Орон нутгийн залуустайгаа уулзах “Цахим хурал” тогтмол зохиогдоно

 

1Монголын Залуучуудын Холбооныхон өнгөрсөн жил 21 аймгуудаар тойрон орон нутгийн залуустайгаа уулзан, аймгийн залуучуудын чуулгануудыг зохион байгуулж, үйл ажиллагааг идэвхжүүлэн, эзэнтэй болгоод ирсэн. Тэгвэл өнөөдөр МЗХ-ны Гүйцэтгэх хорооноос аймгуудын Залуучуудын Холбооны тэргүүлэгч, тэргүүлэгч гишүүдийн хамтарсан уулзалт “Цахим хурал”-ыг Төрийн ордонд зохион байгууллаа. Тус цахим хурал нь анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд нийт 16 аймгийн Залуучуудын Холбооны удирдлагууд оролцсон юм. Залуус энэ үеэр МЗХ-оос санаачлан улс орон даяар хийгдэж буй томоохон ажлууд болох, “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн “Сумын залуус” “Ажлын гараа” төслүүд, “Залуу малчдын зөвлөгөөн”, “Залуу хүн” цуврал лекцийг орон нутгийн залууст хүргэх, “Орон сууцны эрэлтийн судалгаа”, “Спирт үү, спорт уу” аяны хэрэгжилт, 2014 онд тухайн аймгаас хэдэн төгрөг залуучуудын үйл ажиллагаанд зориулж төсөвлөсөн, хэрэгжилт ямар байгаа талаар мөн “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн дэд хөтөлбөрүүдийг орон нутагтаа хэрэгжүүлэх гээд олон ажлуудаа нэгтгэж ярилцсан юм. Мөн орон нутгийн залуусын “Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлого”-д тусгуулах саналууд болон МЗХ-ны шинэ дүрмийн хэлэлцүүлгийг зохион байгуулах талаар ч мөн яригдсан юм. Энэхүү Цахим хурал нь 14 хоногт 1 удаа зохиогдож байх бөгөөд орон нутгийн залуус нэг нэгнийхээ хийж буй шинэ санал санаачлагаас үлгэр дуурайлал авах, тулгарч буй асуудлуудаа хамтарч шийдэх, санал бодлоо солилцох үнэхээр чухал ажил болж чадлаа хэмээн орон нутгийн залуус онцолж байсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих