учир аль болох биед эвтэйхэн, өөрийнхөөрөө байхыг хичээгээрэй.
Нүүр, биеийн хөдөлгөөнөөр өөрийгөө илэрхийлэх 18 арга:
1. Элгээ эвхэх – Биеэ хамгаалагчид л элгээ эвхэж зогсодгийг та санаж байгаа байх. Үүнд хөл ч бас хамаатай. Хөлөө зөрүүлэн зогсоод олны өмнө илтгэл тавина гэдэг оновчтой үйлдэл биш. Энэ тохиолдолд таны яриа сонсогчдод үнэмшилгүй санагддаг.
2. Харцаараа илэрхийлэх – Хэрэв цөөн хүнтэй харилцаж буй бол харцаа ашиглахад буруудахгүй. Гэхдээ цоо ширтэх хэрэггүй. Тасралтгүй ширтэх нь таатай сэтгэгдэл төрүүлэхээсээ илүү түгшүүртэй байдлыг бий болгодог. Харин харцаа буруулбал таныг найдваргүй хүн гэсэн ойлголт бий болох нь элбэг. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг үг ч байдаг шүү дээ. Энэ байдал тань таны өөртөө итгэлтэй байдлыг ч эвдэж дөнгөдөг.
3. Өөрийн хүрээг бий болго – Харилцааныхаа явцад, гар хөлөө чөлөөтэй хөдөлгөхөд боломжтой байхуйц талбайг эзэгнэх хэрэгтэй. Энэ нь танд эвтэйхэн байхаас гадна өөртөө итгэлтэй байдлыг бий болгодог.
4. Мөрөө амраа – Хэрэв таны бие чилж эхэлбэл мөрөн дэх ачаалал тань их байна гэсэн үг. Тиймээс хэсэг мөрөө амраа. Сулхан мөрөө сэгсрээд, урагш хойш болгоод үзээрэй.
5. Толгой дохих – Хааяа нэг толгой дохин яриаг нь анхааралтай сонсож буйгаа мэдэгдэх хэрэгтэй. Гэхдээ энэ үйлдлээ ойрхон давтах шаардлагагүй. Тоншуул шиг л харагдах болно.
6. Цэх суу – Бөгтийж суух ямар муухай харагддагийг та анзаарсан байлгүй. Гэхдээ бас удаан хугацааны турш биеэ цэхлэн сууна гэдэг амаргүй. Хааяа нэг амрах шаардлагатай.
7. Ялимгүй хазайх – Хэрэв харилцагчийн тань яриа сонирхолтой байгааг мэдэгдэхийг хүсвэл ярьж буй хүн рүү ялимгүй хазайх нь зүйтэй. Харин өөрийн үзэл бодолдоо бат итгэлтэй байгаагаа мэдэгдэх гэж байгаа бол эргэж биеэ цэхлэхэд л хангалттай. Гэхдээ энэ үйлдэл тань хэтэрвэл их зантай, хүйтэн хөндий хүн мэт сэтгэгдэл төрүүлдэг. Харин харилцагч руугаа хэт хазайвал цөхрөнгөө барж байгаа мэт санагддаг.
8. Инээмсэглэл ба инээд – Бүх асуудалд албархаг байдлаар хандах хэрэггүй. Хааяа ч гэсэн эерэг энерги өөрөөсөө цацруулж бай. Шог яриа, онигоо ярих үед инээх нь харилцагчдад тааламжтай санагдаж, таны тухай эерэг ойлголтыг бий болгодог. Эелдэг хүмүүстэй харилцахдаа хэн ч дуртай байх бөгөөд, таны яриаг анхааралтай сонсох болно. Харин өөрийн ярьсан наргиандаа өөрөө түрүүлж инээхийг сонсогчид тань таашаахгүйгээр үл барам таныг өрөвдөлтэй байдалд оруулдаг. Өөрийгөө танилцуулахдаа инээмсэглэж бай. Гэхдээ чин сэтгэлээсээ. Хуурамч байдал хэзээ ч сайн үр дүнд хүргэдэггүй.
9. Нүүрэндээ хүрэх хэрэггүй – Энэ нь таныг бухимдуу байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн сонсогчдын анхаарлыг сарниулдаг.
10. Тэргүүнээ дээш өргө – Толгой гудайлган, газар ширтэх хэрэггүй. Ийм байдал итгэл даахааргүй, доожоогүй харагдуулах болно. Толгойгоо дээш өргөж, хараа дээгүүр байх нь өөртөө итгэлтэй байдлыг илэрхийлдэг.
11. Хэмнэлээ удаашруулах – Энэ зөвлөгөө маш олон зүйлд хэрэг болно. Алгуур алхах нь зөвхөн өөртөө итгэлтэй, тайван байдлыг илэрхийлээд зогсохгүй бусдаас хараат бус гэдгийг ч илэрхийлдэг. Танд хэн нэг нь хандвал ухасхийн хариу барих хэрэггүй. Ийм тохиолдолд ч бас алгуур тайван байдал зохино.
12. Сэтгэл хөдлөлөө барих – Сэтгэл хөдлөх, үймрэхээс зайлсхий. Сандарсан үедээ ихэнх хүн хөлөө савж, хуруугаараа ширээ тогшдог. Энэ байдал сонсогчдын анхаарлыг сарниулж, идэвхгүй байдлыг бий болгодог. Таны сандарсан байдал орчин тойронд тань байгаа бүх хүмүүсийг тавгүйтүүлдэг. Тиймээс аль болох түргэн тайвшрахыг хичээх хэрэгтэй. Ярианыхаа хурдыг сааруулж, хөдөлгөөнөө ч бас удаашруул.
13. Гарын хөдөлгөөн чухал– Гар, нүүрний хувирлаар ярианы эрчийг нэмэх нь ашигтай ч сонсогчдын анхаарал сарниулахаас болгоомжил. Ярианыхаа явцад ямар нэг зүйл нүдэх нь харилцагчдад таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Тиймээс харилцаандаа гараа оролцуулахдаа өөрийгөө хянах хэрэгтэй.
14. Багаар уух – Ярих үедээ өмнөх усаа уухаас аль болох татгалзах хэрэгтэй. Баримтаас үзвэл урдаа тавьсан зүйлээрээ оролдох нь бие хамгаалагч шиг харагдуулдаг гэнэ.
15. Хүзүү ч бас цэх – Ихэнх хүн цэх сууснаар сайхан харагддаг. Гэхдээ хүзүүгээ ч бас мартаж болохгүй. Тогоруу шиг хүзүүгээ сунгах хэрэггүй. Цэх сайхан хүзүү төрхийг тань чимдэг гэдгийг мартаж болохгүй.
16. Зай барих – Хүн бүрт өөрийн гэсэн орон зай байдаг. Түүнийг нь эвдэх гэсний хэрэггүй. Энэ байдал тань бүдүүлэг, соёлгүйгээ бусдад зарласантай л адил. Харилцагч тань таныг хэрхэн үнэлдгээс шалтгаалан хоорондын зайг барих хэрэгтэй.
17. Толь – Харилцагчийнхаа үйлдлийг тоть шиг л давтах нь зарим тохиолдолд эерэг үр дүн авчирдаг. Харилцаж буй хоёр дотноссон үед санамсаргүй байдал үүсэх нь элбэг. Тиймээс санаатайгаар ийм байдал үүсгэх нь шинэхэн танилтайгаа илүү дотносоход дөхөм болно. Гэхдээ юм бүр хэмжээ хязгаартай тул хэтрүүлэх хэрэггүй. Эцэст нь та өөрийгөө эвгүй байдалд оруулж мэдэх шүү дээ.
18. Эелдэг төрх – Эцэст нь эелдэг байдал. Эцсийнх ч гэсэн хамгийн чухал үзүүлэлт. Эелдэг, чөлөөтэй байдал тань үйл хөдлөлөөрөө санаагаа илэрхийлэхэд тань тус болно.
Эдгээр зөвлөгөөг мөрдөн өдөрт гурван удаа дадлага хийвэл дөрвөн долоо хоногийн дараа үр дүнгээ өгч эхэлнэ.


URL:

Сэтгэгдэл бичих