Шинэ замын трасс “Өгөөмөр” захын “өмч” болчихжээ

 3-21-5

“Өгөөмөр” захын зүүн талд 64 чингэлэгтэй талбайг чөлөөлж, хойшоо Халдварт өвчин судлалын үндэсний төвийн замтай холбох замын трасс гаргаж хөдөлгөөний нягтралыг сарниулах зохицуулалт хийхээр төлөвлөөд байна. Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд Өгөөмөр захын удирдлагууд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай байгуулсан санамж бичгийн дагуу хамтран ажиллахаа илэрхийлжээ хэмээн нэгдүгээр сарын дундуур Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлж байв.

825 метр шинэ замын трасс гаргах энэ ажлыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ арваад хоногийн дотор хийж гүйцэтгэсэн юм. Ингэхдээ 0.15 км газрыг чөлөөлж, 1530.4 м.куб шороон далан байгуулж, тэгшилгээ хийж ашиглалтад оруулж байв.

Тэрхүү трасс өдгөө үгүй болжээ. “Өгөөмөр” захынхан ойролцоох замаа хашаалан, өглөө оройгүй түгжиж, өдрийн цагаар зорчиж буй тээврийн хэрэгслээс мөнгө авч нэвтрүүлэх болсон байна. Уг нь дээрх ажлыг төсвийн мөнгөөр хийж гүйцэтгэсэн байдаг. Гэтэл “Өгөөмөр” захынханд дахин нэг хаалга гаргаж өгч, араас нь ордог гарц хүртэл бэлдэж өгсөн бололтой. Монголын хууль гурван хоног… гэдэг. Хотын дарга нарын дээрх шийдвэр долоо хоног болж, “Өгөөмөр” захынхан долоо хоног хэртэй уг трассыг зориулалтаар нь байлгасан тухай тэр хавийн иргэд, оршин суугчид ярьж байна.

Б.ДАМДИН-ОЧИР

polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих