Д.Одбаяр: Тэрбум төгрөгнийнхөө ихэнхийн найз нөхөд, үр хүүхэддээ тараагаад өгчихсөн гишүүн ч бий
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяртай ярилцлаа.
-АТГ-ын дарга нарт шүүхээс ял оноосноос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Сүүлийн өдрүүдэд ял авсан дарга нарын орны хүмүүсийг томилох асуудал яригдаж эхэллээ. Шүүхийн шийдвэр хүчинтэй болсон уу. Энэ талаар та бодитой мэдээлэл өгөхгүй юу?
-Авлигатай тэмцэх газрын удирдлагуудтай холбоотой асуудлаар шүүхийн давж заалдах шатны шийдвэр гарсан.
Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарснаар анхан шатны шүүхийн хүчинтэй тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301-д заасны дагуу хүчин төгөлдөр болж байгаа юм. Авлигын эсрэг хуулийн дагуу хүчин төгөлдөр шийдвэр гарсан тохиолдолд АТГ-ын дарга, дэд даргыг огцруулсанд тооцно гэсэн хуулийн заалтын дагуу огцорсонд тооцож болно.
Тиймээс үүнтэй уялдаад шүүхийн хүчин төгөлдөр тогтоолыг биелүүлэх эрх зүйн орчин үүсэж байна. Үүнээс үүдэн авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг шинээр томилох асуудал яригдана гэсэн үг. Хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д саналаа оруулах учиртай. Одоогоор санал орж ирээгүй байна.
-Хуулинд зааснаар АТГ-ын удирдлагыг ямар шалгуурын дагуу томилдог вэ?
-Төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан 55-аас дээш настай, эрх зүйч мэргэжилтэй, сүүлийн таван жил улс төрийн алба хашаагүй хүнийг АТГ-ын даргын албан тушаалд санал болгон оруулж ирэх учиртай.
-УИХ-ын гишүүдийн гэх тэрбум төгрөгийн зарцуулалтыг шалгах хэрэгтэй гэж та нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн. Энэ мөнгөний зарцуулалтад хэрхэн хяналт тавих учиртай вэ. Замбараагүй зарцуулсан гишүүд бий гэсэн албан бус яриа байна?
-Миний хувьд замбараагүй зарцуулсан эсэхийг нотлож чадахгүй. Гэхдээ замбараагүй зарцуулж, найз нөхөд, ах дүү, хамаатан садандаа өгч байна гэсэн гомдол иргэдээс ирдэг. Гэвч тэд гомдлоо тодорхой жишээгээр хэлдэггүй юм. Нэгэнт л гомдол гарч байгаа нь олны үг ортой, төр түмэн нүдтэй гэдэг шиг баримттай л байгаа болов уу.
Тиймээс үнэний ортой болов уу. Би ч 76 гишүүний нэг учраас тэрбум төгрөгийг шалгах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Тэгээд ч өнгөрсөн оны төсөвт тэрбум төгрөгийг суулгах үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард түмний хандлага, байр суурь маш тодорхой харагдсан.
Иймд энэ асуудал хуучирахгүй юм. Тэрбум төгрөг нь ард түмний хөрөнгө. Ард түмний хөрөнгийг зарцуулахдаа улс төрчид хариуцлагатай, шударга хандаж уу гэдгийг олон түмэнд нээлттэй мэдээлэх учиртай.
-Байр сууриа илэрхийлснийхээ төлөө зарим нэгэн УИХ-ын гишүүн хуулийн байгууллагад гэрчээр дуудагдах жишээ сүүлийн үед гарч байна. Та ямар бодолтой байна вэ?
-УИХ-ын гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй ч дураараа ярьдаг, ямар ч хууль дүрмийг зөрчиж болно гэсэн хэрэг биш. Харин хариуцлагатай байх учиртай. Гэхдээ хуулийн байгууллага шаардлага байна гэвэл шалгах эрхтэй. Гишүүдийн тэрбум төгрөг нэрийн дор ихэнхийг өөрийнхөө найз нөхөд, үр хүүхэддээ хуваагаад өгчихсөн гишүүн бий.
Наанаас сүрхий шударга дүр эсгэчихээд цаанаа ард түмний хөрөнгийг үрэн таран хийж хийж байна даа. Хаана үйлдвэрлэсэн болон англиар бичсэн шошго нь зөв бичгийн алдаатай, бараа авчирч шахчихсан хүн шүү дээ. Гэтэл тэр бараагаа Сингапурт үйлдвэрлэсэн гэж хэлдэг. Сингапурчууд чинь унаган англи хэлтэй. Алдаатай бичнэ гэж байхгүй шүү дээ.
-Шүүхийн хараат бус бие даасан байдлын талаар ямар бодолтой байдаг вэ. Саяхан Ерөнхийлөгчийн ивээл дор “Шүүх эрх мэдлийн шинэчлэл, шударга ёс” форум болсон. Энэ үеэр шүүхийн хараат бус бие даасан байдлын талаар хөндөж ярилцсан?
-Шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангахын тулд шүүхийг улс төрөөс хол байлгах ёстой гэдгийг бүгд ярьдаг. Өнөөдөр бүх шатны шүүгч нарыг шүүхийн ерөнхий зөвлөл санал болгоод Ерөнхийлөгч томилж байгаа.
Уг нь засаглал хуваах онолын талаас төрийн гурван өндөрлөг гэдгийн нэгэнд Дээд шүүхийн Ерөнхий шүүгч ордог. Харин манайх төрийн гурван өндөрлөгт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг хамруулдаг. Уг нь засаглалын хуваарилалтын талаасаа УИХ, Засгийн газар, Дээд шүүхийг толгойлж байгаа хүмүүсийг төрийн гурван өндөрлөг гэж ойлгодог.
Манайд засаглалын хуваарилалт буруу байгаа учраас Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг төрийн гурван өндөрлөгийн нэгд оруулахгүй байгаа юм. Мөн чанартаа бол УИХ шийдвэрээ гаргаж, Засгийн газар гаргасан шийдвэрийг нь хэрэгжүүлж, шүүх засаглал нь шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьдаг байх учиртай. Үүнд хяналт тэнцлийн зарчим үйлчилдэг.
Харин манайд энэ тэнцэл алдагдчихсан байна. Үүнээс үүдэн шүүх засаглалын хараат бус байдал алдагдаж байгаа юм. Иймд юуны түрүүн Ерөнхийлөгч шүүгч нарыг томилдог асуудлыг болих хэрэгтэй. Мөн Үндсэн хуулинд заасан шүүх эрх мэдлийн хүрээнд прокурорын байгууллагыг оруулсан байдаг. Үүнийг засаад шүүх эрх мэдлээс прокурорыг гаргачих хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл, шүүхийн одоогийн байгаа орчноос нь бүх шатны шүүгчийг Ерөнхийлөгч томилдогийг болон Шүүхийн Ерөнхий зөвлөлд Улсын Ерөнхий прокурор гишүүн нь байдгийг хасах хэрэгтэй. Эндээс нэг юм үлдэнэ. Тэрхүү үлдэх хэсгийг л шүүхийн бие даасан, хараат бус байдал гээд байгаа юм. Харин прокурор хуулийн яамны агентлаг болох учиртай.
-“7 дугаар сарын 1”-ний цаана гадаад хүн байгаа гэсэн үгийг та унагаасан байсан. Энэ ямар учиртай вэ?
-Тийм нэг нөхөр байгаа. Энэ бол улс төрийн хүрээнийхний дунд ойлгомжтой асуудал. Энэ бол ойлгомжтой гэж би олон хэлсэн дээ.
-Улс төрийн хүрээнийхэн “7 дугаар сарын 1”-ний цаана хэн байгааг мэднэ гэлээ. Энэ хэргийн эзнийг олж, хариуцлага тооцохыг хүмүүс хүсдэг?
-Энэ хэргийн цаана ямар хүн байсан гэхээсээ илүү хэн хэн зохион байгуулсан, зохион байгуулалт нь хэзээ эхэлж, хэрхэн өрнөсөн гэдэг нь бүхний нүдэнд ил. Ярих цагаа хүрвэл үүнийг ярих л учиртай. Гэвч өнөөдрийг хүртэл тэр буруутан гэж хэн ч хэлээгүй байгаа шүү дээ. Одоохондоо хэлээд ч нэмэргүй дээ.
Хаданд хашгирсантай адил хэрэг болно. Харин монголын ард түмэн сургамж авах хэрэгтэй. Танай сониноор дамжуулж зориуд нэмж хэлэхэд Монгол Улсын ирээдүй гэрэлтэй харагдаж байгаа энэ үед гаднын орнуудын нүд унаж, хорсч байна. Иймд тусгай албадууд нь зохион байгуулалттайгаар хагалан бутаргах явуулга хийж байгаа гэдгийг санахад илүүдэхгүй.
-Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан.УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатараар ахлуулсан ажлын хэсэг саяхан УИХ-ын даргад ажлаа танилцуулж, Үндсэн хуулийг өөрчлөх зүйтэй гэсэн саналд нэгдсэн. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?
-Өнгөрсөн хугацаанд шат шатандаа дүгнэлт хийсний дүнд Үндсэн хуулийг өөрчлөх нь зүйтэй гэсэн саналд хүрсэн. Өөрчлөлт хийхдээ хэтэрхий олон зүйл, заалттай зууралдвал цаг хугацааны хувьд амжихгүй. Харин гол хэдэн асуудалдаа л төвлөрөх хэрэгтэй. Тухайлбал, засаглалын хуваарилалтаа эргэн харах хэрэгтэй байна.
Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн болон шүүгч, УИХ-ын гишүүний насны хязгаар зэрэг тоогоор илэрхийлсэн хэд хэдэн зүйл байгааг харахад буруудахгүй. Түүнчлэн орон нутгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой заалтуудыг харах хэрэгтэй гэж бодож байна. Тэр дундаа бүх шатны Засаг дарга нарын томилгоотой холбоотой заалтыг эргэх харахад илүүдэхгүй.
Сумдын Засаг дарга нарыг ард түмнээс нь сонгож, аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд шууд томилдог байх нь зүйтэй. Түүнчлэн орон нутагт хөрөнгө төвлөрч, удирдлагаас түүнийг захиран, зарцуулах эрх нь нэмэгдэж байгаа үед Засаг дарга нарт хариуцлага тооцох, огцруулах асуудал хүртэл хялбар байх учиртай. Яг л Д.Медведев Ю.Лужковыг буулгадаг шиг.
-Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг УИХ-аас томилсон. Харин Үндсэн хуулийн цэцийн дарга тодорхойгүй байна. Албан бус мэдээгээр Ерөнхий прокурор асан Н.Алтанхуяг цэцийн даргад томилогдох нь гэсэн сураг байна?
-Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүнийг гурав гурваар нь Ерөнхийлөгч, УИХ,Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлдэг. Цэцийн гишүүдийг улираан томилсон нь хуулийн дагуу хийсэн ажил гэдгийг онцлон хэлье. Одоогоор УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд Н.Алтанхуяг гэдэг хүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлсэн асуудал орж ирээгүй ээ.
УИХ-ын дарга нэр дэвшүүлж, Төрийн байгуулалтын байнгын хороогоор оруулсны дараа манай байнгын хороонд оруулж ирэх хуулийн заалт бий. Гишүүний тухай асуудал ярьж байгаа болохоос биш даргын асуудлыг бид ярьдаггүй. Харин Үндсэн хуулийн цэцийн гишүүд бүрдсэн тохиолдолд Цэцийн гишүүдийн олонхийн саналаар даргаа сонгоно.
-Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг байнгын хороодоор хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж байна. Харин сонгуулийн тогтолцооны асуудлыг хойш тавиад байна. УИХ дахь намын бүлгүүд Сонгуулийн холимог тогтолцоон дээр санал нэгдсэн гэж байгаа. Та ямар байр суурьтай байна вэ?
-Улс төрд байгаа хүн сонгуулийн тогтолцоо ямар байхаас айх хэрэггүй. Улсын хөрөнгө завшчихаад хуулийн ард нуугдах хүсэлтэй л биш бол сонгуулийн ямар ч тогтолцоо байсан шалгуураар нь орох бэлтгэлтэй байх учиртай.
Тиймээс миний хувьд сонгуулийн тогтолцооны хувьд энэ нь, тэр нь надад ашигтай гэдэг талаас нь харахгүй байна. Харин парламентыг хэрхэн үр дүнтэй байлгах, иргэдийн сонголтыг хууль тогтоох байгууллагад яавал зөв, шударга тусгах вэ, сонгуулийг будлиангүй шударга явуулах вэ гэдэг талаас нь сонгуулийн тогтолцоон дээр ач холбогдол өгч байна.
Энэ талаас нь харахад холимог тогтолцоо нь зөв болов уу гэж бодож байна. Жижиг мажоратори гэж яриад байгаа ганц нэг нөхрийг харахад УИХ-д дөнгөж орж ирчихээд улсын хөрөнгөнөөс завшсан хэдийгээ цацахад жижиг тойрог нь дээр гэж бодоод байх шиг санагддаг. Энэ асуудлыг олонхиороо л шийдэх учиртай.
-Та УИХ-д хоёр удаа сонгогдоод байна уу?
-Миний хувьд БНМАУ-ын Ардын их хурал, УИХ-д завсарлагатайгаар гурван удаа нэр дэвшиж, хоёр удаа сонгогдсон. Анх 1990 оны АИХ-ын сонгуульд Сангийн сайд С.Баярцогт бид хоёр хамгийн залуу нэр дэвшигч нь байсан. Тэгээд би ялагдаж, С.Баярцогт сонгогдсон. Бид Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэлээс нэр дэвшиж байлаа.
-Таны хувьд Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн даргаар ажилладаг. Хоёр орны парламентын бүлгийн хамтын ажиллагаа хийгээд сүүлийн үед хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
-Монгол-Энэтхэгийн парламентын бүлэг нь УИХ дахь уламжлалт үйл ажиллагаатай парламентын бүлгүүдийн нэг. Учир нь Энэтхэг улс бол манай улсын гуравдагч түнш.
Монгол Улс Энэтхэг улстай өнө эртний уламжлалт харилцаатай бөгөөд олон зуун жилийн өмнө Монгол Улсаас гадаад улсад суух хамгийн анхны элчин сайд нь Энэтхэг Улсад томилогдож байсан түүхтэй. Энэ түүхийг XIII,XIV зуунаас ярина. Энэтхэг Улс нь Монгол Улсыг НҮБ-д элсэхэд хамгийн анхны том дэмжлэг үзүүлж байсан нөлөө бүхий орон юм. 2009-2010 онд болсон дэлхийг хамарсан санхүүгийн хямралыг амжилттай давсан цөөн улсуудын нэг бол Энэтхэг.
Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа өргөжиж байна. Биднийг Энэтхэгт суралцаж байхад буюу 1990-ээд оны эхээр Монгол Улсаас хорьхон оюутан суралцаж байсан. Харин өнөөдөр 1000 гаруй оюутан Энэтхэгт суралцаж байна. Тиймээс Энэтхэг нь манай улстай цаашдаа ч илүү дотно харилцаатай байх орны нэг байсаар байна гэж хардаг.
Парламентын бүлгийн хувьд 20 гаруй гишүүнтэй бөгөөд үйл ажиллагаа нь УИХ-ын гадаад бодлогын хүрээнд явна. Өнгөрсөн хугацаанд хоёр орны хууль тогтоох дээд байгууллагын дарга нар харилцан айлчиллаа. Энэ айлчлалд манай бүлэг чухал үүрэгтэй оролцсон. Хоёр улсын парламентын бүлгүүд харилцан холбоо тогтоож, хамтын ажиллагаагаа тодорхойллоо.
Түүнчлэн Монгол Улсаас БНЭУ-д сууж байгаа болон БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран ажиллаж, хоёр орны найрамдал хамтын ажиллагааг бэхжүүлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.
БНЭУ-ыг тунхагласны өдөр, тусгаар тогтнолын өдрөөр Энэтхэгт ажиллаж, суралцаж байсан хүмүүсийн уулзалтыг Энэтхэгийн элчин сайдын яамтай хамтран зохион байгуулдаг. Мөн Энэтхэг Улсад хувийн журмаар зорчих иргэдэд тусламж, зөвлөгөө өгдөг. Ирэх наймдугаар сард Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн төлөөлөгчид туршлага судлах аялал зохион байгуулахаар төлөвлөж байна.
Г.Мандуул
Эх сурвалж: “Монцамэ”
URL: