Монгол-Хятадын харилцаа өгсөж уруудаж ирсэн

mgl_china-middleМонгол улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулав-

Дэлхийн улс гүрнүүдээс хамгийн эртний иргэншилтэй Хятад улстай Монгол улс туурга тусгаар оршин, хэдэн мянган жилийн тэртээгээс харилцан эдийн засаг, соёлын харилцааг хөгжүүлж ирсэн. 1949 оны 10 дугаар сарын 16-нд БНМАУ, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосноор Монгол, Хятадын харилцааны шинэ үе эхэлсэн байдаг.

БНХАУ, БНМАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи эхний 10 гаруй жилд (1949-1962) хоёр орны харилцаа нилээн идэвхитэй өрнөсөн юм.

Гэвч 1960 оноос Зөвлөлт-Хятадын харилцаанд огцом өөрчлөлт гарч, хоёр орон марксист-ленинист онол, дайн ба энхийн асуудал, гадаад дотоод бодлогын чиг шугамын талаар зөрөлдөж эхэлсэн байна.

Дипломат харилцаа тогтоосноос хойшхи хугацаанд Монгол-Хятадын харилцаа харилцан тусалж, найрсаг хандах харилцаанаас харшилдан сөргөлдөж түнжин тасрах саад тотгортой он жилүүдийг туулж, өгсөж уруудаж ирсэн. Гэвч бүхэлд нь авч үзвэл Монгол, Хятад улсууд сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлж, харилцан ойлголцож, хамтдаа хөгжих замд шилжин эдүгээтэй золгож байна.
Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди, БНХАУ-ын дарга асан Зян Зэмин нар

1989 оноос хоёр орны харилцаа сэргэн хэвийн болж, 2003 онд сайн хөршийн харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг тогтоосноос хойш хоёр орны улс төр, эдийн засаг, нийгмийн бусад салбарын харилцаа өргөжин хөгжиж, 2011 онд хоёр орны харилцаа Стратегийн түншлэлийн хэмжээнд хүрсэн. Энэ нь хоёр орны ард түмний эрх ашигт бүрэн нийцэж, харилцан хамтдаа хөгжих боломж олгож, хоёр орны харилцаа түүхэн дэх нэн таатай цаг үедээ байна.

БНХАУ-ын эдийн засгийн эрчимтэй хөгжилтэй уялдан түүний дэлхий дахины болон бүс нутаг дахь үүрэг оролцоо, нөлөөлөл улам бүр өсөн нэмэгдэж буй өнөө үед тус улсын дотоод байдал, гадаад бодлого, геополитикийн томоохон асуудлыг тал бүрээс нь судлах шаардлага хөрш орших Монгол улс төдийгүй дэлхий дахины өмнө тулгараад байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БНХАУ-ын дарга Ши Жинпин нар Хятадын хойд хөрш Монгол улс ч өөрийн хөгжлийн замыг сонгож, гадаад бодлогынхоо хүрээнд Хятадтай харилцах харилцааг гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болголоо.

Манай хоёр улсын сайн хөршийн найрамдалт харилцаа, олон талт түншлэлийг улам бүр хөгжүүлэх, хоёр улсын харилцааны тэргүүлэх чиглэлийг оновчтой хэрэгжүүлэх арга зам, учирч буй бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд түүнийг нарийвчлан судлан, шинжлэх явдал зайлшгүй юм. Хятад улстай маш урт хилийн шугамаар холбогддог хөрш зэргэлдээ Монгол улсын хувьд Хятадын улс төрийн болон гадаад бодлогыг нүд цавчилгүй ажиглан судалж, энэ их гүрэнтэй харилцах харилцаагаа нарийвчлан чанд бодолцож төлөвлөх нь маш чухал.

БНХАУ-ын Жилиний Их Сургуулийн докторант Д.Дагийсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих