Наполеоны хичээлийн дэвтрийг дуудлагаар худалджээ
Өнгөрөгч ням гарагт Францын анхны хаан Наполеон Бонапартын англи хэлний хичээлийн дэвтрүүдийг 93 мянган еврогоор худалдсан тухай Франс Пресс агентлаг мэдээлжээ.
Уг дэвтрүүд нь Наполеоны Гэгээн Еленааралд байхдаа англи хэл судалж эхэлж байсан үеийнх гэнэ.
Францын «Osenat» гэдэг дуудлага худалдааны ордонд Наполеоны франц, англи хэлээр бичсэн хичээлийн гурван дэвтрээс гадна хаан ширээнээсээ унасан хааны зургуудыг тавьсан байна. Тэдгээрийн дундаж үнэ нь 7-9,5 мянган евро байжээ. Наполеоны захидал, гар бичмэл, зураг болон дэвтрүүдийг Парисын нэгэн хувийн музей худалдан авсан бөгөөд энэ сарын 21-нд болох үзэсгэлэнд тавина гэж мэдэгджээ.
Түүнээс гадна уг музей Наполеоны Британийн Өмнөд Атлантик аралд гянданд хоригдож байхдаа бичсэн дурсамжийг 53,8 мянган еврогоор худалдан авсан байна. Хааны гар бичмэлд тухайлбал, 1796 онд Арколын дэргэдэх тулалдааны тухай бичжээ.
Музейн худалдаж авсан бас нэгэн зүйл бол Францын хувьсгалын үеийн 20 хуудастай эртний гар бичмэлийн хуулбар юм. Уг баримт бичигт, XVI Людовик хаанд оноох ял шийтгэлийг хэлэлцэж байсан ассамблейн гишүүдийн нэрсийн жагсаалт байгаа ажээ. Гэхдээ дуудлага худалдаанд Францын архивт хадгалагдаж байсан гар бичмэлүүдээс зөвхөн нэгийг нь л тавьсан бөгөөд хоёроос гурван мянган еврогоос дуудагдаж 35 мянган еврогоор зарагдсан байна.
Түүнээс гадна Египетийн аян дайн дуусч байх үед тус улсын нэгэн генералын Наполеонд илгээсэн захидал дуудлага худалдаанд оролцсон хүмүүсийн сонирхлыг татсан байна. Алттай хар бэхээр бичсэн 29 мөр бүхий уг захидлыг 187,5 мянган еврогоор заржээ. Харин анхны үнэ нь 6-8 мянган евро байв.
Наполеон Бонапарт Ватерлоогийн дэргэдэх тулалдаанд ялагдсаныхаа дараа 1815 онд Их Британид харьяалагддаг Гэгээн Елена арал руу цөлөгдсөн бөгөөд 1821 оны тавдугаар сарын 5-нд 51 насандаа тэндээ нас нөгчжээ.
Д.Жаргал
URL: