Цэцэрлэгийн багш нар муудалцсанаас нэгнийхээ хүүхэд зодож буй бичлэгийг тараажээ

ыбагш“Энэрэл” төвийн багш хүүхдээ зодсон хэргийг шалгаж байгаа талаар бид мэдээлсэн.

Мөн өнгөрөгч онд ой зургаан сартай хүүг зодож гэмтэл учруулсан Төмөр замын “Ирээдүй” цэцэрлэгийн “Хэрэмхэн” бүлгийн багш Б.Цэндхорлоо, туслах багш С.Тогтох нарыг ажлаас нь халж байсан.

Тэгвэл энэ удаа бас л цэцэрлэгийн хүүхдийг зодсон талаарх мэдээллийг хүргэж байна. Энэ мэдээлэл далд байж болох байсан ч цэцэрлэгийн багш нар хоорондоо түнжин хагарсны улмаас нэгнийхээ хүүхэд зодож буй бичлэгийг хийж, эцэг эхчүүдэд тараажээ. Ингээд эцэг эхчүүд телевизэд хандсанаар асуудал олонд нээлттэй болсон байна.

Энэ үйл явдал гуравдугаар сарын 14-нд ХУД-ийн нутаг дэвсгэр Биокомбинатад орших 190-р цэцэрлэгт гарчээ. Хоёрхон настай бага бүлгийн хүмүүжигч бяцхан “этгээдийг” багш нь зодож шийтгэсэн байна. Үүнийг нь хоёр туслах багш нь бичиж авч, эцэг эхчүүдэд үзүүлжээ.

Тус дүүргийн боловсролын газраас хоёр настай бага бүлгийнхний бүх эцэг эхтэй уулзаж, уучлалт гуйсан гэдгийг илэрхийллээ. Мөн 190-р цэцэрлэгийн хүүхэд зодсон багшийг “Боловсролын тухай хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлээгүй, хүүхдийн эрх ашгийг зөрчин, ажлын хариуцлага алдсан” хэмээн ажлаас нь халах арга хэмжээ авсан байна.

Харин цэцэрлэгийн захирал Б.Хэнмэдэхэв хариуцлага алдсан учир өөрөө ажлаас халагдах өргөдлөө өгснөөр өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 21-ний өдрөөр таслан түүнийг ажлаас чөлөөллөө.

Нийслэлийн боловсролын газрын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхзаяагаас энэ мэт асуудал хэр их гардаг талаар асуухад “1111 төвөөр дамжуулан санал гомдол нэлээн гардаг. Он гарсаар хүүхэд зодсоны улмаас багшид хариуцлага тооцсон хоёр дахь тохиолдол нь энэ боллоо” гэсэн юм.

Дашрамд сонирхуулахад, нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 178, төрийн бус өмчийн 250 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг.

 

 

О.Ариунбилэг | GoGo.mn


URL:

Нэр: хүний нялх үр Огноо: 1 May 2015

зодчихсон хүнд ял байдгүймуу бас хүний эрх гээд өнгөрсөн үү

Сэтгэгдэл бичих