Хэтэрхий дампуу ажиллаж байгаа засгийн газрыг огцрохыг иргэд шаардлаа

Ард түмний амьдрал, болоод эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн гэдэгтэй хүн бүхэн эвлэрчихсэн.  Гэтэл улс орныг

fab32518ac67484original

удирдаж байгаа эрх баригчид болон бодлого тодорхойлогч Засгийн газрын эрхмүүд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байсаар өдийг хүрлээ. Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ахлуулсан баг болох УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, О.Содбилэг, МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газрын дарга А.Ариунзаяа, Нийгмийн хөгжлийн бодлогын газрын дарга С.Чинзориг, УИХ-ын гишүүн асан Д.Очирбат нар Баянхонгор, Архангай аймагт ажиллаж, орон нутгийн бодит амьдралтай танилцсан юм.
Ерөнхийдөө орон нутгийн амьдал амьдрал шалдар булдар, цагийн байдал ороо бусгай байна. Иргэд бухимдлаа, санаа бодлоо хэнээс ч айж эмээхгүйгээр илэрхийлж, амин хувийн гэхээсээ илүү ард олон, улс үндэстний сэдэвтэй асуудал ярьж, тулга тойрсон сэдвээс хэдийнэ хальжээ. Нутгийн иргэд ардчилсан, хамтарсан эвсэж солонгорсон гэх мэт нам засгийнхны хэрэгжихгүй хууль, хэрээс хэтэрсэн үйлдлийг нэр устай нь хэлж, шүүмжилж байна.  Нэг үгээр хэлбэл, уулзалт бүхэн ширүүхэн өрнөж,  Засгийн газрын хийж буй ажлыг илүүтэй буруушааж байлаа.  Сүүлийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний огцом нэмэгдсэн нь иргэдийн хуралдан авалтад маш их нөлөөлжээ.  Үүнийг ч хуралд оролцож буй иргэд үг хэлэхдээ байнга онцолж байсан. Хамгийн чухал нь орон нутагт байдал хүндэрсэн байхад Засгийн газар ямар ч арга хэмжээ авахгүй байгаад иргэд дургүйлхэж байна.  Тэр тусмаа эдийн засаг хямарч байхад Ерөнхий сайд Н.Алтанхуяг бүх зүйл хэвийн мэтээр ярьж байгаа нь ард түмний эгдүүцлийг хүргэжээ.  Аль ч аймагт очиход нийгэм, эдийн засаг, төр засгийн хийж буй ажлын талаарх шүүмжлэл хамгийн их өрнөж байсан юм.  Тэр ч бүү хэл олон иргэд Засгийн газар, УИХ-ыг тараахыг шаардаж, үүнийг ард түмэн нийтээр дэмжинэ гэдгийг ч илэрхийлж байв.  Өнгөрсөн хугацаанд эдийн засаг хямарч байхад ард түмэн Засгийн газарт хариуцлага тооцох тухай ярьж байсан.  Түүнд үндэслэж сөрөг хүчин болох МАН-ын бүлгээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарыг  огцруулахыг шаардаж байсан боловч эрх баригчид цээжээрээ хамгаалж үлдсэн.  Тиймээс энэ удаа ард түмэн өнгөрсөн шиг тийм зүйл давтахыг хүссэнгүй.  Монголын нийгэм, эдийн засгийн байдлыг элгээр нь хэвтүүлсэн, хариуцлагагүй ажиллаж байгаа Засгийн газрыг танхимаар огцруулах хэрэгтэй гэж дахин, дахин илэрхийлж байлаа.  Бүр цаашлаад УИХ-ыг тарах хэмжээнд арга хэмжээ авах ёстойг мөн сануулсан.  Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй олон компани ам.долларын өсөлтөөс болж дампуурлын ирмэгт хүрчээ.  Дараагийн нэг ярьж буй шүүмжлэл бол ямар нэгэн шалтгаангүйгээр ажлаас халагдсан гэх асуудал.  Баянхонгор аймгийн хувьд Эрүүл мэндийн газрын дарга солигдсноос хойш  хөл толгойгоо олохоо байжээ.  Одоогийн байдлаар Эрүүл мэндийн газраас ямар нэгэн шалтгаангүйгээр гурван жижүүр, дөрвөн бага эмч халагдсан юм байна. Үүнээс гадна өнгөрсөн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хонгор нутагт ажиллахдаа “Хууль шүүхийнхний асуудлыг цэгцэлнэ.  Монгол Улсын иргэн бүртээ тэгш үйлчилдэг, шударга төрийг бий болгоно” хэмээн амлаж байжээ.  Үүнийг ч Хонгор нутгийнхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос хэвлэл мэдээллийнхэн биднээр дамжуулж сурагласан.  Учир нь хууль, шүүхийнхний үйлдэл хэрээс хэтэрсэн гэдгийг нутгийн зон олон өгүүлсэн.  Түүнчлэн аймгийн Засаг дарга хүртэл иргэдээ намаар нь ялгаварладаг тухай Хонгор нутгийнхан ярьсан.

Мөн иргэдийн хамгийн их бухимдуулж буй асуудал бол тэтгэврийн нэмэгдэл.  Саяхан сар шинийн өмнө цалин тэтгэврийг 15-28 хувиар нэмлээ хэмээн Ерөнхий сайд мэдэгдэж байсан. Гэтэл бодит байдал дээр иргэдийн сэтгэлд хүрэхээр нэмэгдэл болж чадаагүй, харин ч улс төрийн шоу төдий зүйл гэдгийг ахмадууд хэлж байлаа.  Ерөнхийдөө хамгийн өндөр тэтгэвэр авдаг хүнд 22 мянган төгрөгийн нэмэгдэл олгосон байна. Энэ мэт ард түмнээ хуурч улс төрийн шоу хийж байгаад олон иргэд дургүйлхэж байна.  Тиймээс ч тэд иймэрхүү удирдагчидтай Монгол Улс цааш  явахгүй гэдгийг ч айж, эмээхгүй хэлж байв.

Үнэхээр Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийн хийж хэрэгжүүлж буй зарим ажил үнэхээр нүдээ олохгүй байгааг орон нутгаас харж болохоор байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Ажилтай, орлоготой Монгол хүн” гэх уриаг хэзээ хэрэгжиж эхлэхийг  ард түмэн хүлээж байна.  Ерөнхий сайд Н.Алтанхуяг ажлын байр нэмэгдэж байгаа хэмээн байнга  хэлдэг ч бодит байдал дээр тийм биш байна.  Аль ч аймагт очсон ажилгүйдэл асуудал болсон  хэвээрээ байна.  Ажилтай болох нь битгий хэл, ажил хийдэг нь халагдсан гэх шүүмжлэл тасрахгүй байна.  Зарим учир мэдэх ахмадууд “Бид ийм эрх баригчдыг өнгөрсөн хугацаанд харж байгаагүй. Засгийн газар хэтэрхий дампуу ажиллаж байна. Улс орны эдийн засаг туйлдаа хүрч байхад юу ч болоогүй юм шиг, зүгээр л өөрсдийн эрх ашиг, улс төрийг хийж байна” хэмээн ам уралдан ярих хүн олон байв. Иймд сөрөг хүчин МАН-ыг энэ бүхэнд анхаарал хандуулж ажиллаач хэмээн захиж байлаа.  Хэрвээ сөрөг хүчин эрчимтэй ажиллаж Засгийн газрыг огцруулах асуудлыг тавихад ард түмэн бид дэмжинэ гэдгээ ч тэд зоригтой илэрхийлж байлаа.  Ийнхүү МАН-ын гишүүдийн ард иргэдтэйгээ уулзах уулзалтууд ширүүхэн шүүмжлэл дунд өрнөсөн.  Ерөнхийдөө иргэд, олон түмний амнаас гарч буй хамгийн том шүүмжлэл бол Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахыг шаардаж байв. 

Д.Болор
 

/Үнэн.мн/


URL:

Сэтгэгдэл бичих