Өөрийгөө биеэ үнэлэгч болно гэж бодох нь байтугай төсөөлөх ч үгүй явлаа

yanhan_1_Н, 25 настай: 10 жилээ төгсөөд хотод суралцах болсон минь хот үзэх том завшаан болсон юм. 2003 оны намар оюутан болж их сургуулийн хаалгыг татаж үеийн найзуудтайгаа тохой нийлүүлэн суралцаж эхлэв. Аав ээж минь боломжийн ажилтай, доороо би хоёр дүүтэй сайхан л амьдардаг байлаа. Намайг 3-р курст ордог жил дүү маань бас оюутан болж хотод ирсэн. Хичээл эхлээд удаагүй байтал аав минь өөд болж бидний амьдрал орвонгоороо эргэсэн. Үүнээс хойш ээжийн бие нэг л тааруухан.,

Дүү охин маань сургуулиа орхиж ээжийн хажууд очсон юм. Би нэг найз охинтойгоо айлын хажуу өрөө хөлсөлж амьдарч надад мөнгө төгрөг гэдэг ус агаар мэт л хэрэгтэй байлаа. Найз охин маань миний л адил нэгэн. Нэг өдөр бид 2 ажил хайхаар зарын сонин авч үзэхэд “Оюутан охидыг ажилд сургаж авна. Цалин өндөр” гэсэн зар байв. Утсаар ярьж хаягийн дагуу очиж уулзахад саун массажистын газар байсан юм. Гайгүй санагдсан болохоор өөр ажил ч хайлгүй орохоор болов.

Ингээд бид 2 өдөр нь хичээлдээ явж орой нь ажил хийхээр болов. Хэд хоносны дараа массажист ажил маань биеэ үнэлэгч болон хувирсан юм… Аргагүйн эрхэнд хүн юу ч хийхээс буцдаггүй юм билээ. Бэлгэвчтэй, бэлгэвчгүй олон хүнтэй хавьтаж, архи ч ууж тамхи татдаг болов. Хэсэг хугацааны дараа саун хаагдахад найзтайгаа хоёулаа саппоро дээр зогсдог болсон. Бидний адил олон эмэгтэй тэнд зогсож мөнгө олдог юм билээ. Хэдий биеэ үнэлэгч ч гэсэн өөрийгөө хэрхэн яаж эрсдэлээс хамгаалах талаар ярьж өгсөн та бүхний сургалт надад их таалагдсан. Бид хоёрыг дагуулж сургалтанд суулгасан. Үнэхээр хэрэгтэй үнэн зөв мэдээлэл байсан. Бид хоёр сургалттай гэх болгонд тасралтгүй хамрагдсаар ҮТС болсон. Бусдад мэдээлэл өгч  олон биеэ үнэлэгчдийг сургалтанд хамруулсан. Ингэснээр биеэ үнэлэх маань багасаж олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагад ХОА-аар ажиллах болсон.

Тиймээс хэрхэн өөрийгөө болон бусдыг ХДХВ/ДОХ/БЗДХ-аас урьдчилан сэргийлэх талаарх маш сайн мэдлэгтэй болсон. Биеэ үнэлэгч гэхээр л архичин, тамхичин, бузар булай хүмүүс байдаг юм биш, тэд ч гэсэн амьдралын төлөө аргагүйн эрхэнд энэ зам руу орсон бусадтай л адил амьдрах итгэлээр дүүрэн хүмүүс шүү дээ.


URL:

Сэтгэгдэл бичих