Зэвтэй ус ууж хорт хавдар, харшлын бай болсоор байх уу?
Крантны хүйтэн усаар цангаагаа тайлдаг үе саяхан.
Гэтэл өнөө үед түүхийгээр нь бүү хэл буцалгаад ч, ундандаа бус ариун цэвэр сахихдаа ч хэрэглэхэд хэцүү байна.
Ундны усны хамгийн цэвэр эх үүсвэр дээр амьдрах нийслэлчүүд бид зэвтэй усаар ундаалах боллоо.
Ялангуяа энэ асуудал Хан-Уул дүүрэгт үүсээд байна. Тэр дундаа тус нутаг дэвсгэрт орших шинэ орон сууцуудын ус шаардлага хангахгүй байгаа талаар оршин суугчид нь гомдоллож байна.
Тухайлбал, Олимп виллаж хотхон, Рапид харш, Эв эе зэрэг хорооллын оршин суугчид зэвтэй ус уугаад багагүй хугацааг өнгөрөөжээ.
“Рапид харш”-ийн хувьд дөрвөн жилийн өмнө ашиглалтад орсон цагаасаа л тийм байж. Гэтэл энэ байдал өдий хүртэл үргэлжилсээр л…
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд харьяалагдах иргэдийн ярьж буйгаар 1, 24, 25, 27 дугаар байрууд үргэлж зэвтэй ус хэрэглэдэг байна.
Үүнээс болж зарим хүний арьс хуурайшиж загатнаж эхэлсэн бол цөөнгүй хүний харшил сэдрэх болжээ.
Ус буцалгагч зэвэнд идэгдэж, ванн, угаалтуур шарлах энүүхэнд гэнэ.
Тиймээс хорооллын цөөнгүй иргэн угаалтуурдаа ус шүүгч хэрэглэдэг байна. Ус шүүгч чанараасаа хамаарч 100 мянгаас хоёр сая орчим төгрөгийн үнэтэй. Мэдээж усыг сайтар шүүхийн тулд сар болгон солих шаардлагатай. Тэгэхээр бас л мөнгө урсана гэсэн үг.
“Рапид харш” хотхоны оршин суугчид фэйсбүкд өөрсдийн групптэй бөгөөд тэнд зэвтэй ус гоожиж буй асуудлаа ийн хэлэлцдэг юм билээ.
Харин шүүлтүүр хэрэглэдэггүй өрх ундны усаа дэлгүүрээс худалдан авдаг байна. Таван литрийн савлагаатай ус 1500-2000 төгрөгийн байх бөгөөд тэр нь нэгээс хоёр ам бүлтэй айлын өдрийн хэрэгцээ юм. Тэгэхээр цөөхөн ам бүлтэй айл сард 50-60 мянга, жилд 600-700 мянган төгрөг зөвхөн уух усандаа зарцуулах нь.
Мөн ус ашигласны төлбөр төлөх гээд цалингаас цалин, өрөөс өрийн хооронд амьдарч буй бидний хувьд даанч их зардал үүснэ.
Зардлаа байг гэхэд байнга зэвтэй ус хэрэглэж буй хүний биед ямар хор нөлөө үүсэж болохыг бид мэдэхгүй.
ШУА-ийн Хими-хими технологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Ж.Оюунцэцэгээс энэ талаар тодруулахад “Төмөр газрын гадарга дээр түгээмэл оршдог металиудаас хөнгөн цагааны дараа ордог хоёр дахь элемент. Устай нэгдэхээрээ зэв үүсгэдэг. Манай ус түгээгүүрийн хоолой төмөр гангаар хийгдсэн учир зэв үүсэх магадлал ихтэй. Хүний биед төмрийн агуулагдах болон зөвшөөрөгдөх хэмжээ гэж байдаг. Хүний бие организмд 4-5 грамм төмөр агуулагдаж байдаг. Харин энэ хэмжээнээс хэтэрвэл бөөр, ходоодонд ачаалал өгч, үрэвсэл үүсгэх, цаашлаад хавдар дэмжих хүчин зүйл болдог. Мөн байнга зэвтэй ус хэрэглэвэл арьсанд харшил үүсгэх эрсдэлтэй” гэлээ.
Олон жил болсон усны хоолойн зэвэнд идэгдсэн байдал
Тэгвэл эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрхтэй бидний өмнө тулгарч буй энэ асуудлыг хэн хэрхэн шийдэх ёстой вэ?
Дээрх хэрэглэгчид ОСНААК-д энэ асуудлаа учирлахад “Манайхны хувьд асуудал байхгүй. Цаанаас цэвэр ус дамжуулж буй үндсэн шугам 1970-1980 аад оных болохоор зэвтэй ус дамжуулдаг байх” гэсэн хариулт өгч байна.
Ус сувгийн удирдах газрын орлогч дарга асан З.Батбаяр “Улаанбаатар хотын цэвэр ус дамжуулах үндсэн шугам 50 гаруй жилийн настай. Хүүхдийн зулай шиг нимгэрч элэгдэлд орсон байгаа. Төв зам дагуу байрладаг тус шугамыг шинэчлэхийн тулд өдөр тутам түгжрэл дунд бухимддаг нийслэлчүүдийн амьдрал нэг хэсэгтээ зогсоход хүрэх юм. Өөрөөр хэлбэл төв замыг сэндийчихээс аргагүй. Шугам хоолой солихын тулд Улаанбаатарын иргэд багагүй хугацаанд уух усгүй амьдрах шаардлагатай болно” гэв.
Тэгвэл 50 жилийн настай цэвэр усны хоолой зэвэнд идэгдсэнээс ийм байдал үүсэв үү? Энэ асуултын хариултыг авахаар Ус сувгийн удирдах газарт очлоо. Холбогдох мэргэжилтнүүд нь хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан “Ус дамжуулах цэвэр усны шугамд ямар ч асуудал байхгүй. Хэрэв асуудал байсан бол шинэ хуучин гэлтгүй бүх л байрны ус зэвтэй гоожих байсан. Тухайн байрны асуудал учир СӨХ, ОСНААК-тайгаа уулз” гэв.
“Рапид харш” хотхоны ус ийн зэвтэй гоождог бөгөөд ихэнхдээ амралтын өдрүүдэд улаан шар өнгийн устай байдаг байна.
Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны СӨХ-д очиж юунаас болж зэвтэй ус гарч байгааг тодруулахад, “Бид энэ талаар мэдэхгүй. Ерөнхий инженер н.Магсартай холбогдоорой” гэв.
Магсар: “Манайд асуудал байхгүй. Ус тасраад ирэхэд хааяа зэвтэй гоожих тохиолдол бий. Магад угсарсан компанийн суурилуулсан усны хоолой зэвэнд идэгдсэнээс энэ байдал үүсэж болох юм” гэж хариулав.
Эцэст нь уг орон сууцыг барьсан “Хурд” групп руу утас цохилоо. Энэ асуултад хариулт өгөх боломжтой мэргэжилтэн нь өөр нэгнийхээ утасны дугаарыг өгөх юм.
Мэдээж тэр дугаарын эзэн санаанд орсон өөр нэр хэлэх нь тодорхой.
Ус сувгийн мэргэжилтэн: Лондон хотын ус дамжуулах үндсэн ган хоолой 150 “насалсан” ч өдий болтол зэвэнд идэгдээгүй гэх…
Барилгын компани: Сүүлийн үеийн барилгууд усны шугамаа ган бус пластмасан хоолойгоор хийдэг учир зэвтэй ус гарах учиргүй…
СӨХ: Бидний асуудал биш барилгын компани л мэднэ… Бүх хариулт нь тодорхой.
Зэвтэй усны талаарх оршин суугчдын харилцан яриа
Тэгээд зэвтэй ус гарах болсон шалтгааныг хэн мэдэх вэ?
Бохирдол хаана үүсэж буйг хэн тодорхойлох вэ?
Ингээд хананаасаа эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх зэвтэй ус гоожиж байгаагийн шалтгааныг хайгаад олж эс чадав.
Бүх зүйл тодорхой байхад хариуцсан албаны хүмүүс зэвтэй ус яагаад гоожих болсныг бие бие рүүгээ чихэн, өөрийгөө өмгөөлөн хамгаалах нь хачирхалтай.
Бид бохир ус ууж, эрүүл мэндээ зэвэнд идүүлсээр л байх уу?
Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэхэд хэн бидэнд туслах вэ?
Гэвч хариулт алга…
Г.Одгарав | GoGo.mn
URL: