“Тайгам Алтай” нэг ч төгрөгийн хохирол барагдуулсангүй
Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр тоглочихоод хариуцлага хүлээдэггүй салбар гэвэл барилгынхан. Сезоны улирал нь эхэлж буй энэ үед дээрх бодол улам лавшрах болов. Ард иргэдийг, төр засгийг хамгийн ихээр хохироож буй салбарт өмнө нь дорвитой арга хэмжээ авч уу, ер нь. “МҮДИ” компанийн захиалгаар Саппорогийн тойрогт босч байсан барилгын краны төмөр унаж ээжтэйгээ хөтлөлцөөд явж байсан 12 настай охины аймшигт үхлийн буруутан одоо ч тодроогүй. Тэнгис кинотеатрын барилгын дэргэдүүр явж байсан 25 настай залуу, өмнөх зам дээр нь автомашинтай зорчиж байсан 33 настай залуугийн харамсалтай ослуудад одоо ч хариуцлага хүлээлгээгүй байна. Барилга дээр гарч байгаа жижиг осол гэмтэл гэвэл бүр ч барагдахгүй биз.
Түүнчлэн олон нийтийг их бага хэмжээгээр хохироож байгаа орон сууцны талбайн маргаан бас л шийдлээ олоогүй байна. ШӨХТГ-аас уг асуудлыг дуулиантайхан гаргаж ирсэн ч хблбогдох компаниудаас нь эхлээд хуулийг эс тоож байгаа. Тухайлбал, 600 гаруй сая төгрөгөөр иргэдийг хохироогоод буй “Тайгам Алтай” эдгээр компанийн тэргүүн эгнээнд явна. ШӨХТГ-аас мэдээлж байснаар тус компани оны өмнө гэхэд 60 гаруй айл өрхөд дутуу талбайтай байр зарж, 300 гаруй сая төгрөгөөр хохироосон нь тогтоогдсон гэж байсан. Он гарснаас хойш уг тоо хоёр дахин нэмэгдсэнийг ч давхар мэдээлсэн. Зарим компани хохирлоо барагдуулж байхад “Тайгам Алтай” нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй байгаа юм билээ. Тус компанид холбогдох гомдол хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагад ирүүлж байгаа гомдлын багагүй хэсгийг эзэлдэг гэсэн. ШӨХТГ-аас удаа дараа торгуулийн арга хэмжээ авдаг ч бас таг. Бүр сүүлдээ шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэхээр болсон тухай дуулдаж байсан. Харин нөгөө талд “Тайгам Алтай” хуульч, өмгөөлөгчдөөр өөрсдийгөө хамгаалуулж байгаа сурагтай.
Мэргэжийн хяналт, салбарын яам, холбоод төрийн олон байгууллага бий. Тэднээс ноцтой. осол гэмтэл гарсан үед мэдэгдэл хийгээд өнгөрөхөөс дорвитой арга хэмжээ авч бусдад нь сануулга өгсөн тохиолдол ч үгүй ажээ. Хүний амь бүрэлгэсэн хүнд дор хаяж 10 жилийн ял оноодог. Тэгвэл эрдэнэт хүний амийг авчихаад байгаа компаниудын нэгэнд ч болов ядаж 10 жил үйл ажиллагаа явуулах эрхгүй болгочихвол бусдад нь сануулга болмоор. Барилгын сезон эхэллээ…
Б.ЗАЯА
URL: