Крымийн Бүгд Найрамдах Улс хэмээн зарлалаа
Крымийн Дээд зөвлөл буюу парламентийн ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар “Крымийн хараат бус байдлын тухай” тогтоол баталжээ. Тус тогтоолын төлөө 85 гишүүн саналаа өгчээ. Энэ талаар Крымийн Дээд зөвлөлийн хэвлэлийн албанаас мэдээлж байна.
Крымийн автономит улсын Дээд зөвлөл 2014 оны гуравдугаар сарын 16-ны Крымийн ард иргэдийн бүх нийтийн санал асуулгад үндэслэн “Бие даасан, бүрэн эрхт Крымийг Бүгд Найрамдах Улс хэмээн тунхаглаж байна” гэснийг Интерфакс иш татан мэдээлжээ.
Крымийн парламент Бүгд Найрамдах улсын тусгаар тогтнолыг тунхаглаж, мөн Крым эрх тэгш, амар амгалан байдал, сайн хөршийн, хоёр орны хоорондын улс төр, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны бусад бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмын үндсэн дээр бусад улс орнуудтай харилцаа бий болгох зорилготой гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
Крымийн ард түмний бий болгосон Крымийн Бүгд Найрамдах Улсын бие даасан байдлыг хүлээн зөвшөөрөхийг НҮБ болон дэлхийн бусад улс орнуудаас хүсэж байна хэмээн тус тогтоолд заажээ.
Түүнчлэн Крымийн Дээд зөвлөл ОХУ руу тус улсын бүрэлдэхүүнд нэгдэх хүсэлтээ илгээжээ.
Крымийн нийт хүн амын 96.6 хувь нь ОХУ-д нэгдэхийг дэмжсэн юм. Энэ талаар BBC мэдээлж байна.
Х.Көгершин | GoGo.mn
URL: