Хөдөлгөөнийхөн УИХ-ын даргад мэдэгдэл хүргүүллээ

“Эх орон, тусгаар тогтнол, шударга ёс” хөдөлгөөнийхөн өчигдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй уулзахаар товложээ. Уулзалтын цаг болоход спикер УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярыг л хүлээн авсан байна. Харин МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, Ардчилсан хөдөлгөөний намын дарга Т.Оюунаа, МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цог, Бүх ард түмний санал асуулгын үндэсний хорооны Тамгын газрын дарга Д.Баярсайхан нар хаалганы гадна үлджээ.

Тэд УИХ-ын даргад мэдэгдэл хүргүүлсэн аж. Энэхүү мэдэгдэлдээ “Монголын бүх ард түмний хуралдайгаас зохион байгуулж байгаа Бүх ард түмний санал асуулга явуулахад төрийн байгууллага, төрийн албан хаагчдын зүгээс дэмжлэг үзүүлэх, ямар нэг саад тотгор учруулахгүй байх талаар холбогдох байгууллагууд, албан тушаалтнуудад заавар чиглэл өгөхийг танаас Монгол Улсын эрх ашиг шаардаж байна” гэжээ.

Мөн “Удаа дараагийн сонгуульд эрх баригч хоёр нам биелүүлэх боломжгүй, их хэмжээний мөнгө амлаж, ард түмнээ мэхэлсэн. Үндэстэн дамнасан олигархи бүлэглэлийн захиалга, нөлөөллөөр төрийн бодлогыг тодорхойлж байна. Монгол Улсын газар нутгийг гадныханд зарж, эдийн засгийн тусгаар тогтнол бүрэн алдагдахад хүргэлээ” гэв. Тэд “Ард түмний санал асуулгын зардал нь улсын төсвөөс санхүүждэг. Тиймээс “Эх орон, тусгаар тоггнол, шударга ёс” хөдөлгөөний гишүүд, дэмжигчдийн хандиваар явуулсны дараа гүйцэтгэлээр нь улсын төсвөөс нэхэмжлэх болно” гэжээ.

Ц.Энхцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих