ДАРАЛТ ИХСЭЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
Зүрх судасны өвчнүүдийн дотор цусны даралт ихдэх өвчин хамгийн түгээмэл тохиолддог. Манай улсын насанд хүрэгчдийн 40 хүртэлх хувь, үүнээс 65-аас дээш насныхны 60 хувь нь энэ өвчнөөр өвчилсөн байна.
Цуснаас судасны хананд үзүүлж буй даралт ихсэхийг гипертензи буюу цусны даралт ихсэх өвчин гэнэ. Цусны даралт дээд болон доод хязгаар( эдгээрийг систолик ба диастолик даралт хэмээн нэрлэдэг)-тай байх бөгөөд тэдгээрийг мөнгөн усны баганын миллиметрээр хэмждэг. 120/80 үзүүлэлттэй даралтыг хэвийн гэж тооцох ба 140/90-ээс өндөр бол цусны даралт ихэссэн гэж үзнэ.
Манай улсын хүн амын 3 хүний 1 нь зүрх судасны тогтолцооны өвчний улмаас нас барж байна. Хүн амын дундах цусны даралт ихсэлтийн тархалт 27,5 хувь, энэ нь эрэгтэйчүүдийн дунд илүүтэй байгаа нь бүсийн орнуудыг тэргүүлж байна.
ЦУСНЫ ДАРАЛТ ИХЭССЭНИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
Цусны даралт нь ихэдсэн байгааг ихэнх хүн огт мэддэггүй, учир нь тэдний биеийн байдал хэвийн байж, ямар нэгэн зовиур, түгшүүрийн шинж тэмдэг илэрдэггүй байна. Ийм ч учраас цусны даралт ихдэх өвчнийг “ чимээгүй алуурчин” хэмээн нэрлэдэг.
Энэ өвчин хэдэн жилийн туршид огт илрэхгүй явсаар гэнэт тархины цус харвалт , цээжний бах( стенокарди), зүрхний шигдээс ( зүрхний инфаркт), зүрхний үйл ажиллагааны дутагдал, бөөрний дутагдал зэрэг судасны системийн ноцтой эмгэг үүсэхэд хүргэх нь түгээмэл.
Цусны даралт удаан хугацаагаар, тогтмол ихсэх, эмчилгээнд үр дүнгүй байх нь дараах гол чухал эрхтэнүүдэд нөлөөлдөг. Үүнд:
- Зүрх- зүрхний зүүн ховдлын булчингийн томрол, зүрхний булчингийн тэжээлийн дутагдал, эсвэл үхжил, зүрхний үйл ажиллагааны дутагдалд хүргэх,
- Тархи- тархины цусан хангамж хомсрох, эсвэл цус харвах
- Бөөр – бөөрний үйл ажиллагаа муудах
- Нүд- нүдний торлогт цус харвах, мэдрэлийн диск нь хавагнах, нэвчдэс хурах,
- Судсанд- захын судсанд эмгэг үүсэх зэрэг болно.
Цорын ганц найдвартай арга бол цусны даралтаа хэмжих!
Гэхдээ зарим хүнд цусны даралт ихдэх эрсдэл байгааг илтгэх дараах шинж тэмдэгүүд илэрдэг бөгөөд хэрэв энэ нь ойр ойр давтагдаж байгаа бол онцгой анхаарах шаардлагатай юм. Үүнд:
- Толгой өвдөх, эргэх
- Нүд эрээлжлэх
- Нойронд муу болох
- Дотор муухайрах, бөөлжих
- Зүрх дэлсэх, өвдөх, амьсгаадах зэрэг болно.
Цусны даралт ихсэх өвчний эхний шатанд ийм шинж тэмдэг илрэхгүй ч байж болохыг анхаарах нь чухал. Үүгээрээ энэ өвчин илүү хор уршигтай юм. Тиймээс даралт ихсэлтийг хүндрүүлэхгүйн тулд биеийн байдал хэвийн байсан ч цусны даралтаа тогтмол хэмжиж байх нь зайлшгүй шаардлагатай.
Цусны даралт нэгэнт ихэсдэг бол хуанли дээр өдөр бүр даралтаа тэмдэглэж байгаарай.
ЦУСНЫ ДАРАЛТАА ХЭМЖИХ
Даралт ихсэлтийг оношлох, эмчлэхэд нэн тэргүүнд цусны даралтыг зөв хэмжих шаардлагатай. Хэмжилтийг зөв хийх нь тохирсон онош, эмчилгээг эрт, зөв тохируулан хийх үндэс болдог. Иймд дараахь зүйлийг мөрдлөг болгоорой.
- · 30 минутын өмнө хүнд дасгал, хөдөлгөөн хийгээгүй байх
- · Их идэх, кофе, цай, коко-кола уугаагүй байх
- · Даралтаа хэмжихдээ чимээгүй, хөлөө ачихгүй, шалан дээр хөлийн тавхайгаа бүрэн нааж , тайван суух
- · Бугалгыг чөлөөтэй байлгах богино, эсвэл дээш шуухад хялбар ханцуйтай хувцас өмссөн байх.
- · Даралт үзэхийн өмнө бие засах, аль болох давсаг сул байх
- · Эм уухаасаа өмнө ялангуяа өглөө оройд хэмжих
ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧИН ЮУНААС ҮҮДЭЛТЭЙ ВЭ?
Цусны даралт ихсэж, буурах нь янз бүрийн шалтгаантай байж болно. Үүнд:
Илүүдэл жин. Биеийн жин болон цусны даралтын түвшин хоорондоо шууд хамааралтай байдаг. Биеийн өөхний хэмжээ хэт их байх нь даралт ихсэлт үүсэх урьдчилсан хүчин зүйл болдог.Биеийн жин нэмэгдэл 1 кг тутамд даралт 1-2 мм мөнгөн усны баганаар өснө. Үүнд: цээж, бэлхүүс хавийн өөх илүү их нөлөөлдөг байна. Бүсэлхий тойргийн хэмжээ эрэгтэйчүүдэд 90 см, эмэгтэйчүүдэд 80 см- ээс их байх нь эрсдэлтэй байдаг.
Шорвог, тостой хоол. Тостой, ялангуяа шорвог хоол идэх нь цусны даралт ихдэхэд нөлөөлнө. Ийм өвчтэй ихэнх хүмүүс хэвийн даралттай хүмүүсээс 3 дахин их давс хэрэглэдгийг тогтоосон байна.
Тамхи татах. Тамхи татахад судас агшина. Энэ нь цусны даралт ихдэхэд хүргэх бөгөөд зарим тохиолдолд ганц тамхи татахад л даралт мөнгөн усны баганын 10-30 мм-ээр нэмэгддэг.
Хөдөлгөөний дутагдал. Суугаа амьдралын хэв маягтай, эсвэл хөдөлгөөний хомсдолтой хүмүүсийн хувьд цусны даралт ихсэх нь амьдралын идэвхтэй хэв маягтай хүмүүстэй харьцуулахад 20-50 хувиар өндөр байдаг.
Сэтгэл зүй, нийгмийн шалтгаан. Бухимдал, мэдрэлийн ядаргаа нь цусны даралт ихэсгэнэ. Энэ нь ялангуяа хотын оршин суугчдад онцгой хамаатай.
Удамшил. Цусны даралт ихдэх өвчний үндсэн шалтгаануудын нэг нь удамшил юм.
Чихрийн шижин. Энэ нь өөр нэгэн томоохон хүчин зүйл болно.
Нас. Цусны даралт ихсэх, даамжрах нь хүний настай шууд хамааралтай байдаг ба нас ахих тусам эрсдэл улам их болдог.
Хүйс- эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдээс илүү уг эмгэгт өртөх эрсдэл ихтэй.
Хэрэв танд дээрхийн аль нэг нь байгаа бол цусны даралт ихдэх өвчин үүсэх эрсдэл ихээхэн нэмэгдэнэ.
ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНӨӨС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?
Эрүүл зохистой хооллох
- · Хэт их идэхгүй байх.
- · Тогтмол хооллох: өдөрт олон удаа ( 4-6 удаа ), бага багаар, тогтмол цагт хооллох нь зохистой бөгөөд унтахын өмнө хэт их идэхээс зайлсхийх нь зүйтэй.
- · Шинэхэн хүнс сонгох, жимс, ногоог түлхүү хэрэглэж, хоолыг ууранд жигнэх, бага усанд зөөлөн гал дээр жигнэх, чанаж болгох нь зохистой.
- · Өөх тос, давс, чихрийн хэрэглээг багасгана.
Биеийн хөдөлгөөн хийх
- · Явган явах, цахилгаан шат, нийтийн тээврээр зорчихоос аль болох татгалзах
- · Өглөөний дасгал хийх
- · Спортоор хичээллэх
- · Эрүүлжүүлэх биеийн тамираар хичээллэх – явган алхах, гүйх, усанд сэлэх, дугуй унах, цанаар гулгах.
Бухимдалтай тэмцэх
Үүнд бясалгал, ауто тренинг, йог, биеийн тамирын дасгал онцгой нэмэртэй байдаг.
Эмнэлгийн үзлэгт тогтмол орж байх нь даралт ихсэлтийг хянахад хамгийн чухал.
Эрүүл мэндийн газар
URL: