Л.Гүндалай боомтуудын “босс” болно
Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас зохион байгуулж буй “Хилийн боомтын шинэчлэл” зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд боллоо. Боомтуудын үйл ажиллагааг хүнд сурталгүй, хөнгөн шуурхай болгох зорилгоор Шинэчлэлийн засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг төрийн холбогдaох байгууллагуудад танилцуулж, ажлыг нь уялдуулах зорилгоор уг зөвлөгөөнийг зохион байгуулсан хэмээн ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг тодотгосон.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-аас батласан “Хилийн боомтын тухай хууль” ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэнэ. Тиймээс хилийн боомтууд ч ирэх сараас эхлэн шинэ зохион байгуулалтаар ажиллах юм. Хил, гаалийн үйлчилгээний өнөөгийн бодит байдлыг илтгэсэн нэгэн иргэний захидлыг зөвлөгөөний нээлтэд Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч. Сайханбилэг сайд уншиж өгсөн юм. 14 мянган ам.долларын үнэлгээтэй бараа импортлохдоо гааль дээр 6000 ам.долларын зардал гаргасан, үүний дөрөвний нэгийг нь тэндэхийн зарим ажилтны “гар цайлгахад” зарцуулсан гэж гадаад худалдаа эрхлэгч жирийн нэгэн компанийн ажилтан захиралдаа илгээсэн захидалдаа бичжээ.
Ирэх сарын 1-нээс эхлэн боомт бүр дээр Боомтын захиргаа ажиллаж, төрийн олон байгууллагын үйлчилгээг нэг цонхонд төвлөрүүлнэ. Боомтын захиргаадын ажилд салбар дундын зохицуулалт хийж, нэгдсэн бодлогоор удирдах Хилийн боомтын үндэсний зөвлөл ЗГХЭГ-ын дэргэд ажиллах бөгөөд төр, хувийн хэвшлийн төлөөллийг багтаасан энэ зөвлөлийн даргаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг ажиллаж байгаа юм.
Монгол Улсад нийт 46 боомт ажилладгийн 9 нь байнгын ажиллагаатай. Алтанбулаг, Замын-Үүдээс бусад боомтын 60 гаруй хувьд зорчигчдод үйлчлэх нөхцөл бүрдээгүй, 30 гаруй хувь нь шалган нэвтрүүлэх цогцолборгүй байна. Энэ нь хилийн боомтууд дээр хэт олон шат дамжлага бий болгох, ачаалал түгжрэл үүсгэх, цаашлаад авлигын уурхай болох шалтгаан болж байна. .Дашрамд дурьдахад, Боомтын нэгдсэн захиргааг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай удирдахаар болж буйг зөвлөгөөний үеэр танилцуулсан юм.
URL: