Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяагийн хүүхдүүдэд нөхөн олговор олгуулна

Швейцарь Улсын Женев хотноо  энэ сарын 12-14-нд болсон Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын олон улсын Зохицуулах Хорооны ээлжит XXVII хуралд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж тэргүүтэй төлөөлөгчид оролцоод ирлээ.

Энэ удаагийн хурлаар тус хорооны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах, санхүүгийн тайлагналт, ХЭҮБ ба парламент хоорондын харилцаа, хүний эрхийн талаарх үйл ажиллагааны Үндэсний төлөвлөгөө, ОУЗХ-ны магадлан итгэмжлэх үйл ажиллагааны явц зэрэг асуудлыг авч хэлэлцсэн байна.
Хурлын үеэр ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж ОУЗХ-ны болон Ази, Номхон далайн бүсийн ХЭҮБ-ын чуулганы Ерөнхий нарийн бичгийн дарга нарын газрын удирдлага, ажилтнуудтай уулзаж, хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн үйл ажиллагаа явуулахаар тохиролцлоо.
Мөн  зарим орны ХЭҮБ-уудын дарга нартай уулзаж, хоёр талын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах асуудлаар ярилцжээ. Тухайлбал, Малайз улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Тан Сри Хасми Агамтай уулзаж, тус улсад бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хүүхдүүдэд нөхөн олговор олгуулахаар Малайзын холбогдох талаас нэхэмжлэхэд хоёр улсын ХЭҮК өөрсдөөс шалтгаалах бүхнийг хийхээр боллоо.
Малайзын ХЭҮК-ын дарга уг асуудлыг хүмүүнлэгийн талаас тавих нь илүү зохимжтой гээд хоёр орны Засгийн газар, Гадаад харилцааны яам тус тусын шугамаараа идэвхтэй хөөцөлдөх нь олон улсын практикт илүү нийцэхийг сануулсан байна.

URL:

Сэтгэгдэл бичих