Монгол улс хүн худалдаалах гэмт хэргээр Азиас хоёрдугаарт жагсчээ
Азийн сангаас Монгол Улс дахь хүний наймааны талаарх тайланг гаргажээ. АНУ-ын Төрийн департаментын Хүн худалдаалах гэмт хэргийн судалгааны тайланд манай улс энэ төрлийн гэмт хэргээр II зэрэглэлд орж байгаа хэмээн дүгнэсэн байна. Хүний наймааны дамжих зам, худалдан авагчид, гэмт бүлэглэлүүдийн тухай тэд бичсэн байна.
Нэг анхаарал татаж байгаа зүйл нь “Монгол Улсад хүний наймааг устгах орчин, хуулийн нөхцөл, хүчин чадал одоогоор байхгүй” гэжээ. 2012 оны нэгдүгээр сард Монголын парламент Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль баталсан. Энэ нь хүний наймааг устгах нэг алхам болсон юм.
Үүнээс гадна ТББ, иргэний нийгмийн байгууллагууд сүүлийн гурван жилд үүний эсрэг чармайлттай ажиллаж байгаа гэдэг. Хууль баталснаас хоёр жилийн дараа буюу 2013 онд УИХ-аас Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг хэлэлцэж, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдүүлж эхэлсэн.
Мөн Хууль зүйн яамны дэргэд Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх Үндэсний дэд зөвлөл гээчийг байгуулсан. Дэд зөвлөлийн гол ажпын нэг нь үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгах, хууль хэрэгжихэд шаардлагатай нөхцөлийг бий болгох юм.
Гэсэн хэдий ч манай улс хүний наймаатай бүрэн тэмцэж чадахгүй л байна. Одоогоор хүний наймааны хохирогч болж, бэлгийн мөлжлөгөд өртсөн долоон хохирогч байгаа аж. Хамгийн гол нь тэдэнд өөрсдийгөө хамгаалуулах хуульч, хамгаалагч хөлслөх мөнгөгүй. Тиймээс олон улсын сангаар дамжуулж л хууль зүйн туслалцаа авдаг байна.
Мөн яг ийм чиглэлээр ажилладаг хуульч манайд маш цөөн байдаг юм байна. Тиймээс л иргэний нийгмийн байгууллагууд нэлээд дээгүүр нөлөөтэй ажилладаг аж. Тухайлбал, Жендерийн тэгш эрхийн төв 24 цагийн турш ажиллаж, хууль зүйн болон хамгааллын туслалцаа үзүүлдэг.
Гэсэн ч дангаараа ажиллаад төдийлөн үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой. Энэ төвийн мэдээллээс харахад, монголчууд ихэвчлэн утсаар дуудлага өгдөг байна. Өнөөдрийг хүртэл тус байгууллага 5600 гаруй дуудлага хүлээн авснаас 138 нь хүний наймаатай холбоотой байжээ. Бас 1600 хүн хамгаалалт хүсч, түр орогнох байранд хүрч ирсэн байна.
Өнгөрсөн онд Хууль зүй, Гадаад харилцааны яам, гадаад орнууд дахь ЭСЯ хамтран хүний наймааны сэжигтэн, хохирогч, магадлалтай хүмүүсийн мэдээллийг хилийн хяналтад байршуулсан аж.
Б.Цэцэгдэлгэр
Эх сурвалж: Үнэн.мн
URL: