Хөрөнгөт нийгмийн харанхуйг илчлэгч

527-13952846141620870_287589368061979_1973108062_nНорвегийн жүжгийн сонгодог зохиолч Г.Ибсений /1828-1906/ бичсэн “Хүүхэлдэйн байшин буюу Нора” жүжгийг Улсын драмын эрдмийн төатрын тайзнаа найруулан тавив. Энэ жүжигт хөрөнгөт нийгмийн бузар булайг шүүмжлэн, үнэний төлөө тэмцлийг харуулжээ. Норагийн дүрийг урлагийн амьдралд төрсөн “жинхэнэ хүн” гэж Ф.Энгельс үнэлж байжээ.

Дэлхийд алдаршиж тайзны урлагийн мастеруудын авьяас билгийг сорьсоор ирсэн Нораг жүжигчин Н.Сувд үзэгчидтэйгээ анх уулзуулж түүний дүрийг зөв зүйтэй гаргалаа. Эхлээд Нора хөнгөн хийсвэр зантай мэт байвч нийгэм орчноо ухаалгаар таньж мэдэрсэн идэвхтэй зоригтой баатар болох нь тоглолтын явцад илэрч байна.

Бусдаас мөнгө нууцаар зээлж, өвчтэй нөхрөө эмчлүүлэн эдгэрүүлсэн түүний хүнлэг чанараас үүдэн, хувиа хичээгчидтэй зөрж буй Норагийн дүрийн шинж чанар жүжгийн явцад өсч аюултай байдлын дунд гэрээсээ явах их хүч түүнд бий болж буйг жүжгийн гол санаатай нягт уялдуулжээ.

Крогстадыг ажлаас халсан тухай мэдээ Норад хүнд цохилт болж байгааг сүлд модны чимгийг шалан дээр алдаж байгаа зүйрлэлийн аргаар харуулжээ. Энэ мэт жүжигчний бүтээлч эрлийн дунд бий болсон уран сайхны дүрслэл цөөнгүй байна. Бүтээгчид жүжгийн гогцоо үйлдлийг Хельмерийн мөн чанар илэрснээр сонгон авчээ.

Тийм гогцоо үйлдэл нь бусад баатруудын хувь заяаг улам тодруулж зөрчил тэмцлийг хурцатгав. Үнэндээ баатруудын жинхэнэ хувиралт, үйлдэл, эорилгын эрс эргэлт, зохиогчийн нэрлэснээр “Хүүхэлдэйн байшин”-д энэ мөчид болж байгаа юм.

Хельмер гэгч хэн байв? Эхнэртээ хайр халамжтай, хүнд туслахыг хичээдэг даруу зантай боловч тэр эгзэгтэй мөчид бусдыг золиосонд гаргахаас буцахгүй, хувиа бодсон арчаагүй үзэлтэн болжээ.

Түүний мөн чанар энэ л байна. Өмгөөлөгч Хельмерийн дүрийг бүтээсэн П.Цэрэндагвын тоглолтод өгүүлсэн санаа бүрэн агуулагдсан дүрийнхээ шугамд эргэж дүн шинжилгээ хиймээр зүйл ажиглагдав.

Жүжгийн үйл явдлыг бүхэлд нь эргүүлж буй Хельмерийн “баг урагдсан” хэсэгт жүжигчний бие, сэтгэхүйн үйлдэл нэгдээгүйгээс дүрийнхээ мөн чанартай авцалдахгүй байна.

Крогстад бол “Нора” жүжгийн туйлын зорилгод идэвхтэйгээр үйлчилж буй баатар юм. Хельмер, доктор Ранк нарын үгээр Крогстад “биеэ тоосон, ёс суртахууны талаар ялзарсан” хүн болон дүрслэгдэвч Хельмертэй харьцуулахад ямар нэг хүнлэг чанар түүнд байна. Жүжигчнээс сэтгэхүйн эмзэг мэдрэмж шаардсан нийлмэл бүтэцтэй Крогстадын дүрийг жүжигчин Г.Мягмарнаран чадварлаг бүтээв.

Баатрынхаа шинж чанарыг тодруулахын тулд тухайн агшинд тулгарч буй зөрчлийг зөв үнэлж түүнээс шийдвэрт шилжиж байгаа идэвхтэй үйлдлийг чөлөөт бодолтоор амжилттай гүйцэтгэжээ.

Гавьяат жүжигчин Д.Мэндбаярын бүтээсэн Линне хатагтайн дүр бол зовлон үзэж хатуужсан өөртөө ашигтай бол юу ч хийхээс буцахгүй, хэрэв хүнд тус болвол хариу хүлээж явдаг, дийлэнхдээ эсрэг шинжтэй дүр юм. Түүний дотоод сэтгэлийг жүжигчин зөв нээжээ.

Норагийн дүрийг тодруулахад чухал нөлөөтэй баатар бол доктор Ранк юм, Ранк Хельмерийнхний итгэмжит сайн нөхөр, асарч тусалдаг ганц хүн боловч Норад хайртайгаа илчилсэн нь нийгэм орчинтойгоо зохицож чадахаа больсон Нораг улам зоригжуулж үзэл бодолд эргэлт гарахад хүргэв.

Жүжигчин Ч.Алтан-Өлзийн төрх байдал Ранкийн дүрийн мөн чанарт нийцсэн бөгөөд баатрынхаа эмгэнэлт шинжийг голлон харуулахыг зорьжээ. Аминд аюултай өвчнөө мэдсэн мөртлөө сэтгэлээ барьж, далд санааг хадгалж чадсан нь Ч.Алтан-Өлзийгийн бүтээсэн дүрийн нэг ололт юм.

Жүжиг эхлэхэд нүүр царайд нь баяр баясал тодорсон Нора, Хельмер хоёр үзэгчдийн танхим руу ширтэн хөдөлгөөнгүй зогсож байна. Тэд хэдийгээр нэг зүг ширтэвч ертөнцийг өөр өөрөөр үзсэн “Хүүхэлдэй, хүүхэлдэйн эзэн” хоёр билээ.

Энэ санааг тодруулахын тулд найруулагч Г.Доржсамбуу уран сайхны харьцууллын арга хэрэглэсэн байна. Крогстад ирээд Нораг тойрон алхсан давтагдмал хөдөлгөөнөөр бүх баримтыг нотолж, түүнийг эрхэндээ оруулж буй утгыг илэрхийлжээ.

Тэгэхэд Ранк үхэхийнхээ өмнө Норад хайртайгаа илчлээд гурван лааны нэгийг үлээв. Нора цаашдынхаа эорилгыг шийдсэний эцэст нөгөөг унтрааж байна. /Хельмерийн лаа асаалттай байна/

Үүгээр Ранк, Нора хоёрын эрмэлзэл бодол, түрэмгийн хүчинд автан мөхөж буйг дүрсэлжээ. Хүн зөвхөн өөрийнхөө нэр төрийн төлөө амьдарвал гэмт хэрэг гэсэн санааг найруулагч Г.Доржсамбуу дэвшүүлж уран сайхны оновчтой дүрслэлүүдээр баяжуулжээ.

Зураач Б.Төмөрхуяг гүнзгий эрэл хийж ажилласан байна. Жужгийн үйл явдал Хельмерийн гэрийн гурван орчинд болж нэгээс нөгөөд шилжихэд нь зөвхөн тайзыг эргүүлэн, урьдах үзэгдлийн тавилга дараагийнхдаа нэмэлт үүрэг гүйцэтгэхээр бодож утгын нарийн холбоотойгоор хийжээ.

Гэр тохилог боловч хүйт даасан зэврүүн байдалтай, тавилга хогшил нь хүртэл хэврэг тайз чимэглэлээр Б.Төмөрхуяг зохиолчийн сэтгэлийн ертөнцийг нээж харууллаа.

Жүжгийн төгсгөлд Норагийн явахад тайзны гэрэл бүдгэрч хаалга онгойн цаана нь дундаа харанхуй нүсэр саарал хөшиг харагдав. Харин харанхуйн дээх нь үл мэдэх шар гэрэл тусав. Зураачийн энэ шийдэлд ямар утга агуулж байна вэ? Юуны өмнө жүжигт илэрхийлж байгаа гол зөрчил тэмцэл бол эвлэршгүй бөгөөд Норагийн шийдвэр эргэлт буцалтгүй юм.

Норагийн явснаар гэрийн илч гэрэл замхран арилж, худал хуурмагаар бүрхсэн хөрөнгөт нийгмийн гүн хар ангал аймшигтай харагдавч ирээдүйд учрах ариун үнэний гэгээ бий гэсэн санааг уран сайхны аргаар харуулжээ.

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа “Нора” жүжгийг тавьснаар нэгдүгээрт, дэлхийн сонгодог бас нэг бүтээлтэй үзэгчдээ танилцуулж, хоёрдугаарт хөрөнгөт нийгмийн харгис харанхуйг илчилж, ангийн эвлэршгүй тэмцлийг тодруулжээ.

Театрын шүүмжлэгч Н.Ганхуяг


URL:

Сэтгэгдэл бичих