“Ардчилал бол хувийн өмчийн дайсан”
Манайхан “төрийн эргэлт” хийснээс хойш 24 жил өнгөрчээ. Энэхүү эргэлтээ ардчилал хэмээн нэрийдсэн юм. Ардчилал сайхан. Хүн бүр эрх чөлөөтэй, дэлхийн аль ч улс оронд чөлөөтэй зорчиж, дээрээс нь хэнбугайг ч юу ч гэж хэлсэн яах ч үгүй. Дээрээс нь 30 гаруй жилийн турш хурааж, хуримтлуулсан нийгмийн, төрийн гэх эзэнгүй хөрөнгүүдийг бидэнд хувааж өгсөн. Чухамдаа, хамгийн гоё нь энэ. |
Хамгийн анхны бага хувьчлалын дуудлага худалдаа 1991 оны зургадугаар сарын 24-нд Эдийн засгийн коллежийн хурлын танхимд болж, Сүхбаатар дүүргийн аж үйлдвэрийн барааны 31 дүгээр дэлгүүрийг худалдсан түүх бий. Иргэн Г.Баясгалан энэ дэлгүүрийг анхны үнээс нь гурав дахин их үнээр авсан гэж хувьчлалын түүхэнд бичжээ. Мөн их хувьчлалын анхны төсөл болох “Монгол шаазан” пүүсийг нэг сая төгрөгөөр хувьцаат компани болгон хувьчилсан байна.
Ингээд л өнөөх цэнхэр, ягаан тасалбарын эрин эхэлж, олон мянган объект, мал хунарыг хувьчилсан байдаг. Тэрхүү хувьчлалын үед буюу 1991 онд анх Хөрөнгийн биржийг байгуулж захирлаар нь 26 настай олонд танигдаагүй залууг томилж байжээ. Тэр нь өнөөгийн Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал юм. Тэрээр “Өдрийн сонин”-ы 2010 оны наймдугаар сарын 26-ны дугаарт өгсөн ярилцлагадаа “…Бидэнд өмч нийгэмчилж байсан туршлага байснаас хувьчилж байсан туршлага байсангүй. Улсын ийм их өмч ард иргэдэд шилжиж байж л амь орж, үйлдвэрлэл сэргэж, иргэд ажилтай мөнгөтэй болно. Эндээс өмчийг хэрхэн ард иргэдэд өгөх тухай асуудал гарсан…” хэмээн дурссан нь бий.
Мөн 1998 оны наймдугаар сарын 18-нд тэр үеийн Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд “Азийн орнуудын өмч хувьчлалын туршлага” чуулган дээр хэлсэн үгэндээ “…Тавигдаж буй зорилтыг хэрэгжүүлэхэд тухайн үед улс орны өмчийн 90 гаруй хувийг эзэлж байсан төрийн өмчийн нэлээд хэсгийг хувийн секторт шилжүүлэх явдал байлаа. Энэ нь 1990 оны эхэн үед Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалын гол зорилтуудын нэг болон дэвшигдэн тавигдсан юм…Их хувьчлалын хүрээнд 400 гаруй хувьцаат компани, 200 шахам хязгаарлагдмал хариуцлагтай компани үүссэн. Хувьчлалын дүнд үүссэн эдгээр компани өнөөдөр Монгол Улсын эдийн засагт гол үүргийг гүйцэтгэж байна…” гэж байв.
Төрийн өмчийн хорооны дарга байсан, одоогийн УИХ-ын гишүүн “Монгол шуудан” Д.Зоригт 1999 онд “Шинэ үе” сэтгүүлд бичсэн нийтлэлдээ “…Монголчууд бид улс төрийн эрх чөлөөнөөс гадна хувийн эрх чөлөөний салшгүй чухал хэсэг болох өмчлөх эрхтэй болж, манай улсад тэлж өргөжин бэхжиж буй хувийн хэвшил бүрэлдэн тогтож, төлөвших үйл явц эргэлт буцалтгүй үргэлжилсээр байна…” гэж бичиж байжээ.
Энэ мэтчилэн “Өмч хувьчлал, хувийн өмч бол ардчиллын амин сүнс” гэх лоозон уриаг ханатлаа ярьж бичсээр, бас хувьчилсаар 23 жилийн ард гарчээ.
Харин жил гаруйн өмнөөс өнөөх ардчилагчид, хувьчлагчид маань огт өөрөөр ажиллаж эхлэв. Тэд хувийн хөрөнгийг “нийгэмчлэх” маягийн ажиллагаа явуулах болов.
Хамгийн сүүлд, хэдхэн хоногийн өмнө “АСА” циркийн хувьчлалыг эргэж харах нь зүйтэй гэсэн ШӨХТГ-ын дарга О.Магнайгийн үг дээрх “нийгэмчлэх аян”-ы тодорхой жишээ хэмээн ярих хүн олон байна.
“Улаанбаатар таймс” сонин, түүний байр, “Өргөө” зочид буудлын хувьчлалыг буцаасан. “Нийслэл өргөө” ХХК-ийн захирал Б.Ганзоригийг баривчилж хориод, эзэмшилд нь байсан газрыг хураан авсан. Сонгинохайрхан дүүргийн XXI хорооллын тэр газар дээр нь Нийслэлийн шинэ захиргааг барина гэх.
АМГ-ын дарга асан Д.Батхуягийн хэрэг гээчээр далимдуулан иргэдийн олон лицензийг хурааж авсан. “Авзага трэйд”-ийн барьж байсан томоохон барилгыг “Хууль бусаар барьсан байна, нураана” гэж сүрдүүлсээр захирал П.Мэндбаярыг нь АН-д элсүүлсэн гээд хувийн өмчийг “тээрэмдсэн” талаарх мэдээ, баримт зөндөө байна.
2012 оны аравдугаар сард Unen.mn сайт дээр иргэн С.Лувсанхүү ярилцлага өгснийг үзэв. Гандангийн дэнжийн оршин суугч тэрээр Хотын дарга, Ардчиллын алтан хараацай, Монгол Улсын баатар Э.Бат-Үүлд үг дайжээ. Тэрээр “…Э.Бат-Үүл өөрийн орлогч Н.Гантөмөртөө “Энэ хүний асуудлыг шийдээд, хол богдох архитектор, газ рын хүмүүстэй уулзуул…” гэж хэлсэн. Нөгөөх нь намайг архитектор Одбаяр гэдэг хүнтэй уулзуулсан. Би барилгынхаа зургийг үзүүлж, учир байдлаа хэлэн ганцхан дулааны сүлжээндээ холбогдож чадахгүй байгаагаа тайлбар ласан. Харин тэр “Танай байшин чинь анхнаасаа батлагдааг үй зураг төслөөр хийгд сэн байна. Техникийн нөхцөлөө аваагүй юм байна шүү дээ. Ийм байшинг нураадаг юм…” гэсэн хариу өгсөн. Өөрийнхөө гэрчилгээтэй газар дээр, өөрийн хөрөнгөөр байшин бариад түүнийгээ дулаан, шугам сүлжээнд холбуулах гэсэн чинь зураг төсөл буруу байна, нураана гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Түүнээс хойш яахаа мэдэхгүй ингээд л явж байна. Ямар ч байсан байшингаа нураалгахгүй. Энэ чинь миний өмч. Хувийн өмч. Хувийн өмч гэдэг юмыг халдаж дайрахгүй, хайрлаж хамгаалах ёстой гэдэг чинь Э.Бат-Үүлийн ч биш Ардчилсан намын, ардчиллын гол үнэт зүйл биз дээ..” гэсэн юм. Бодох л үг.
Юм л бол хураана, хорино, нураана гэх болсон өнөөгийн бодлого лав 1990-ээд онд хувьсгал гээчийг хийж явах үеийнхээс нь тэс ондоо харагдаж буй. Түүнчлэн ардчиллынхны бүрдүүлсэн Засгийн газар, Улаанбаатар хотын захиргаанаас хувийн өмчид халдсан захирамж, шийдвэр цувсаар удсаныг олон нийт, учир мэдэх хүмүүс хэлсээр, ярьсаар байгаа. Газар эзэмших, өмчлөх, олгохыг хугацаагүй зогсоочихсон. Энэ хавар эхэлнэ гэсэн сураг бий. Үүнийхээ хажуугаар энд тэндхийн зуслангийн газруудын зөвшөөрлийг бөөнөөр нь цуцалж, бас зарим нэг дүүргийн Засаг дарга “нууц ноёнтон”-ыхоо заавраар худалдаа үйлчилгээний зориулалтаар гэрчилгээ зөвшөөрлөө авсан газруудыг цуцалж, “тушаал”-аар нь эргүүлэн сэргээж байгаа тухай мэдээлэл бий. Энэ мэтчилэн ардчилагчид хувийн өмчид үнэхээрийн халтай байна. Тэд өнөөдөр “Ардчилал бол хувийн өмчийн дайсан мөн” гэсэн лоозонтой ажиллаж буй бололтой.
Б.ДАМДИН-ОЧИР
polit.mn
URL: