Одонгоор шагнуулсан ээжүүдээс мөнгө хураажээ

“Монголын ахмадын чөлөөт холбоо”-ноос алдарт эхийн одонг олгох ажлыг хороон дарга нар хууль бусаар ашиглан, мөнгө завшиж байгаа талаар өчигдөр мэдээлэл хийлээ. МАЧХ-ны тэргүүн Г.Баасан “Энэ сард алдарт эхийн одонгоор шагнуулсан Баянгол дүүргийн хоёр, 10 дугаар хороонд оршин суух ээж бүрээс 5000-30000 төгрөг хурааж авсан байна. Үүнийг тооцоолбол нийт есөн сая төгрөг болж байгаа юм.

Иймд холбогдох байгууллагууд шалгаж, учрыг нь олох хэрэгтэй. Эхчүүдийн одонгийн асуудлаар нэр төр хөөцөлдөж, бизнес хийх ажил явагдаж байгааг манай холбооны зүгээс эсэргүүцэж байна. Улсын Их хурлын гишүүн Д.Очирбат, Ц.Цэнгэл нарын зарим гишүүд одонтой ээжүүдэд cap бүр цалин өгөх хуулийн төсөл боловсруулсан. Энэ нь 2012 оны сонгуулийн шоу л биш байгаасай. Хэрэв сонгуулийн шоу байвал санаачлагч байгууллагын зүгээс хариуцлага тооцох болно гэдгийг сануулж байна” гэлээ.

Мөн МАЧХ-оос өчигдөр Засгийн газарт шаардлага хүргүүлсэн юм. Уг шаардах бичигт:
Нэгдүгээрт, Энэ сарын 16-ны дотор нэг, хоёрдугаар одонг улсын хэмжээнд бүрэн олгож дуусах
Хоёрдугаарт, Алдарт эхийн одонг хэдэн төгрөг дагалдаж байгааг олон нийтэд ил тод байлгах
Гуравдугаарт, Одонгоор шагнуулж буй ээжүүд мөнгө хураалгах ёстой юу гэдгийг албан ёсоор мэдээллэх хэрэгтэй хэмээн дурьдсан байв.

Баянгол дүүргийн IХ хорооны иргэн Г.Тамараа:

-Та хэзээ одонгоо авав. Танаас одонгийн мөнгө гэж хэдэн төгрөг авсан бэ?
-Би энэ сарын нэгэнд алдар эхийн нэгдүгээр одонгоо гардаж авсан. Одон гардуулахаас дөрөв хоногийн өмнө хороон дарга болон хэсгийн ахлагч надаас 30 мянган төгрөг нэхсэн.

-Ямар учраас 30000 төгрөг нэхэж байгааг нь асуусан уу?
-Хүүхдүүд маань юун тухай мөнгө хурааж байгаа нь лавлаж асуусан л даа. Гэтэл “Манай хорооноос одонгоор шагнуулсан ээжүүдээ хүлээн авна. Тиймээс мөнгө хурааж байгаа” гэж хэлсэн байсан. Хүүхдүүд ч санаа нь зовоод өгчихсөн байна лээ. Гэхдээ тэр хүлээн авалт нь санаанд ер таалагдаагүй. Ресторанд оруулж нэг, хоёрдугаар хоол идүүлээд л өнгөрсөн. Архи болон вино зэргийн үнэтэй уух юм нэг ч байгаагүй.

-Таны одонг хэдэн төгрөг дагалдсан бэ?

-Би нэгдүгээр одонгоор шагнуулахад надад 40 мянган төгрөг өгсөн. Гэтэл надтай адилхан нэгдүгээр одон авсан зарим ээжүүд 20 мянган төгрөг өгсөн байна билээ. Яагаад ингэж мөнгө өөр өөр олгогдсон учрыг ойлгохгүй байна” гэсэн юм.

Б.Батчимэг


URL:

Сэтгэгдэл бичих