Монголын хуульчид хятадуудтай “хуйвалджээ”
БНХАУ-аас хууль бусаар хятад мотоцикль оруулж ирдэг байсан тус улсын иргэн фото сэтгүүлч Вэй Хун Ванг есөн тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэргээр шалгагдаж байгаа талаар манай сонин 2012, 2013 онд тодорхой мэдээллүүдийг олон нийтэд дэлгэж байсан билээ.
Бүтэн хоёр жил гаруй шалгагдсан эл хэрэг өнгөрсөн баасан гарагт Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд эцэслэн шийдэгдэж нэр бүхий гурван этгээд ял сонссон юм.
Тодруулбал шүүхээс БНХАУ-ын иргэн, “Хун Лиан” ХХК-ийг үүсгэн байгуулагч Вэй Хун Вангд 6.6, Хан Ру Пид 5.4 жил чанга дэглэмтэй хорих ангид, мөн Монгол Улсын иргэн татварын байцаагч Д.Нанжидсүрэнд жирийн дэглэмтэй хорих ангид 1.6 жилийн ял эдлүүлэхээр тус тус оногдуулжээ.
Мөн тэднийг улсад их хэмжээний хохирол учруулж татвараас санаатайгаар зайлсхийсэн гэж үзэн 485 сая 743 мянган төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргасан бол Вэй Хун Вангийн дансанд байсан бүх мөнгийг улсын орлого болгох шийдвэр гаргасан юм.
Ялтан этгээд болох Вэй Хун Ванг нь 2006 онд «Хун Лиан» ХХК-ийг байгуулж, хятад мотоцикл оруулж ирж борлуулах явцдаа татварын байцаагч нартай үгсэн тохирч байсныг ЭЦГ-ынхан илрүүлж хэргийг нь УМБГ- руу шилжүүлж байсан юм.
Хятад иргэнд татвараас зайлсхийхэд нь тусалж байсан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч Д.Нанжидсүрэнд “Татварын давхар хяналт”-ын шалгалт явуулснаар энэхүү хэрэг илэрч байсан.
Өөрөөр хэлбэл Д.Нанжидсүрэн 2007, 2008, 2009 онд тус компанийн тайлан, татвар төлөлтөд шалгалт хийж байжээ. Энэ онуудад нийт 13 сая төгрөгийн зөрчил илрүүлж, 1.9 сая төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоож байсан байна.
Ингээд дээрх он жилүүдээс хойш буюу 2010 оноос хойш «Хун Лиан» ХХК-ийн тайлан тооцоог хийж хувьдаа их хэмжээний мөнгө завшиж байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг.
Түүнчлэн тухайн үед Д.Нанжидсүрэн «Хун Лиан» ХХК-ийг татвараас бултуулахын тулд хоёр сая гаруй төгрөг авсан нь баримтаар тогтоогдсон юм.
Ямартай ч шүүхээс Д.Нанжидсүрэнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд 1.6 жилийн ял ногдуулсанд хятад иргэн их л уурсаж “МУ-ын нутаг дэвсгэрт болсон эл шүүх хурал хууль бус боллоо.
Учир нь тэд өөрийн улсын иргэндээ маш бага ял оноогоод зогсохгүй жирийн дэглэмтэй шоронд хорих болсон нь шударга бус гэж” өмгөөлөгчдөө хандсан байна.
Тиймээс өнөөдөр чанга дэглэмтэй хорих ангид 6.6 жилийн ял сонсоод буй Вэй Хун Ванг дараагийн шатны шүүхэд давж заалдана гэдгээ мэдэгдэж энэ хэрэгт холбоотой олон монголчуудын хууль бус үйлдлийг дэлгэх болно гэж сүрдүүлж байгаа талаар эх сурвалж мэдээлсэн.
Учир нь тэрбээр татвараас зайлсхийсэн хэргээ дарахын тулд хуулийнханд багагүй мөнгө өгч аргалуулж байсан аж.
Тиймдээ ч энэ хэрэг илрэхгүй явсаар найман тэрбум 900 сая төгрөг болсон байна. Гэтэл одоо асуудал эсрэгээрээ шийдэгдсэнд мөнгө өгч байсан бүх хуулийн хүмүүсээ илчлэхээр болсон аж.
Баттай эх сурвалжууд ч хятад захирлыгаа эл татварын хэргийг нуун дарагдуулахын тулд хуулийнханд мөнгө өгсөн байх магадлалтай гэж байв. Тодруулбал тухайн үед Эрүүгийн цагдаагийн газраас компанийнх нь эд хөрөнгийг битүүмжилсэн байхад захирал Вэй Хун Ванг, Хан Ру Пи нар хужаа мотоцикль болон бусад бараа таваараа зарж борлуулж байсан байна.
Тэдний энэ үйлдлийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх тасгийхан газар дээр нь зогсоож баримтжуулж авч байжээ.
Тиймээс тус компанийн ажилчид эзнийгээ Монголын хуульчидтай холбоо сүлбээтэй болох нь үнэний магадлалтай гэж хэлж байсан юм. Эл болсон явдлыг сөхөхөд хэрэг эхлэх үед түүнийг Эрүүгийн цагдаагийн газар болон УМБГ-аас саатуулах саналтайгаар шүүгчид хүргүүлж байсан.
Гэтэл улсад найман тэрбум 900 сая төгрөгийн хохирол учруулж санаатайгаар зайлсхийсэн этгээдийг шүүгчийн захирамжаар батлан даалтад гаргаж байсан нь тухайн үед хуулийнхныг сэртхийлгэж эгдүүцлийг хүргэж байсан юм.
Мэдээж татвартай холбоотой хэргийг илрүүлэх гэж “Бид хэрэндээ л их зүтгэж ажилласан.
Гэтэл шүүгчийн захирамжаар түүнийг батлан даалтад гаргасан нь их л сонин байна” гэж мөрдөн байцаагч нар ч хэлж байсан.
Энэ бүхний эцэст Вэй Хун Вангийн учруулсан гэм хор нь Монгол Улсын төсөвт төвлөрөх ёстой байсан их хэмжээний мөнгө гэдгийг хуулийнхан өөрсдөө маш сайн мэдэж байгаа. Ганцаараа яллагдсан мэт аашилж байгаа тэрбээр дотор хүний зан гаргаж тун удахгүй манай улсын нэртэй хэдэн хуульчдыг авлига авсан гэж зарлах нь ойлгомжтой боллоо.
Түүний давж заалдах шатны шүүх хурал хэрхэн болохыг олон нийт хүлээж байна.
Р.Саруул
URL: