Улсын төсвөөс санхүүжүүлэх шаардлагагүй объектуудыг зарлая
2014 оны төсвийг хэлэлцэх үед төсвөөс санхүүжилт шаардсан 272 барилга байгууламжийн санхүүжилтийг түр царцаан, үнэхээр төчнөөн хэмжээний хөрөнгө шаардлагатай эсэхийг Үндэсний Аудитын газраар шалгуулахаар болсон. Шалгалтын дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар аудитынхаас сонсоод холбогдох ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллахаар болоод буй. Барилгын тухай хуулиар техник эдийн засгийн үндэслэл гаргасан байхыг заасан ч түүнийг нь биелүүлээгүй 81 объект илэрсэн. Төсөвт үлдээгээд байгаа 139 тэрбум төгрөгөөр чухам хэдэн объект санхүүжүүлэхээ шийдэх учиртай. Ямар ч байсан ажлаа огт эхлээгүй 99 барилгад нэг ч төсөв суулгахгүй гэсэн үг.
Мөн зураг төсөлгүй буюу цаасан дээр ч буугаагүй 18 объект санхүүжилт авч чадахгүй болоод байгаа талаар Үндэсний Аудитын газраас мэдээлсэн билээ. Мөн шалгалтаар улсын төсвөөс санхүүжих шаардлагагүй нийт 24.7 тэрбум төгрөгийн төсөв бүхий 23 объект байгааг танилцуулсан нь цаашид эдгээр объектыг хэрхэн вэ гэдэг хүндхэн асуудал тулгарч байгаа юм. Үндэсний Аудитын газраас уг 23 объектыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзсэн. Зураг төсөл нь алдаатай, нэмэгдэл зураг төсөл зохиох, тэдгээрт дур зоргоороо өөрчлөлт оруулах замаар төсөвт өртөг нэмэгдүүлэх, дараа оны төсөвт тусгуулах зэргээр их хэмжээний мөнгө угаах ажил барилгын салбарт ихээхэн байгааг шалгалтаар илэрүүлсэн нь сайшаалтай хэрэг байлаа.
Улсын ерөнхий аудитор А.Зангад “Эрх зүйн орчныг сайжруулах, төсөв бүрдүүлэлт, санхүүгийн болон гэрээний механизм гээд бүгдийг харж, цогцоор нь шийдэх ёстой. Тайланд дурдсан зөрчлүүдэд Засгийн газар арга хэмжээ авч хариуцлага тооцох боломжтой. Зөрчил гарсан үед ажил хариуцаж байсан хүмүүсийн нэр тодорхой бий. Тендерийн хорооны гишүүд, гүйцэтгэгчид, зураг гаргагч болон магадласан мэргэжилтнүүд, захиалагч гээд бүгдийг нь материалд жагсаасан” гэсэн.Зөвхөн анх удаагийн шалгалтаар ийм олон төрлийн зөрчил илэрсэн гэхээр өмнө нь ямар их мөнгө төсөвчдийн гараар ордог байсныг таах аргагүй.
Олон жил дамнан баригдаж байгаа ч ашиглалтад ордоггүй, жил бүр төсөвт өртөг нь нэмэгддэг, ижил хэмжээтэй барилгуудын өртөг өөр гардаг зэргийг эрх баригчид мэдсэн ч чимээгүй байсаар ирсэн. Төсвийн мөнгөөр барилга байгууламж барих нэрийдлээр ашиг олдог байсан буруутнуудыг тогтоож, хариуцлага үүрүүлэх ажлыг юуны өмнө яаралтай хийх хэрэгтэйг холбогдох албаныханд сануулах нь зүй биз ээ.
Ямартай ч Үндэсний Аудитын шалгалтаар төсвийн мөнгийг авлига болгосон буруутныг хэн байсныг нь олж тогтоосон гэж найдъя. Харин үүнд нь зохих хариуцлагыг нь хүлээлгээсэй билээ. Энэ жил улсын төсвөөс санхүүжилт авахгүй гэх тодотголтой 23 объектын нэрсийг олонд ил болгож цаашид авилгажихгүй байх үндэсийг тавьж өгөх хэрэгтэй болов уу.Учир нь манай улсад шалгалт шүүлэг элбэг явагддаг ч эргээд хариуцлага тооцох механизм муутай улмаас авилгал хээл хахуулийг даамжруулах болсон гэхэд хилсдэхгүй.Тиймээс улсын төсвөөс санаархах гэсэн эрх мэдэлтнүүдэд санамж өгөхийн зэрэгцээ хээл хахуулийг дарах нэг арга бол уг объектуудыг олонд зарлах нь зүйтэй юм.
С.Саранзаяа
Оллоо.мн
URL: