Хүүхдийн тухайд тоглоом бол
• Тоглоом нь хүүхдийн амьдарлын онцгой хэлбэр, хүн болох ухааны цагаан толгойн хичээл, хүрэх алс ирээдүйн чиг баримжааг тогтоох хэрэглүүр юм.
• Тоглоом нь хүүхдийг төлөвшүүлэх сурган, сэтгэлзүйн ухааны онцгой бүтээгдэхүүн, үндэстэн өөрийгөө үргэлжүүлэх бодлогын нууц захиалга, нийгмийн эрүүл мэндийн урьдчилгаа мөн.
• Тоглоом нь хүүхдийн төрөлх авьяас, нуугдмал удамшлын сэрүүлэг, маргаашийнх нь хувь тавилангийн бэлтгэл алба, олон тогтолцоот үйл хэргийн нь суурь дэвсгэр юм.
• Тоглоом нь хүүхдийн танин мэдэхүйн таван эрхтний / үнэрлэх, амтлах, үзэх, сонсох, мэдрэх / тохироо тааруулагч, хорвоог танин мэдэхүйн бие даасан дасгалжуулалт, халах, хөрөх, өвдөх, баясах, гутахын өөрийн сургамж мөн.
• Тоглоом нь хүүхдийн зохион бүтээх, эвдэн сүйтгэх, даван туулах, бултан зайлах, эвийг олох, өөрөө өөрийгөө хамгаалах ухаан нь өөөрөө болоод үе тэнгийнхээсээ албадлагагүйгээр суралцах онцгой хэлбэрийн сургууль болдог.
• Тоглоом нь хүүхдийн төрмөл ухааныг бэхжүүлэн баяжуулах, тарьмал ухаан шинээр олж авах, хал үзэж хашир танихын “өөрөө сурах” анхны хамгийн том, хамгийн мартагдашгүй, хамгийн зугаатай, хамгийн чөлөөтэй дамжаа нь болой.
Хамгийн товчоор тайлбарлан хэлэхэд хүүхэд тоглоомын учир холбогдол дээр дурдсан зүйлд онолын хувьд багтах бөгөөд ер нь хүний амьдралд тоглоомын ач холбогдол хэзээ ч бүр мөсөн үгүй болдоггүй онцгой үзэгдэл мөн.
URL: