1977 онд Хойд Солонгост хулгайлагдан тэндээ нас эцэслэсэн Японы иргэн Ёкота Мэгүмигийн охин энэ сарын 10-14-нд өвөө, эмээтэйгээ Монголын нийслэл Улаанбаатарт уулзлаа” гэж энэ сарын 16-нд Японы Гадаад явдлын Яамнаас мэдэгдлээ. Одоо 26 настай Ким Үн Гён өвөө эмээтэйгээ анх удаагаа нүүр тулан уулзаж байгаа нь энэ. Хэдийгээр Японы Засгийн газраас үгүйсгэж байгаа ч Япон Хойд Солонгосын төлөөлөгчид өнгөрсөн оны сүүлээс доод тал нь гурван удаа Вьетнам, Хонконг, Хятадад нууцаар уулзаж, энэ талаар хэлэлцээ хийжээ. Хойд Солонгост хулгайлагдсан иргэдийн асуудлыг нэн түрүүнд шийдэх гол зорилтынхоо нэг болгоод байгаа Ерөнхий сайд Абэ Шинзогийн шаардлагад Хойд Солонгосын Засгийн газар хариулж эхэлж байгаагийн гэрч нь энэхүү явдал болж байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр Ким Үн Гён-той хамт хүүхэд нь бололтой нялх хүүхэд байсан гэхээр япон өвөө эмээ хоёр гучтайгаа уулзсан ч байж болохоор байна. Харин Ёкота Мэгүмигийн нөхөр гэгдэх Өмнөд Солонгосын хулгайлагдсан иргэн Ким Ён Нам байгаагүй байна. Ким Үн Гён одоо Пхеньянд амьдарч байгаа бөгөөд Ким Ир Сений нэрэмжит их сургуулийн компьютерын ангийг төгссөн гэнэ.
Ёкота Мэгүми 13 настайдаа
Ёкота Мэгүмиг хулгайлсан гэдгээ үгүйсгэж байсан Хойд Солонгосын газар 2002 онд хулгайлснаа хүлээн зөвшөөрсөн, гэхдээ түүнийг нас барсан, охин нь байгаа хэмээн мэдэгдсэн билээ. Мэгүмигийн аав ээж хоёрыг Хойд Солонгост ирж, ач охинтойгоо уулзахыг хүссэн боловч тэд зөвшөөрөөгүй юм. Харин Японы Засгийн газраас Монголд уулзалтыг зохион байгуулах хүсэлт тавихад Хойдынхон зөвшөөрсөн байна. Энэ сарын 19-20-нд Хятадын Шэньян (Мүгдэн) хотод хоёр тал дахин уулзалт хийхээр болсон бөгөөд бусад хулгайлагдсан иргэдийн талаар авч хэлэлцэх бололтой байна.
Ёкота Мэгүми- 1977 оны 11 дүгээр сарын 15-нд сургууль руугаа бадминтоны секцэнд яваад сураггүй алга болсон. 13 настай байлаа. Хэчнээн хайгаад Цагдаагийн газар ямар ч ул мөр олж чадаагүй юм. Харин дараа нь тодорхой болсноор түүнийг Хойд Солонгосын тагнуулууд хулгайлж, усан онгоцонд ачин, Хойд Солонгос руу авч явсан байжээ. Түүнээс хойш 20 жилийн дараа 1997 онд “Хойд Солонгосын нийслэл Пхеньянд Мэгүми амьд байгаа” гэсэн мэдээлэл хэвлэлээр тарсан. 2002 оны 9 дүгээр сарын 17-нд тэр үеийн Японы Ерөнхий сайд Коизүми Пхеньянд айлчлан, Ким Чен Иртэй уулзах үеэр Ким Чен Ир Японы иргэдийг хулгайлж байснаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан юм. Гэхдээ Ёкота Мэгүмиг нас барсан, нийт 13 хүн хулгайлснаас тав нь амьд, найм нь нас барсан гэж мэдэгдсэн. Охиноо нас барсан гэдэгт итгээгүй эцэг эхийн шаардлагаар 2006 онд Хойд Солонгосын Засгийн газар Мэгүмигийн шарилыг эцэг эхэд нь шилжүүлсэн ч шинжилгээгээр өөр хүний DNA илэрсэн тул нас барсан эсэх нь батлагдаагүй. Одоо 81 настай аав Шигэрү, 78 настай ээж Сакиэ нар охинтойгоо уулзахын тулд л амьд яваа гэдгээ ярьж, “Охиноо ирэхээр сайхан амрааж, эрх чөлөөг амсуулмаар байна. Хүний газар хараа хяналтанд алдаа гаргачих бий хэмээн байнга айж чичирч амьдарч байгаа гэж бодохоор нулимс өөрийн эрхгүй гардаг” гэж хэлж байлаа. Японд харьсан Сакиэ гуай “Одоо юм ярьж чадахгүй нь. Амарч байгаад мэдээлэл хийнэ” гэж сэтгүүлчдэд хэлсэн бөгөөд Ёкота Мэгүми амьд байгаа эсэх талаар ач охин нь юу ярьсан талаар хэн ч мэдэхгүй байна.
М.Сугар-Эрдэнэ