30 га газрыг сүйтгэжээ
Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Байгаль орчин ногоон хөгжлийн яамны мэргэжилтнүүдийн хамтаар орон нутагт их хэмжээний хууль бус мод бэлтгэж байгаль орчинд ноцтой хохирол учруулсан үйлдлийг өнгөрсөн өдрүүдэд таслан зогсоожээ. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Баяны ар гэх газарт хүмүүс хууль бус мод бэлтгэж байна гэсэн мэдээллийг иргэд цагдаагийн байгууллагад ирүүлсэн аж. Мэдээллийн дагуу цагдаагийн ажилтнууд тус газарт үзлэг хийхэд тус “Хүдэр өсөх” гэх компани 501 ширхэг нарс, шинэс модыг зөвшөөрөлгүйгээр их хэмжээгээр бэлдсэн байжээ. Эдгээр нь 80-130 хүртэлх настай модод байсан байна. Тус компани анх таван га газраас мод бэлтгэнэ гэж аймгаас зөвшөөрөл авсан байсан ч Баяны ар газрын уулын нэг энгэрийг тэр чигээр нь буюу 30 орчим га талбайг сүйтгэсэн байжээ.
Энэ нь холбогдох хууль журмыг зөрчсөнөөс гадна орон нутгийн эрх бүхий байгууллагууд ч оролцсон тухай албаныхан мэдээллээ. Тухайлбал, “Хүдэр өсөх” компани нь Ойн ангиас мод бэлтгэх зөвшөөрөл өгсөн бөгөөд тус анги нь мод бэлтгэх зөвшөөрөлтэй байсан нь Ойн тухай хуулийг зөрчсөн байна. Тодруулбал, Ойн анги нь мод бэлтгэх бус мэргэжлийн байгууллагаас цэвэрлэгээ арчилгаа, тордолт хийлгэхийг шаардах үүрэгтэй байжээ. Мөрдөн байцаалтын явцад компанийнхан бэлтгэсэн модоо бусдад нийлүүлэхээр гэрээ хийсэн байсан бөгөөд бүр урьдчилгаа төлбөрөө авчихсан байжээ. Тэд шонгийн модны хэрэгцээнд гэж зургаа, ес, 12 метрийн урттай ногоон модыг огтолж, унагаасан модоо тэнд нь цэвэрлээд зарим хэсгийг сумын төв рүү ачжээ. Одоогоор уг хэргийг цагдаагийн байгууллагад үргэлжлүүлэн шалгаж байна.
Өнгөрсөн онд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас 11252 тээврийн хэрэгслийг шалгаж 156 куб.м модыг эд мөрийн баримтаар хураан авсан байна. Түүнээс гадна байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөн хэлтсээс 128 холбогдогчтой 64 эрүүгийн хэргийг шалгаж 29 хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлж, 13 хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай мэдээллийг тус хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Баянмөнх дуулгалаа.
Б.ЭНХ
URL: