Дугаарын хязгаарлалт буруу юм биш үү

e6ecea91e25f9fa5bigНийслэлийн шинэ удирдлагууд эрх мэдлээ хүлээж авмагцаа хийсэн зохицуулалтуудын хамгийн их ач холбогдолтой нь автомашиныг дугаарын хязгаарлалттайгаар хөдөлгөөнд оролцуулах явдал байсан билээ.

Анх гаргахдаа “Гудамж төсөл” хэдэн уулзвар застал жаахан тэсчих. Арваннэгдүгээр сар гэхэд түгжрэл бүрэн арилчихна, тэр үед дураараа яваарай” гэж байснаа дараа нь ноёны бөх шиг хоёр, гурав нахин санал асуулга авахуулж байгаад “мөнхийн” болгож орхисон энэ захирамж эхэн үедээ замын бөглөөсийг арилгаж үнэхээр чадаж байсан.

Ганц тэрэгтэй борчуул нь машин сорьж унах чадалтай баячуудыг чөлөөтэй, саадгүй зорчуулахын тулд долоо хоногийн нэг өдөр хотын замыг чөлөөлөх үүрэг хүлээж байна.

Харин одоо ач холбогдол нь хэвээр ч иргэдээ ялгаварласан, хувийн өмчийг хэрэглэхийг нь боогдуулсан тэр нэг шинж чанар нь улам бүр тодроод байна. А нх дугаараар хязгаарлалт хийх санал гарахад хоёр машинтай, дахиад нэг машин авчих чадалтай улсууд гараа өргөн дэмжсэн. Одоо тэгвэл нэг машинтай нөхдүүд дугаарын хязгаарлалтыг давахын тулд дахиж машин авсаар нийслэлийн зам ямар ч үед түгжрээтэй байх болсон байна. Ам.долларын ханш чангарсан зэргээс үүдээд иргэдийн худалдан авах чадвар сүүлийн үед эрс муудаад байгаа билээ.

Импортын хэмжээ ч өнгөрсөн жилийнхээс багасах нь тодорхой болсон. Гэтэл автомашин бол нэгд, хүн бүр авч чадахгүй, авч чадах хүнд бол хэрэгцээ гарвал хэдийг ч авч болох бараа. Чухам энэ байдлаас болоод ганц тэрэгтэй борчуул нь машин сорьж унах чадалтай баячуудыг чөлөөтэй, саадгүй зорчуулахын тулд долоо хоногийн нэг өдөр хотын замыг чөлөөлөх үүрэг хүлээж байна. Мэдээж ийм доромжлолыг хэн хүлээж тэвчих билээ.

Боломж гарангуут машин авахаар мөнгөө хурааж эхэлнэ биз дээ. Угаасаа ч тэгж байна. Боломж бололцоогүй нэгэн нь дугаар нь явдаггүй өдөр ах дүүсийнхээ машиныг гүйх зэргээр аргалж байгаа бол мөнгөтэй нэг нь шууд л шинэ машин авахыг илүүд үзэж байна. Өөрөөр хэлбэл, дугаарын хязгаарлалт, буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хориглох зэрэг хэрэгжсэн хэрэгжээгүй тогтоолууд нь автомашины тоог бууруулах биш, харин ч улам нэмэгдүүлэх хүчин зүйл болсон нь ажиглагдах боллоо.

Автомашины онцгой албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2012 онд автомашины импорт өмнөх жилийнхээсээ 30 хувиар буурч байв. Харин одоо иргэд замын хөдөлгөөнд чөлөөтөй оролцохын тулд хоёр автомашин авах шаардлагатай болж, импорт эргээд сэргэх хандлагатай болжээ. Ингэхдээ БНСУ-аас оруулж ирэх автомашины тоо нэмэгдсэн байна. Иргэд “Яваандаа япон машиныг хориглож магадгүй” гэж хаширласнаас ийм үр дүн гарч байгаа бололтой.

Буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг хориглох асуудал сөхөгдөх үед гарч байсан “Японоос автомашин оруулж ирдэг бүлэглэлийг дарах гэсэн оролдлого”, “Хотын удирдлагууд “Хьюндай”, “Киа”-гийн лоббиг хийж байна”, “Солонгосоос машин оруулж ирдэг нөхдүүдийн хийж байгаа ажил” гэх зэрэг мэдээлэл гарч байсан. Үнэний ортой болох нь ийнхүү амьдрал дээр харагдаж эхлэв бололтой.

Ямартай ч нийслэлийн бийлэгжүү гэгдэх хэсэг нь аль хэдийнэ хос машинтай болчихоод, “дугаарын хязгаарлалт гэдэг чинь яасан аятайхан юм бэ”, “Одоо бүр тэгш сондгойгоор нь хязгаарлачихаасай” гэсэн шиг юм яриад хотын гудамжаар сүнгэнүүлж явна. Харин “саалийн ганц” гэдэг шиг хөл дүүжлэх ганц унаатай нь “Дугаарын хязгаарлалтаа больчихоосой” хэмээн эгдүүцэж байгаа юм.

Уг нь бол дарга нар ч гэсэн нэг их хяхаж хавчаад хязгаарлаад баймааргүй л байсан байлгүй. Даанч зам нь дэндүү нарийхан, машин нь дэндүү олон болохоор чөлөөтэй болгочихвол түгжрээд салахгүй л дээ. Бүгдээрээ түгжирч байснаас дугаараар хязгаарлачихаад мөнгөтэй улсууд нь ч болтугай ажлаа амжуулж яваг л гэж бодсон байлгүй дээ.

Х.Батсайхан

/Монголын мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих