“Мобиком” дампуурлаа зарлаж 400 ажилтнаа халав
Эдийн засгийн хямрал үргэлжилж буй энэ цагт хаа хаанаа байдал хүнд байна. Үндэсний хэдэн цөөн акулуудыг эс нэрлэвэл хувийн хэвшлийн байгууллагуудад бүр ч хүнд тусч буй. Хамгийн хачирхалтай нь бусад үүрэн телефоноос өндөр тарифтай, сая орчим хэрэглэгчтэй хэмээдэг “Мобиком” корпорацийн санхүү хямарсан тухай мэдээлэл байна. Уг нь шулаачаараа алдартай “Моби”-гийн эдийн засагт хүндрэл гарамгүй юм гэх нь бий. Тэр ч бүү хэл хот хөдөөгийн салбаруудаас нийтдээ 400 орчим ажилчнаа халсан тухай мэдээллийг бидэнд нэгэн ажилтан нь ирүүлсэн юм. Халах халахдаа хууль ёсны дагуу халж, гэнэт халагдсаны нөхөн олговор өгөхөөс зайлсхийж, ажилчдаасаа ямар нэгэн шалтаг хайх, заримд нь шахалт үзүүлэх зэргээр багагүй хугацаа өнгөрч байгаа аж. Тухайлбал, өглөө ажлаасаа хоёр цаг орчим хоцорсон ажилтандаа сануулга өгч, дараа долоо хоногт нь хэдэн минут хоцроход нь халжээ.
Мөн зарим нэг ахлах ажилтан буюу өндөр цалинтай ажиллагсаддаа тулган шаардалт хийж, өргөдлөө өгөхийг шаардах болжээ. Гэхдээ энэ мэдээллийг нэрээ нууцлахыг хүссэн нэгэн ажилтан бидэнд өгсөн учраас бодит гэж ойлгож болно. Тодруулбал, “Мобиком” корпорацийн өнөөдрийн үнэн бодит байдлыг эндээс харж болно гэсэн үг. Тэрээр “Мобиком”-ын төв салбарт борлуулалтын хэсэгт ахлах ажилтан хийдэг аж. Гэтэл нэг өдөр “Санхүүгийн байдал хүндэрч байна. Чи учир мэдэх хүн учраас өөрийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдлөө өгчих. Яахав, эргээд эдийн засгийн байдал сэргэвэл ажил чинь бэлэн байгаа шүү” хэмээн гуйжээ. Зөвхөн энэ ч биш, олон ажилтандаа ийнхүү тулган шаардалт хийж байгаа гэх. Мань эр цааш хэлэхдээ “Уг нь би энэ байгууллагын төлөө амьдралынхаа багагүй хугацааг зарж зүтгэсэн учраас тийм ч амар халагдах өргөдлөө өгмөөргүй байна. Учир нь манай байгууллагын хувьд санхүүгийн байдал тийм ч дор орчихоогүй. Үйл ажиллагаа ч хэвийн байгаа. Гадаад хөрөнгө оруулагчид, Монгол дахь боссуудын дунд л асуудал үүсээд байх шиг. Манай Монгол дахь босс өөр бизнесийн салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг дур мэдэн хийсэн учраас гаднын хөрөнгө оруулагчид дургүйцсэн гэх баттай бус зүйлийг ажилчид шивэр авир хийж л байдаг. Чухам үнэн эсэхийг мэдэхгүй юм” хэмээсэн.
“Мобиком” энэ мэтчилэнгээр кампанит ажил явуулж, өнөөдөртэй золгоход 400 орчим ажилтнаа халсан бөгөөд гэнэт халагдсаны нөхөн олговор өгөөгүй нь өнөөх л гшулаач зангаа тавихгүй байгаагийн нэгэн хэлбэр. Ажилтны ирүүлсэн мэдээллээс гаднах мэдээлэл сөхвөл мөн л “Мобиком”-ын гаднын хөрөнгө оруулагчид Монгол дахь хувь эзэмшигчдийн дунд үл ойлголцол үүссэн гэх. Тэгэхээр энэ огт оргүй зүйл биш бололтой. Юутай ч өнөөдөр хэрэглэгчдийнхээ тоогоор төдийгүй үнэ тарифаараа өндөрт тооцогдох энэ айлын санхүү хямарсан гэдэг нь өөр учир шалтгаантай байж таарна. Хамгийн энгийнээр жишиж үзэх юм бол “Мобиком”-ын хэрэглэгчид хэрэглээнээсээ татгалзаагүй гэдэг нь харагддаг. Тэр тусмаа өнөөх 9911…., 9910…. гээд бусад дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид лав татгалзаагүй. Яагаад гэхээр тэд хэдийгээр өндөр төлбөр төлдөгч ийм дугаар ашиглаж байгаагаа нэр төрийн хэрэг хэмээн үздгээс тэр. Ямар сайндаа л 9911-тэй дугаар авах гэж байраа зарж баларсан эрийн тухай ч мэдээлэл бий. Монголдоо хамгийн өндөр төлбөр авдаг, элдэв урамшуулал гээд хэрэглэгчиддээ барьдаг бэлэг гээд байх юмгүй хэрнээ санхүүгийн хямрал ярьж 400 ажилтнаа гудамжинд гаргана гэхээр хэний ч ой тойнд буухгүй л болов уу. Өөрөөр хэлбэл, шулаачаараа зартай “Мобиком”-ын санхүү тэгтлээ хямарч хэдэн зуугаар нь ажилтнаа халах учиргүй гэдгийг хаа хаанаа ярьж байна.
URL: