Л.Санжаасүрэн: Б.Хурц өөрөө очиж хэргээ хүлээсэн болов уу
“Хуучин тогтолцоонд маш хатуу чанга хяналтад ажилладаг байсан. Тэгэхдээ өнөөдрийнх шиг хүн хулгайлсан тагнуулын газар шиг ажиллаж байсан баримтыг санахгүй юм” гэж хэлэх энэ хүн 1966 оноос буюу 19 настайгаасаа эхлэн буурал болтлоо НАХЯ-ны тагнуулын албанд ажиллажээ. Сөрөг тагнуулын алба, Хууль зүйн яамны дэд сайд, хорих ял эдлүүлэх албаны дарга ч хийж явсан энэ эрхэмийг олон улсад, тэр дундаа Европт “Эмнести интернэшнл”-ийн томъёолсноор Prisoners of Conscience буюу “Үзэл санааны хоригдол” гэдгээр нь андахгүй. Харин монголчууд Дамирангийн Энхбатын өмгөөлөгчөөр ажилласныхаа төлөө хорих ялаар шийтгүүлсэн гэхээр Лодойсамбуугийн Санжаасүрэн гэж төвөггүй мэднэ. Түүнийг хоригдож байхад нь өөрийнх нь буруугүйг нотолсон захидлыг 20 гаруй орноос ирүүлж байжээ. Энэ бүхэн түүнийг хугацаанаас нь өмнө суллахад хүргэсэн ч байж болох талтай. Гэсэн ч тэрээр өнөөг хүртэл хохирсоор явна. Өмгөөлөх эрхгүй өмгөөлөгчтэй ярилцлаа.
-Өмгөөлөл хийснийхээ төлөө өмгөөлөх эрхгүй болсон өмгөөлөгч гэхээр гадаадынхан бол гайхдаг байх. Долоон жил өмгөөлөх эрхгүй явна гэдэг багагүй хугацаа. Энэ хугацаанд та өмгөөлөх эрхээ сэргээлгэх оролдлого хийв үү. УИХ-ын байнгын хороодод хандсан гэж байсан?
-Өмгөөлөгчийнхөө эрхийг сэргээлгэх талаар хөөцөлдөж яваагүй л дээ. 2004 онд УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд өмгөөлсөн асуудлаа шалгуулах хүсэлт тавьсан.
-Тагнуулын ерөнхий газрын үйл ажиллагааг шалгуулахаар хандаж гэж ойлгож болох уу?
-Тагнуулын газрын удирдлагын үйл ажиллагаа, цагдаагийн удирдлагын үйл ажиллагааг шалгуулах хүсэлт тэр үед гаргасан. Энэ асуудлыг авч хэлэлцсэн эсэхийг мэдэхгүй. Надад хариу өгөөгүй. Ингэж л дууссан.
-Түүнээс хойш дахиж хандаагүй хэрэг үү?
-Саяхан УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд өргөдлөө өгсөн. Хүний эрх хэрхэн зөрчигдөж байгаа тухай юм. Өөрөөр хэлбэл, 2003-2004 оны тэр асуудлыг анхааралдаа авч үзэж, миний хөндөгдсөн эрхийг сэргээгээч гэсэн ийм л хүсэлт тавьсан.
-Хариу юу гэх юм?
-Одоохондоо ирээгүй л байна.
-“Үзэл санааны хоригдол” гэж?
-Тийм.
-Энэ томъёоллоор олон улсад таны эрх хэрхэн зөрчигдсөнийг мэдээлж байсан байгууллагуудтай одоо та холбоотой байдаг уу. Мэдээлэл солилцох ч юм уу?
-Одоогоор холбоо тогтоогоогүй байна л даа. Суллагдсаныхаа дараа 2005 он хүртэл олон улсын хүний эрхийн байгууллага болох “Эмнести интернэшнл”-тэй холбоотой байсан. Тэр үед Монгол дахь салбараар нь дамжиж холбоотой байсан. 2005 оноос хойш бол ямар ч холбоо тогтоогоогүй.
- Д.Энхбатын ар гэрийнхний ярьж байгаачлан нэгэнт түүнийг үхэх нь тодорхой болчихсон хойно таныг шоронгоос гаргасан юм шиг. Одоо хэргийг чинь цагаатгачихсан уу. Эсвэл…
-Миний хэргийг цагаатгаагүй. Надад 1,6 сарын хорих ял оноосон. Энэ ялын есөн сарыг нь эдэлсэн. Үүний дараа ялынхаа 50 хувийг эдэлсэн гээд сулласан. Түүнээс өршөөчихсөн ч юм байхгүй. Суллагдахаас хоёр сарын өмнө буюу зургадугаар сард НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын тусгай шалгагч Ховк гэж хүн ирсэн. Энэ үеэр 4-5 хүн хориход ирж надтай уулзсан. Миний асуудлыг сонссон тэд суллуулах талаар дээшээ шахалт, шаардлага үзүүлэх гэж байсан. Тэр шугамаар суллагдсан гэж боддог. Харин хууль хяналтынхан хэлэхдээ “Хүний эрхийн байгууллагын ямар ч нөлөөлөл үүнд байхгүй” гэж хэлдэг. Хүний эрхийн байгууллагуудын шахалт яагаад үндэслэлтэй болов гэж үзсэн бэ гэхээр намайг Амгалангийн хорих ангид хоригдож байхад 20 гаруй орноос 300 орчим захидал хүлээж авсан.
-Ямар учиртай захидал байх уу?
-Тэр захидлууд МУ-ын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, ерөнхий сайдад өгсөн хүсэлт, шаардлагууд байсан юм.
-Үзэл санааны хоригдлыг сулла гэж үү?
-Тийм. Энэ бүхнээс үндэслээд намайг олон улсын байгууллагуудын шахалтаар сулласан байх гэж би дотроо боддог.
-Таныг хоригдож байхад уулзахаар ирсэн хүмүүст хязгаар тавих ч юм уу, эсвэл ямар нэгэн байдлаар дарамт үзүүлсэн тохиолдол бий юу?
-Хорих байгууллагад байхад шахалт, дарамт үзүүлэх явдал ерөөсөө байгаагүй.
-Яагаад?
-Яагаад гэхээр өмнө нь би хорих байгууллагыг удирдаж байсан хүн учраас тэд бүхнийг хуулийн хүрээнд хийж байсан. Дарга байсан гээд илүү авч үзээгүй. Улс төрийн хоригдол гээд хүндрэл учруулаагүй. Монгол Улсын хууль яаж хүнд үйлчлэх ёстой вэ. Тэр журмаар л үйлчилсэн. Тийм ч учраас ялынхаа тавин хувийг эдэлсний дараа шүүх хэлэлцэж, үлдсэн ялыг тэнсэн болгож болно гэсэн заалт бий. Тэр дагуу л яг есөн сар болгоод намайг гаргасан.
-Хорь гаруй орноос ирсэн захидалд яг юу гэж дурдсан байдаг юм бэ. Таны эрхийн талаар уу, эсвэл Монголын хууль хяналтын байгууллагын буруутай үйл ажиллагааг буруушаасан байх уу?
-Яахав дээ. Иргэн Санжаасүрэнгийн эрхийг зөрчсөн учраас одоо суллана уу гэсэн шаардлага л бий. Тэр үеийн төрийн өндөрлөгүүд, Хууль зүйн сайдад хүргүүлсэн бичгийнхээ нэг хувийг л надад явуулж байсан хэрэг. Иргэдээс бол дэмжиж байгаагаа илэрхийлсэн, зарим нэг нь миний төлөө мөргөл үйлдэж байгаа тухайгаа ч бичиж байлаа.
-Саяхан Монголд суугаа Францын Элчин сайдад энэ хэргийн чухал баримтыг өгөх гэж байсан талийгаач Д.Энхбатын дүү Д.Баярт хүчээр шингэн уулгаж, зодсон гэсэн мэдээлэл цацагдсан. Та Д.Баяртай холбоотой байдаг уу?
-Үйлчлүүлэгчийн ар гэрийнхэнтэй холбоогүй. Нэг удаа залгахад ярьж чадахгүй байсан юм. Гэхдээ эртээд холбоо барьсан л даа. Тэгэхэд “Учраа олохгүй байна. Маш хүнд байна” гэж ярьсан. Зодуулснаас болоод бэртэж гэмтсэн биеийнхээ зургийг үзүүлсэн л дээ. Шинжилгээ хийлгэсэн юм билээ.
-Энэ хэргийг сөхсөн нь хүмүүст үнэхээр дарамттай байна уу. Таныг дарамталдаг уу. Сонсч байхад янз янзын аргаар үзээд байх шиг. Эсвэл худлаа юу?
-Ямар хүн дарамт хийж байгааг сайн мэдэхгүй. Дарамт хийсэн бол хэн хийсэн бэ гэдэг ойлгомжтой. Д.Энхбатыг хулгайлах ажиллагааг сэдсэн, удирдсан, зохион байгуулсан, оролцсон хүмүүс л хийж байгаа шүү дээ. Тодорхой асуудал. Тийм болохоор энэ хүмүүс хэрэг дээрээ хэрэг нэмж дарамт хийх шаардлага байхгүй болов уу л гэж бодож байгаа.
-Тэгвэл таныг яагаа ч үгүй юм байна. Ер нь тэгэж ч чадахгүй нь, тийм үү?
-Зүгээр л юм чинь. Хэрэв миний толгойноос үс унах л юм бол эд нар хариуцна шүү дээ. Өөр хэн ч биш.
-Том хамгаалалтанд орсон хүн шиг хэлж байна. Та өөрийнхөө эрхийг хамгаалуулахаар тус хэрэгтэй холбоотой баримтыг хадгалуулж дээ. Тэгж ойлгож болох уу?
-Миний материалууд хамгаалалтанд байгаа. Олон хувиар, чиглэл чиглэлээр нь хадгалуулсан. Анх шийтгэгдэхдээ шүүх хурал дээр хэлэх үгээ хүртэл хэдэн хувиар хэвлээд намайг барьсан тохиолдолд хэвлэлд өгөөрэй гээд сонины газруудад өгсөн. Энэ хэрэгтэй холбоотой миний мэдэхээс гадна иргэдийн мэдэх маш олон баримт бий. Хамгийн томоос нь хэлэхэд, судлаагч Дашзэвэгийн Ганхуягт чухал баримт бий. Зөвхөн нэгийг нь л энд хэлье. Бусад хүмүүст ч бий. Энэ хэрэгт ямар албан тушаалтан яаж оролцсон бэ гээд бүгд байгаа.
-Хэн, хэн яаж оролцсон юм бэ?
-Хэн сэдсэн, хэн зохион байгуулсан, хэн яаж оролцсон бэ гэдгийг нь мэднэ. Энийг энгийн улсууд ч мэддэг. Монголчууд чинь “Битгий хүнд хэлээрэй” гээд ярьдаг шүү дээ. Тэгээд л бүгд ил болчихсон.
-Тушаал өгсөн хүмүүс нь ирээд танаас “Битгий хэлээрэй” гээд гуйдаг хэрэг үү?
-Үгүй ээ, үгүй. Тэд чинь дотроо маргалддаг юм. Шагнал урамшлаар тэр шагнагдсан байна, энэ шагнагдаагүй байна, би тэгэх ёстой, тэгэхгүй байна гээд л хоорондоо гомдоллоод, түүнийгээ найз нөхөддөө хэлчихдэг. Монголчуудын нэг заншил бий шүү дээ. “Хэнд ч битгий хэлээрэй” гээд л хүнд яриад явдаг. Тэр сувгаар л тархдаг юм билээ. Тийм болохоор Монголд нууц юм гэж байхгүй ш дээ.
-Яагаад?
-Яагаад гэхээр нууц бол сонгодог ойлголтоороо хоёр хүний хооронд байдаг зүйл. Гурван хүний хооронд ярьсаныг яаж нууц гэх вэ. Гэтэл энд арав, хорин хүний тухай ярьж байна шүү дээ.
-Тийм юм бол одоо та тэр, тэр энэ хэрэгт ингэж оролцсон, тэр удирдсан, санаачилсан гээд хэлчих л дээ?
-Одоо бол хэлэхгүй.
-Яагаад хэлэхгүй гэж. Та өөрөө ч нууцлаад байгаа юм уу?
-Яагаад ингэж байна вэ гэвэл миний эрхийг цагаатгах асуудлыг УИХ, прокурорт тавьчихсан. Зохих хэмжээгээр энэ асуудлыг харж үзэх болов уу гэж найдаж байна. 2004 оны нөхцөл байдал одоогийнхоос шал өөр. Тэр үед холбогдсон албан тушаалтнууд, шүүхийн хүмүүсийн зарим нь өөрчлөгдөөд, ажлаа өгчихлөө. Тэгэхээр энийг шийдэх байх. Тухайн үед яагаад олон улсын хүний эрхийн байгууллагад хандсан бэ гэхээр Монголын бүх түвшинд хандчихсан байсан учраас тэр л дээ. Тэр нөхцөлд шийдэгдэхгүй бол НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газарт өргөдөл явуулдаг юм. Одоо бол асуудлаа тавиад эд яаж хандахыг нь харж байж дараагийн алхмаа хийнэ.
-Д.Энхбат та хоёр 2004 онд өөрсдийн эрх гэхээсээ илүүтэй өөр зүйл, улс хоорондын асуудал ярьж байгаад буруудчихсан ч юм шиг?
-“Бид хоёрыг битгий шоронд хийгээч” гэж бид гуйсан. Өөрсдийнхөө тусын тулд биш. Энэ үйлдэл Европын холбоонд Монгол Улсын нэр төрийг гутаасан шившигтэй ажиллагаа шүү. Бид Монголын төлөө үүнийг хийж байна. Бид хоёрын төлөө бус Монголын төлөө битгий ингэж шийтгээч гэж олон хэлсэн. Хэрвээ ингэж шийдвэл бид хариуцлагыг нь хүлээхгүй гэдгээ ч хэлсэн. Албан хүчээр биднийг хэрэг хийгээгүй байхад хийсэн болгож, гарцаагүй шахалтанд оруулаад, ухрах замгүйгээр хэрэг тулгасан. Би ч мэргэн цэцэндээ долоон жилийн дараа ийм болчихно гэж бодоогүй л дээ. Тухайн гэмт хэрэг бол соёлт хүн төрөлхтөний дипломат харилцаанд байдаггүй тийм зүйл учраас л тэр. Одоо ингээд шалгаад эхэлчихлээ шүү дээ.
-Тэглээ. Гэхдээ гүйцэтгэх ажилд явсан хүнийг бариад авлаа. Таны түрүүн хэлсэнчлэн тэд хоорондоо маргалдаад биенээ золиослоод Б.Хурцыг бариулчихав уу. Монголд суугаа Элчин сайд ч мэдээлэл өгсөн гээд байгаа. Өөр хүн явах байсан айлчлалд Б.Хурцыг явуулсан нь ийм таамаг төрүүлж байна?
-Би бол нөгөө талаас нь хэлмээр байна. Гурван хувилбар байж болно.
-Ямар?
-Эхнийх нь түүнийг зориуд тэдэнд өгч явуулсан байж болно. Хоёр дахь нь тохиролцооноо хамгаалаад “Чи оч” гэж явуулсан. Дараагийнх нь өөрөө хэргээ хүлээж очсон байж болох талтай. Хамгийн сүүлийн хувилбар нь их магадлалтай хувилбар.
-Яагаад Б.Хурц хэргээ хүлээж очно гэж. Тэгэхээр шударга хүн үү?
-Б.Хурцыг би танихгүй. Зүс ч үзээгүй. Сая л сонингоор зургийг нь харлаа. ОХУ-д сургууль төгссөн хуульч юм байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байгаа хүн шууд хэлэхэд яагаад өөртэй нь холбоотой хэрэг Европод болсон байхад нутаг дэвсгэр дээр нь хөл тавьдаг юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Энэ бүхнийг үнэхээр анзаарахгүй очсон бол түүнтэй ярих ч юм байхгүй. Толгой, тархи гэж бий биз дээ. Тэгэхээр өөрөө очиж хэргээ хүлээсэн болов уу л гэж бодож байгаа. За, Элчин сайдын хувьд бол хаанаас хэн гэдэг хүн явж байгаа мэдээллийг өгдөг. Энэ бол олон улсын харилцааны жирийн л асуудал шүү дээ. Тэртэй тэргүй хүн хулгайлсан асуудал нь байсаар байтал өөрөө очдог нь намайг гайхашруулаад байгаа юм.
-Зохион байгуулалттай юм биш үү?
-Өөрөө ч очсон байж болно шүү дээ. Яагаад тийм асуудал хийчихсэн, ийм өндөр албанд байдаг хүн тэгээд тагнуулч, олон улсын эрх зүйн хэргээ үзсэн бол очих ёсгүй ш дээ. Яагаад гэвэл хүн хулгайлах, зэвсгийн, хар тамхины наймаа олон улсад хориглогдсон хамгийн хүнд хэрэг. Ийм хэрэгт оролцсон гээд яриад байгаа тийм хүн очно гэдэг өөрөө их сонин санагдаад байна.
-Засгийн газраас манай хүний халдашгүй дипломат эрхэнд халдлаа гээд бичиг явуулаад байна. Чимээгүй суувал “но”-той болох учраас ор төдий л иймэрхүү байдлаар дуугарч байна уу. Ер нь иймэрхүү арга хэр үр дүнтэй байдаг юм бэ?
-Одоо бол Б.Хурцыг л яриад байх шиг байна л даа. Миний мэдэж байгаагаар дипломат албаныхан энэ хэрэгт оролцсон юм байна лээ. Тэр дипломатуудынхаа нэрийг яаж зарлах юм бол доо. Хүн хулгайлсан хүмүүс дотор дипломат паспорттой хүмүүс явсан. Дипломат паспорттой шүү. Дипломат паспорт гэдэг хүн хулгайлах хэрэгсэл биш. Тэгэхээр дипломат паспорттой явж байгаад хүн хулгайлахад нь зүгээр, чимээгүй өнгөрчихөөд, нөгөө нөхөр нь дипломат паспорттой явж байгаад баригдахаар нь “буруу” гэдэг манай л асуудал. Хар тамхи наймаалдаг хүн манай дипломат паспортоор явж л байсан. Энэ бол манай өөрийн асуудал. Европын холбоо, Англи, Герман, Франц гэдэг хууль, хүний эрхийг дээдэлдэг улс. Монгол Улс бол төр засгаа дээдэлдэг газар. Энэ хоёрын хооронд ялгаа байгаа биз. Манайд асуудлыг мөнгөөр шийддэг бол тэнд зөвхөн хууль үйлчилдэг.
-Одоо яах бол. Хүн хулгайлахад оролцсон дипломат паспорттой хүмүүсийнхээ нэрсийг өг гэж манайд шахалт үзүүлэх болов уу. Тийм нөлөөлөл бий юу?
-Мэдэхгүй. Боломж бол зөндөө байгаа. Миний хийх ажил биш учраас би санаагаа хэлээд юу гэх вэ. Хүн хоорондын харилцааны л асуудал шүү дээ. Янз янзын томъёолол байж болно.
-Тагнуул, цагдаагийнхан талийгаач Д.Энхбатыг ерөөсөө эрүүдэн шүүгээгүй гэдэг. Гэр бүлийнхэн нь болохоор эрүүдэн шүүснээс л болоод үхсэн гээд байдаг. Та юу гэж боддог вэ?
-2003 оны тавдугаар сарын 17-25-ны хооронд Д.Энхбатын хаана байсан нь мэдэгддэггүй. Энэ хугацаанд прокурорын хяналтанд байгаагүй. Хорих байгууллагад 25-нд цагдаагийнхан хүлээлгэж өгөөд л хуулийн хамгаалалтанд орсон хүн. Энэ хооронд хаана байсан юм. Тавдугаар сарын 25-нд байцааж байсан гэж тагнуулынхан ярьдаг. Цагдаагийнхан болохоор 25-нд хилээр оруулж ирсэн гэдэг. Д.Энхбат өөрөө болохоор тавдугаар сарын 18-ны онгоцоор ирсэн гэдэг. Онгоцны жагсаалтыг тулгахаар 18-нд Д.Энхбат гэдэг хүн Монголд орж ирээгүй гэдэг. Ийм гурван зөрүү байгаа. Нэг тодорхой зүйл нь энэ хугацаанд Д.Энхбат Монголд байсан нь тодорхой. Гэхдээ П.Энхбат гэдэг нэрээр нь оруулж ирээгүй байгаа юм. Тиймээс ч ямар нэгэн хууль, эрх зүйн хамгаалалтгүй байсан.
-Гаалийнхан анзаарсангүй юу. Эсвэл…
-Анзаарахын сайнаар анзаарсан гэж бодож байгаа. Хүлээстэй хүнийг анзаарахгүй бол тэдний хэрэг гэж юу байх вэ. Д.Энхбатын хэлснээр гааль, хилийн шалгалтаар оруулалгүй онгоцноос шууд машинаар аваад явсан гэдэг. Тэгэхээр тэнд юу болж байгаа юм бэ. Бүү мэд.
-Талийгаачийн ар гэрийнхэн Б.Хурцын шүүх хуралд оролцоно гэж байсан. Таныг хамт явах санал тавьсан уу?
-Тэнд хүн хулгайлсан асуудлыг ярьж байгаа. Намайг “Хүн хулгайлсан нь төрийн нууц байсан юм” гэж ялалсан шүү дээ. Тэгэхээр хоёр өөр ойлголт. Энийг НҮБ-ыг Монгол Улсад төлөөлсөн субьектийн хувьд Засгийн газар юу гэж үзэх юм. Төрийн нууц нь үнэн гэвэл Монгол Улс ямар улс болох вэ гэсэн асуулт гарч ирнэ. Хүн хулгайлдаг мафийн сүлжээтэй улс юм уу гээд дараагийн асуудал ч ургана. Тиймээс миний асуудлыг Монголд шийднэ. Хэрэв шийдэхгүй бол асуудлыг тавих өөр боломж бий л дээ. Гэхдээ шалгах байх. Намайг цагаатгахдаа биш. Монголын нэр хүндийг дэлхий дахинд дахин сэргээхэд энэ үйлдэл улс төрийн чухал ач холбогдолтой зүйл шүү.
-Долоон жил урт хугацаа шүү дээ. Сэргээчих хангалттай хугацаа өнгөрчихлөө. Сэргээх байсан бол сэргээчих л байсан гэх гээд байна л даа?
-Хүний хувьд бол урт хугацаа. Улсын хувьд бол юу ч биш. 70 жилийн дараа сэргээхийг алийг тэр гэх юм. 2003 оны асуудлыг одоо Европод ярьж л байна.
-2008 оны долдугаар сарын 1-нд дөрвөн хүнийг буудаж хороосон хүчнийхэн одоо өршөөгдсөн. НҮБ-д танилцуулахдаа тэдний хэргийг хэрэгсэхгүй болгосон гээд байгаа. Бас Б.Хурцын асуудал байна. Ер нь цэргийн хүн гэдэг үүрэг биелүүлэх ёстой юм уу, хууль биелүүлэх ёстой юу?
-Цэрэг хүн дарга нарын тушаалыг биелүүлэх ёстой гээд л яриад байна л даа. Би ч цэргийн хүн. Цэргийн хүн яах ёстой вэ гэхээр удирдлага хууль бус тушаал өгөхөд “Мэдлээ. “Мэдлээ. Гүйцэтгэе” гээд гараад дээд шатных нь даргад мэдэгдэх ёстой. Дээд шатны дарга биелүүл гэвэл дахиад дээд шатны даргад хандах ёстой. Ийм л юм. Гэтэл хууль мэддэг ажилтнууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн Францын нутаг дээрээс “Хүн хулгайлаад ир” гэхээр “Мэдлээ. Гүйцэтгэе” гээд явна гэдэг орчин үеийн ажилтнуудын хувьд байж боломгүй хэрэг. Ямар 1937 он биш дээ. Ийм харилцаанд ингэж орсныг гайхаад байна. Энэ талаар үг хэл нь зөрсөн зөндөө л юм бий л дээ. Б.Хурцын хувьд ер нь ойлгомжтой. Хурц нь байна уу, хэн нь байна чухал биш. 2003 онд Францын гудамжинд явж байсан хүнийг цустай нь хутгаад хулгайлаад явсан хүмүүсийг бид нар шиг мэдэхгүй гэхийн биш. Өчнөөн хөгжчихсөн, судалгаа хийсэн газар. Гэтэл одоо “Хэн илчлэв” гээд байгаа нь үнэндээ чухал асуудал биш. Ингэж ярьж байгаа нь гэмт хэрэг хийсэн учраас хэргийн бүрэлдэхүүнээ нуун далдлах гэсэн асуудал. Сэдсэн, санаачилсан, гүйцэтгэсэн, хамжсан, нуун далдалсан таваас зургаан сүбьект бий. Энэ хэргийг нуун дарагдуулсан нь өөрөө гэмт хэрэг. Манай хуульд бий. Энэ асуудлыг өөр орчинд, өөр нөхцөлд хийнэ л дээ. Түүнээс хэвлэлээр хэрэлдэнэ гэж байхгүй.
-Мэдээж цагаатгах тухай ярихаар буруутныг олох байх тийм үү?
-Хуучин тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэр гардаг юм. Түүнээс энүүнийг өршөөе гээд шийдчих асуудал биш л дээ. Тэгэхээр хэн буруутай вэ. Хэн энэ гэмт хэргийг үйлдсэн гээд гарч ирнэ шүү дээ. Д.Энхбатыг хулгайлсан хүмүүс онгоц аваад л Сонгины бургас руу явж байгаа юм шиг яваагүй. Бэлтгэл, зардал гээд зөндөө юм байгаа. Тэгээд очсон чинь дипломатууд нь дагаж давхиад л байдаг. Ингэхээр бүгд сөхөгдөнө.
-Б.Хурцын асуудлыг тэдэнд тавихаас өмнө дотоодынхоо асуудлыг шийдэж байж л гадагшаа хандах нь дээ?
-Хэрвээ Монгол Улс буруу гэж үзвэл уучлалт гуйх байх. Хэрэв зөв гээд “Бид хүн хулгайлах эрхтэй” гэвэл асуудлаа тайлбарлах л байх. Дуугүй байна гэдэг хүлээн зөвшөөрсөний тэмдэг гэж Монгол үг бий. Харин дипломат ёс яадгийг би мэдэхгүй юм. Ямар нэгэн үйлдэл хийх байх л даа…
Бид хоёрын ярилцлага үүгээр өндөрлөсөн юм. Тэрээр өмгөөлөх эрхээ аваагүй байгаа ч олон арван хүнд хуулийн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгчээ. Одоо тэрбээр УИХ-ын гишүүн, Ногоон намын дарга Д.Энхбатын зөвлөхөөр ажиллаж буй. Гэхдээ зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийн тулд огтхон ч түүнтэй хамтран ажиллаагүй гэнэ. Мухар сүсэг биш ч түүний хувьд Энхбатуудтай ажиллаж байсан, байгаа нь бас л сонин юм шиг.
Л.НАРАНТӨГС
URL: