Саунд нь хүн амины хэрэг гарсныг захирал нь мэдээгүй гэв
Үхсэний хохь, амьдын зол гэгч хэлц үг өнөөдөр жинхэнэ бүрэн утгаараа хэрэгжиж байгаа гэхэд хилсдэхгүй. Үхсэн хүн үг хэлэхгүй гэх зарчимд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг хэтэрхий даварсан эрх мэдэл бүхий газар нэгээр нэмэгджээ. Учир нь Баянгол дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт орших “Хаш чулуун” хэмээх саун нь үйлчлүүлж буй хүндээ архи, согтууруулах ундаагаар үйлчилж, хэд л бол хэд хонуулдаг гэх нэгэн хэ¬рэг гарчээ. Бидэнд ирсэн мэдээллээр ийнхүү олон хоног тус саунд үйлчлүүлсэн нэгэн залуу амиа алдсан ноцтой хэрэг өнгөрсөн сарын сүүлээр гарсан байна. Тиймээс манай сурвалжлах хэсэг тухайн хэрэг үнэхээр гарсан эсэхийг тодруулахаар ЦЕГ-ыг зорив.Саунд дөрвөн өдөр үйлчлүүлээд амиа алджээ
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн ахлах ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн “2014 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн хоногийн мэдээнд Баянгол дүүргийн есдүгээр хороо Эрүүл мэндийн VI төвд 103-т өгсөн дуудлагаар хүргэгдэн ирсэн хүн нас барлаа гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Уг мэдээллийн дагуу хоёрдугаар сарын 23-ны 02.50 цагт шалгахад “Хаш чулуун” саунд хоёрдугаар сарын 19- нөөс хойш үйлчлүүлсэн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд оршин суух 42 настай эрэгтэй 0 гэгч нь тус сауны газарт үйлчлүүлж байхдаа бие нь муудаж 103-т дуудлага өгч түргэний машинаар Эрүүл мэндийн VI төвд хүргэгдэн очоод нас барсан хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгаж байгаа” гэсэн юм.
Үүнээс үзэхэд, амь насаа алдсан 0 гэгч нь “Хаш чулуун” саунд 3-4 хоног үйлчлүүлсэн болж таарч байгаа юм. Ийнхүү үйлчлүүлэгчээ “үхтэл” нь олон хоног саундаа цогц үйлчилгээ үзүүлсэн байна. Тиймээс манай сурвалжлах хэсэг “Хаш чулуун” сауныг зорьсон юм. Биднийг саунд очиход угтах үйлчилгээ үзүүлдэг бүсгүй их л ууртай угтав. Учир нь би хэвлэлээс явж байгаа учраа хэлээд хүн амины хэргийн талаар лавлан асуусан нь түүний уурыг хүргэсэн хэрэг. Угтагч бүсгүйн хэлж буйгаар “Манай саунд хүн үхээгүй. Хэн та нарт тийм мэдээлэл хэлсэн. Харин сүүлийн үед тийм мэдээлэл гадуур цацагдаад байгаа. Хэд хэдэн телевизээр мэдээ нь гарч байсан. Тэр худлаа мэдээлэл” гээд уурлаж гарав. Хэсэг хугацааны дараа ууртай угтагч бүсгүй биднийг тус сауны захирал н.Баясгалан хэмээх бүсгүйтэй уулзууллаа.
Хэргийг шалгаж байгаа цагдаагийн хэлтсийнхэн уг хэргийн талаар мэдэхгүй
“Хаш чулуун” сауны захирал н.Баясгалан ’’Манай саун тодор¬хой хэмжээнд байр сууриа олсон газар. Тиймээс манай өрсөлдөгч газрууд ийм худал мэдээлэл цацаж байгаа байх. Зүгээр л та нарт ийм худал мэдээлэл хэлсэн хүнээ л хэлчих. Бид ямар зорилготой ийм зүйл яриад яваад байгааг нь мэдэх хэрэгтэй байна. Хэрэв манай саунд хүн нас барсан бол одоо юу гэж ажиллаж байх вэ. Холбогдох байгууллагууд нь ирээд аль хэдийнэ үйл ажиллагааг минь зогсоочихсон байгаа” гэлээ. ЦЕГ-ын хоногийн мэдээнд бүртгэгдсэн хэрэг байтал угтагч бүсгүй тэр бүү хэл захирал хэмээх бүсгүй нь хүртэл энэ ноцтой хэргийн талаар мэдээгүй төдийгүй биднээс анх удаа сонсоод нүдээ бүлтийлгэн гайхах нь сонин.
Эх сурвалжийн хэлж буйгаар хохирогч залуу “Хаш чулуун” саунд үйлчлүүлэх гурван хоногтоо хоол, унд хэрэглэлгүй зөвхөн тус саунаас архи, пиво авч ууж байсан гэх. Тиймээс бид манай улсад сауны стандарт гэдэг зүйлд архи согтууруулах ундаа зарж борлуулахыг зөвшөөрдөг, нэг үйлчлүүлэгч 3-4 өдрөөр үйлчлүүлээд байж болдог эсэхийг мэдэхээр МХЕГ-ыг зорив. Гэтэл мэргэжлийн хүний хэлж буйгаар MNS 5164:2010 стандартын 5.7-д “Согтууруулах төрлийн ундаагаар үйлчлэх,
үйлчлүүлэгчийг согтууруулах ундаатай нэвтрүүлэхийг хориглоно” хэмээн заасан байна. Гэтэл хохирогч залууд нэг биш хоёр биш бүр гурав хоног согтууруулах ундаа зарж байсан байх юм. Түүнчлэн 7.6-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйл хэрэглэсэн хүнд үйлчлэхгүй байх гэсэн заалтыг өрсөлдөгч олонтой гэх “Хаш цогцолбор” хэмээх харшийн ажилчид мэддэггүй ажээ.
Ямар ч хүн амиа алдаагүй гэж үгүйсгээд байсан учир бид хэргийг шалгаж байгаа гэх Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст очиж хэр¬гийн талаар тодруулав. Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэрэг бүртгэлийн хэлтсээс өгсөн мэдээллээр ‘Хаш чулуун” саунд хүн амины хэрэг гарсан гэсэн бүртгэл байхгүй. Тиймээс хэрэг нь бүртгэгдээгүй байгаа учир мэдээж тийм хэрэг шалгагдаагүй” гэлээ. Ингээд дампуурлын үүр, уурхайг бий болгосон “Хаш чулуун” хэмээх саунд амиа алдсан гэх хэргийг үйлчлүүлж байсан сауны захирал, хэргийг нь шалгаж бай¬гаа цагдаагийн хэлтсийнхэн мэдэхгүй байгаа нь хачирхалтай.
Эмнэлэгт цогцос хүргэгдэн иржээ
Эх сурвалжийн хэлж буйгаар “Хаш чулуун” саунд 3-4 өдөр үйлчлүүлсэн залуу энэ өдрүүдэд ганцхан бэлэн гоймонгоос өөр ямар ч зүйл идээгүй гэнэ. Тэр бүү хэл нас барсан залуугийн бүх бие нь шар, ногоон өнгөтэй болсон байжээ. Энэ нь хохирогч олон
нийтийн саунд үйлчлүүлэхийг хориглосон буюу халдварт өвчтэй байсан байх магадлалтай байж болох юм. Тиймээс бид хохирогч залуу амиа алдах болсон шалтгаан нь юу байв, ямар учраас түүний бие шар ногоон өнгөтэй байсан зэрэг мэдээллийг авахаар Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг хуучнаар Эрүүл мэндийн VI дугаар төвд очсон юм.
Баянгол дүүр¬гийн нэгдсэн эмнэлгийн Тасгийн эрхлэгч Б.Шинэхүү “Хоёрдугаар сарын 23-ны 02.00 цагийн орчим “Хаш чулуун” саунд үйлчлүүлж байсан гэх хүн манай эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Хүргэгдэн ирэхдээ аль хэдийнэ амьсгал хураачихсан цогцос ирсэн. Тиймээс манайхаас тухайн хүний өвчний талаар мэдээлэл өгөх боломжгүй. Цогцсыг шүүх эмнэлэг рүү шилжүүлсэн. Та бүхэн шалгагдаж байгаа цагдаагийн газар, эсвэл шүүх эмнэлгээс очиж мэдээлэл авах хэрэгтэй байх” гэв.
Гэтэл нөгөө цагдаагийн газар нь бидэнд мэдээлэл өгөх нь битгий хэл тийм хэрэг болоогүй, манайд мэдээлэл алга хэмээн хээвнэг хариулаад сууж байх. Үүнээс үзэхэд иргэдэд Хаш ресторан, Хаш караоке, Хаш чулуун саун гээд үнэхээр цогц үйлчилгээ үзүүлдэг “Хаш цогцолбор” нь архи,согтууруулах ундаа борлуулан, олон хоногоор архидуулаад олдог орлогоосоо салахыг хүсээгүй бололтой. Тиймээс ч уг хүн амины хэргийг нуун дарагдуулах гэсэн байж болох юм. Учир нь ЦЕГ, Эрүүл мэндийн VI төвийнхөн хэрэг болсныг гэрчилж байхад Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс, сауны захирал мэдэхгүй хэмээн мэлзэж байгаа нь эргэлзээ төрүүлж байна.
|