Жүжигчин Р.Анхням Оскарын шагналт найруулагчтай 3 сая ам долларын гэрээ хийжээ
Дэлхийд алдартай Холливуд, өөрийгөө ертөнцөд таниулах нэрийн хуудас болсон “Оскар” Монголчуудын хувьд мөрөөдөл биш, түүнд хүрэх боломж бий гэдгийг Германд сурч байсан оюутан бүсгүй Бямбасүрэн батлаж өгсөн. Кино найруулагчийн ангид сурч байсан бүсгүй “Ингэн нулимс” баримтат киногоороо Оскарт нэр дэвшиж, улаан хивсэн дээр алхаж байлаа. Тэгвэл Монголын жүжигчдээс анх удаа жүжигчин Р.Анхням дэлхийд зартай том уран бүтээлчидтэй хамтран ажиллах гэрээ байгуулж чаджээ. Хятадын зохиолч Зян Руны “Чонон сүлд” роман 20 сая хувь борлогдож, Хятадын хамгийн борлуулалттай номоор шалгарсан бүтээл.
1967 оны Хятадын Соёлын хувьсгалын үеэр 2 0 гаруй сая оюутныг нүүдэлчдийн хүнд хүчир ажилд туслуулахаар Өвөр Монгол руу илгээдэг бөгөөд тэдний нэг Лю Зямины тухай, тал нутаг, нүүдэлчдийн ахуй амьдрал, хүн байгалийн харьцааны тухай өгүүлсэн энэ романаар Францын алдарт найруулагч Жан Жак Анно кино хийхээр ажилдаа оржээ. Францын алдарт найруулагч Жан Жак Анногийн хувьд ан амьтан тун их сонирохдог. Тэрээр 1988 онд “Баавгай”, 2004 онд “Ах дүүс” зэрэг кино бүтээж, чоно, баавгай, бартай ажиллаж байсан туршлагатай нэгэн. Жан Жак Анно 1977 онд анхны бүтээл “Хар цагаан”-аараа “Оскар”-ын Гадаад хэл дээрх шилдэг киноны шагналыг авч байсан бол хоёр дахь кино “Хашир толгой”-гоороо 1979 онд Европын урлагийн дээд шагнал Цезарийг хүртэж байсан бөгөөд “Эр зоригийн жигүүр” кино нь дэлхийн анхны IMAX 3D форматтай бүтээл аж. Түүний 1997 онд “Түвдэд өнгөрүүлсэн долоон жил” хэмээх бүтээл дэлгэцэнд гарсны дараа киног Хятадад гаргахыг, найруулагчийг нь Хятадын хилээр нэвтрэхийг хориглож байсан гэнэ.
Кинонд 1950-аад оны үед Хятадын цэргүүд Түвдэд хяналтаа тогтоохоор зэрлэг балмад авирлаж буй тухай дүрсэлсэн нь Хятадын эрх баригчдад таалагдаагүй юм. Хачирхалтай нь 2009 онд Жан Жак Анно “Чонон сүлд” зохиолыг дэлгэцийн бүтээл болгохоор Бээжингийн “Хориотой хот” студитэй гэрээ байгуулахад Хятадын эрх баригчид эсэргүүцээгүйгээр барахгүй China Film Group төслийг дэмжихээр болсон билээ. “Чонон сүлд”- ийг дэлгэцийн бүтээл болгох энэ төсөл дээр Хонконгийн “Эдко” фильм, “China film group” хамтран ажиллаж байгаа бөгөөд 3D киногоо ирэх оны хоёрдугаар сарын 4-нд нээхээр төлөвлөжээ. “Оскар”-ын кино наадамд сойхоор зэхэж буй “Чонон сүлд”-д 38 сая ам.доллар төсөвлөжээ.
Гол дүрд Хятадын жүжигчин Фэн Шаофэн, Дуо Сяо болон Өвөр Монголын Д.Баасан, Монголын жүжигчин Р.Анхням нар тоглож байгаа. Оскарт нэр дэвшихээр бэлтгэж байгаа энэ төсөл жжүжигдийн шагналд багагүй мөнгө төсөвлөсөн бөгөөд гол дүрийн эмэгтэйн дүрийг бүтээж байгаа Р.Анхням гэхэд л гурван сая ам долларын гэрээ байгуулсан аж. Мөн ан амьтадыг бэлтгэж сургах ажилд ч чамлахааргүй хөрөнгө зарцуулсан гэнэ. Кино багийнхан Шотландын амьтан сургагч Андрю Симпсоныг хөлсөлж, 18 бэлтрэгийг 18 сар сургажээ. Холливудын алдарт жүжигчин Брэд Питтийн тоглосон “Түвдэд өнгөрүүлсэн долоон өдөр”, “Баавгай”, “Нууц Амраг”, “Мэргэн бууч Василий Зайцев” зэрэг уран бүтээлээрээ дэлхийн үзэгчдийг байлдан дагуулсан энэ алдартай найруулагч өнгөрсөн 2012 онд Монголд ирж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хүртэл уулзаж байсан удаатай.
URL: