АН-ын ҮЗХ-ны гишүүд албан тушаалд ингэж очжээ


Ардчилсан намын эрх барих дээд байгууллага болох ҮЗХ нь 228 гишүүнтэй. 2012 оны сонгуульд тус нам олонхи болсны үр дүнд ҮЗХ-ны нийт гишүүдийн багагүй хэсэг нь төрийн албанд оржээ. Мөн төрийн өндөр дээд хийгээд, улс төрийн албан тушаал хашдаг нэлээдгүй хэд бий. УИХ-ын сонгуулийн дараа ҮЗХ- ны 37 гишүүн төрийн жинхэнэ албан хаагч болж, намаасаа татгалзсан байдаг аж. Тиймээс ч Ардчилсан намын дэргэд өдөлсөн жигүүрийнхэн Үндэсний зөвлөлдөх хороог яаралтай хуралдуулж, орон гарсан гишүүдийнхээ оронд шинэ гишүүн томилох шаардлагыг хүргүүлээд буй. Орон гарсан гишүүд гэдэг нь зөвхөн дээрх 37 гишүүнээр хязгаарлагдахгүй.

     Тус нам хоёр жилд нэг удаа дотоод сонгууль хийж, ҮЗХ-гоо шинэчилдэг байсан. Харин 2011 оноос эхлэн намын дүрэмд байсан дотоод сонгуультай холбоотой заалтыг авч хаяснаар өдийг хүртэл ротаци хийгээгүй. Үүнээс болж ҮЗХ-ны гишүүнээр сонгогдсон 228 хүн ямар ч хөдөлгөөнгүй гурван жил болж байгаа юм. Уг нь дотоод сонгуулиар ҮЗХ-ны гишүүдийн гуравны нэг нь шинэчлэгдэж, цус сэлбэгдэх ёстой. Ингээд бодохоор Ардчилсан намын ҮЗХ-ны 110-аад гишүүнийг ҮЗХ-нд дахин сонгох шаардлага бий болсон гэсэн үг. УИХ-ын гишүүн асан Х.Муратаар удирдуулсан жигүүрийнхний тавьж буй шаардлагын амин сүнс нь энэ. Өнгөрсөн оны аравдугаар сард өгсөн шаардлагын мөрөөр намын аппарат хийгээд жигүүрээс хамтарсан ажлын хэсэг гарч, энэ мэт дүрэмтэй холбоотой бүх асуудлыг цэгцлэн намын даргадаа саналаа хүргүүлсэн аж. Гэвч үүнээс хойш ямар нэгэн хариуг Ардчилсан намын дэргэдэх жигүүрийнхэн Н.Алтанхуяг даргаасаа аваагүй байна. Дарга дуугарахгүй байгаа болохоор намын гал тогоог хариуцдаг Ерөнхий нарийн бичгийн дарга мөн л мөрөө хавчин суугаа гэх. Ер нь Ардчилсан намын ҮЗХ жилд хоёр удаа буюу хавар, намар хуралддаг. Намар нь ес, аравдугаар сарын аль нэгэнд нь цугладаг бол, хаврын хуралдааныг жигүүрийнхний шаардлагаар ирэх дөрөвдүгээр сард хийхээр төлөвлөж байгаа сурагтай. Гэхдээ намын удирдлагууд ялих шалихгүй шалтгаанаар өвлийг давсан шигээ хаврыг ч өнгөрөөж мэдэх байдалд хүрээд байгаа аж.

    Гэтэл орон нутагт бэхэлгээгүй болсон намын хөл байгууллагууд төвөөс ирж буй даалгаврыг гүйцэтгэх чадамжгүй болчихоод байгаа гэнэ. Уг нь жигүүрийнхний боловсруулсан дүрмийн төсөлд ротацийн сонгуулийг сэргээхээс гадна хэд хэдэн чухал заалтууд бий. Тухайлбал, намын гишүудэд тавигдах шалгуурыг өндөрсгөсөн тодорхой заалтуудтай. Намын жагсаалтаар УИХ, ИТХ-ын сонгуульд нэр дэвших Ардчилсан намын гишүүн нь намдаа арваас доошгүй жил идэвхитэй ажилласан байх ёстой аж. Эсвэл Үндэсний зөвлөлдөх хороо, Хяналтын ерөнхий хороо, намын болон орон нутгийн удирдах албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангах хэрэгтэй юм байна. Мөн нэр дэвшигч нь намын нэрээр УИХ болон ИТХ-ын төлөөлөгчөөр нэг л удаа сонгогдоно. Өөрөөр хэлбэл, нэг удаа намын нэрээр УИХ, ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшсэн хүнд дахин хүрд эргүүлэх боломж олгохгүй. Харин тойрогт өрсөлдөх боломж бол бий.

    Энэ мэт дүрмийн шинэчлэлээ хийхийн тулд Ардчилсан намын ҮЗХ- г ирэх дөрөвдүгээр сард хуралдуулах шаардлагыг жигүүрийн зүгээс дахин хүргүүлэхээр болж байгаа сурагтай. Ингэхдээ тэд хэвлэлийн бага хурал хийн, олон нийтийн анхаарлын төвд асуудлыг авчрахаар төлөвлөсөн гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих