“Бридж” томорч, уул уурхай мөхсөн гэв үү
Уул уурхайн сайд Даваажавын Ганхуяг гэдэг эрхэм байх. Энэ хүн 1981 онд Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн сургууль, 1984 онд Улсын багшийн дээд сургуулийн Физикийн факультет, 1985 онд Токио хотын Гадаад хэлний дээд сургууль, 1989 онд Японы Киото хотын Политехникийн дээд сургуулийг Хими технологийн инженер мэргэжлээр, 1990 онд Удирдлагын хөгжлийн институт, 1996 онд АНУ-д Денверийн их сургуулийн Эдийн засаг менежментийн институтийг төгсчээ.
Д.Ганхуяг намтартаа бичихдээ 1989-1991 онд “Говь” ХК-д технолиогич инженер, 1991-1993 онд “Бридж” ХХК-ийн дэд захирал, 1993-2004 онд “Бридж” группийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. 2004-2008, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон 2004-2008 онд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажилласан гэж бичжээ.
Д.Ганхуяг 2012 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож, Уул уурхайн сайдаар томилогдсон юм.
Мань эр сайд болоод бараг хоёр жил болж байна гэсэн үг. Тэгвэл Монголын уул уурхайн мөхөл доройтлын үе ирээд мөн л жил гаруй болж байгаа талаар бичиж ярих боллоо.
Өөрөөр хэлбэл, Д.Ганхуягийн талаар элдэв “баримт, тайлбар”-ууд байсгээд л хэвлэлүүд, улс төрийн хүрээнд яригдах ажээ. Харин тэр ямар нэг тайлбар тавьж, хариулт хэлэлгүй явсаар өнөөг хүрч. Холуур… гэхийн аргагүй энэ салбарын сайдаас заавал хариулт авах нь иргэн бүрийн үүрэг хийгээд хүсэл сонирхол болчихож. Тиймээс доор сийрүүлсэн “асуулт”-уудад яаж ийгээд хариулт хүсч байгааг болгооно уу.
…Д.Ганхуягийг Уул уурхайн сайд болоход цөөнгүй гишүүд Оюутолгойн гэрээг засах боломж олдож байгааг онцолсон. Өөрөө ч энэ гэрээг эргэж харахаа илэрхийлсэн. Харин сайдын суудлаа хүлээж аваад баяраа тэмдэглэхдээ Оюутолгойн гэрээг өөрчилж ард түмнийхээ өмнө ямар сайд болохоо харуулна гэж ам гарчээ. Тэгээд ч Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол огцорно гэж мэдэгдсэн байна…
/Эх сурвалж: С.Баатархүү. 24tsag.mn 2012-8-20/
…Д.Ганхуяг сайдын зөвлөхөөр ажиллаж буй Ч.Түмэнбаяр нь уул уурхайгаас ангид нэгэн. Хөнгөн үйлдвэрийн салбар тэр дундаа ноолуурын бизнесийн талаар бол зөвлөх л байх. Цагтаа ноос ноолуурын холбоог тэргүүлж, “Гоёо”-г захирч явсан энэ эрхмийн зөвлөгөө уул уурхайд хэрхэн тусахыг цаг хугацаа харуулах биз ээ…
…Д.Ганхуяг сайдын тал тохой татсан томилгоо үүгээр өндөрлөсөнгүй. Уул уурхайн яамны харъяа Ашигт малтмалын газар гэж эрх баригчдын ойрын хүний “орогнодог” газар болсоор удаж байна. Тэндээс хэрхэн мөнгө хийж болохын сонгодог жишээг тус газрын өмнөх дарга харуулсан. Тэгвэл энэ удаа тус газрын Кадастрын алба гэх мэргэжлийн хүмүүс нь ч төөрөлддөг мундаг албыг Н.Чинбаатар гэх эмч мэргэжилтэн залгуулах болжээ. Мэргэжилдээ гаргууд нэгэн ч салбараасаа нэг хоёр жил хөндийрөхөд л хүнийрхэж холдсон байдаг. Гэтэл харь холын хүний эмч уул уурхайн кадастрт дутсан гэж үү. Н.Чинбаатар нь Д.Ганхуяг сайдын хувийн бизнес болох “Бридж групп”-ийн нийтийн хоолны салбарыг ахалж байгаад түүний туслахаар олон жил үнэнч зүтгэсэн гэхээс өөр ажлын туршлага багатай хүн гэдгийг хэлэх хүн цөөнгүй тааралдлаа. Төрийн албаны залгамж халаа гэж цэцэрхэхээ больё гэхэд кадастрын зургаа хараад “уншиж” чадахгүй даргатай энэ албанаас улс оронд хэрэгтэй шийдэл төрнө гэдэгт та итгэлтэй байгаа юу сайд аа….
/Эх сурвалж: Olloo.mn 2013-4-02/
…10. Тэрээр “Өвсний Үндэс” хөтөлбөрийн хүрээнд япончуудтай хамтарч ажиллахдаа 60 гаруй ерөнхий боловсролын дунд сургуулийн барилгын болон өргөтгөл засварын төсөл хэрэгжүүлснээс 34-ийг нь “Бридж констракшн” компаниараа гүйцэтгүүлсэн гэдэг…
/Эх сурвалж: 24tsag.mn. 2013-2-18/
…Д.Ганхуяг “БЭТ” гэдэг охин компаниа байгуулж, Сэдваанчигтай хуйвалдан “Говь”-ийн бүтээгдэхүүнийг Америк руу зөөдөг болсон байна. Ганхуягийн “БЭТ” нь батлагдсан тарифаас 10-20 хувийн хямд үнээр ноолууран хувцас авч төрийн өмчит “Говь” компанид 30 гаруй сая төгрөгийн хохирол учруулж байв…
/Эх сурвалж: www.topmedee.mn/
…“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иас зарласан нэг тендерийг Ганхуяг сайд өөрийн эзэмшлийн “Бридж” компанидаа авч өгөхөөр ихээхэн хичээж байгаа байгаа бөгөөд салбарын сайдын хувьд албан тушаалаараа дулдуйдсан хэрэг бус уу гэх санааг цухуйлгажээ. Тодруулбал, “Тус төрийн өмчит компаниас хүнд даацын өөрөө буулгагч машины дугуй худалдан авах” хязгаарлагдмал тендерийг зарлажээ. Гэтэл “Бридж”, “Кимпэкс”, “Монгол Хьюндай”, “Нисээч интернэшнл” гэх компани оролцсон бөгөөд сайдын хувийн компанийн зүгээс ихээхэн ач холбогдол өгч байгааг эх сурвалжийн мэдээллээр баталгаажуулжээ…
/Эх сурвалж: “Нийгмийн толь” сонин. 2013-5-10/
…Засгийн газрын 19 гишүүн дотроос Д.Ганхуяг сайд ажлаараа 19 дүгээр байранд оржээ.
Харин мань эр амины ажлаа амжуулдаг нэгэн аж. Ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын лицензийг сэмээрхэн гулгуулж, хот орчмын газрын дамын наймаанд ч овоо гаршсан байна. Тэр шадар туслах н.Чинбаатарыгаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргаар тавьж, Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Өмнийн говийн элс” ХХК-ийн /South Gobi Sands Co.Ltd/ хайгуулын лицензийг алга урвуулах төдийхөнд ашиглалтын лиценз болгон хувиргаж өгчээ. Ингэхдээ арыг нь би даанаа хэмээн туслахаа зоригжуулж, ихээхэн ашигтай ажилласныг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхлэнгүүт гууль нь цухуйжээ. Албан тушаалаа урвуулан ашигласан гэх иймэрхүү хэргийн жишээ энд тэндээс цухалзсаар байгаа нь Д.Ганхуяг сайдыг сүүлийн үед сүрхий сандаргаж эхэлсэн гэнэ.
Мөн УИХ-ын гишүүн, төрийн сайдын баруун гар болох “Бридж” группийн уул уурхай хариуцсан захирал Ө.Төмөр өнгөрсөн онд нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргыг шахаж шаардан сонгуулийн дүйвээнээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 10 га газрыг эзэмшихээр хууль бус гэрчилгээ гаргуулсан нь холион бантан хутгажээ. Сонгуулийн дараа шинэ Засаг дарга өмнөх А-307 тоот захирамжийг хүчингүй болгосон байна. Гэтэл “Бридж”-ийнхэн Д.Ганхуягийн нэр сүрээр далайлган тус газарт хашаа хороо барьж, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг уландаа гишгэсээр байгаа нь иргэдийн ширүүхэн эсэргүүцэлтэй тулгарав. Дам сонсвол түүний амнаас дахиад сонгогдоо ч билүү, энээхэн боломжийг ашиглаад ав гэсэн үг унагасан гэх…
/Эх сурвалж: www.bataar.mn/
…Одоогоос хэдхэн жилийн өмнө Хонконгийн Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаж байсан “Энержи Ресурс” компани Ухаа худагийн орд дээр ажиллаж байсан бүх ажилчдаа ирэх зургаадугаар сарын 15-ныг хүртэл цалингүй амраажээ. Өмнөговь аймагт их бүтээн босголт хийж эхэлсэн тус компанийн хувьд Улаанбаатар хот дахь төв салбартаа хүртэл цомхотгол хийсэн байна. 400 гаруй өрөмдлөгийн компани сул зогсолт хийж, “Оюутолгой”-н үйл ажиллагаа зогссоноос болж тийш ханган нийлүүлэлт хийдэг үндэсний компаниуд дампуурлын ирмэгт тулж очив. Уул уурхайн баялаг дээрээ босох гэж байсан манай орны хувьд уул уурхайн салбарт явуулж буй болчимгүй бодлогоос болж үндэсний ядуурал нүүрлэхэд хүрлээ. Энэ бүхний гол буруутан бол Шинэчлэлийн гэх Засгийн газар бөгөөд тэр дундаа энэхүү салбарыг толгойлж буй Уул уурхайн сайд Д.Ганхуяг юм…
…Өмнөд хөрш рүү 70 доллараар борлуулж байсан түүхий нүүрсний үнэ 30 доллар хүртэл унасан нь мөн л эрхэм сайдын “гавьяа” юм…
/Эх сурвалж: zaluu.com/
“Асуулт” иймэрхүү маягаар урсана. Товчхондоо, уул уурхай мөхөж, “Бридж” групп томорч, өргөжсөн талаар Д.Ганхуяг сайд та хэрхэн тайлбарлах вэ. Эдийн засаг хямарч, уул уурхай учраа олохоо больж буй энэ цагт Д.Ганхуяг сайд бол томоос том “Асуултын тэмдэгтэй хүн” мөнөөс мөн билээ.
Б.ДАМДИН-ОЧИР
URL: