“Д.Сүхбаатар: Үгүй ээ, цаад эзэн нь …”
Хууль шүүхийн салбарт шинэчлэл хийгдсэнээр илрэх боломжгүй байсан, боломжтой байсан ч нууцлагдаж байсан олон хэргүүд ил болсон.
Дуулиан тарьсан хар тамхи, мөнгө завшсан, угаасан хэргээс эхлээд, ах дүү танил талаараа аргалуулаад өнгөрч байсан гэмт хэрэгтнүүд ялаа эдэлж, хууль шүүх хүчгүйд ч бас хүчтэйд нь үйлчилдэг гэдгийг харуулж эхэлсэн нь сайшаалтай.
Гэсэн ч энэ бүх дуулиант хэргүүдийн цаана “жинхэнэ эзэн” гэх нэг нууц ноёнтон яаж ийгээд л мултраад үлдчихээд байгаа юм.
Манай хууль шүүхийнхэн мэддэг ч юм уу, эсвэл мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрдөг юм уу, бүү мэд. “Өглөө” кинонд гардагчлан “Сэлэм Тогмидыг алчихаж, хөнөөсөн хүмүүсийг нь барьчихлаа” хэмээхэд Д.Сүхбаатар жанжин “Үгүй ээ, цаад эзнийг нь ол…” гэдэг дээ.
Түүн лугаа адил дуулиан шуугиан тарьсан хэрэг болгоны цаадах эзэн нь ял үүрэхгүй мултарч, наагуур нь байсан нөхдүүд хоёр гурван жилийн тэнсэн харгалзах ял, эс бөгөөс 6-7 жил хоригдох ял аваад тэгсхийгээд гардаг бичигдээгүй хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрчээ.
Цаад эздийн жишээг олон асуудал дээр хөндөж болно. Хамгийн наад захын жишээ гэвэл барилгын салбар байна. Найз нөхөдтэйгээ зугаалж явсан, ажлаа хийгээд гэр бүлээ тэжээгээд явсан залуусыг хөнөөчихсөн атлаа цаана нь байгаа захиалагч эзэд нь бус наагуур байгаа жижиг гүйцэтгэгч компанийн инженер, техникийн ажилчид ял аваад өнгөрсөн жишээг бид мэднэ. Хамгийн сүүлд дуулиан тарьсан цөөхөн хэргээр жишээ авъя.
Жишээ 1: Долдугаар сарын 1-ны цаад эзэд хэлсэн амандаа хүрэв
-Цаад эзэд нь байтугай ял авсан нөхдүүд нь ээлж дараалан суллагдсаар энэ хэрэг замхрах тийшээ хандаж байгаа. Тухайн үед тушаал гүйцэтгэсэн цагдаагийн дөрвөн хурандааг сонгуулийн үеэр шоу болгож золиосолсон бөгөөд тус бүрд нь 5-6 жилийн ял төлөвлөсөн ч өнөө маргаашгүй сайн хүмүүжигч байсан гэх шалтгаанаар ялаа дуусган суллагдахаар болсон билээ.
Тухайн үед цагдаагийн дарга нар мэдүүлэг өгөхдөө биднийг гүтгэж байна. Хэргийн жинхэнэ эзэд буруугүй үлдэх нь гэх мэдүүлэг өгч байсан нь сонины хуудаснаа үлджээ. Гэсэн ч тэд дахиж дуугаралгүй амаа хамхиж өгсөн ялыг үүрсэн нь цаад эздийнх нь явуулга байсан гэж хардах нь бий.
Ял өгсөн ч төд удалгүй гаргаж авч чадна гэдгээ цаад эзэд нь амласан учраас тэд нэгхэн жилийг торны цаана өнгөрүүлж удахгүй наранд гарах нь ээ.
Жишээ 2: Хууль бус лицензийг агентлагийн дарга худалдаж чадах уу
-АМГ-ын дарга асан Д.Батхуягт холбогдох хэргийг шалгаж эхлэхэд мөн л энэ бүх будлианыг хутгасан гэх нууц ноёнтнуудыг хайж эхэлж байсан.
Д.Батхуяг ч мэдүүлэг өгөхдөө “Би хийгээгүй хэргийнхээ төлөө ял үүрэх гэж байна. Энэ бүхний цаана өөр хүн байгаа” хэмээн мэдүүлж байсан түүхтэй. Гэтэл мөн л ялаа үүрсэн нь 100 гаруй хуурамч лицензийн хэрэг хоёрхон хүний гараар хийгдээгүй гэдгийг нотолсон билээ.
Д.Батхуяг зөвхөн нэг агентлагийн дарга төдий албан тушаалтай байсан. Тэгэхээр 100 гаруй лицензийг зарахад тусласан нөлөө бүхий эрхмүүд төрийн сэнтийд заларч байсан гэдэг нь тодорхой.
Энэ хэргийн дуулиан одоо ч намжаагүй бөгөөд Д.Батхуягийг хэргээ задлахын тулд хэвлэлээр зориуд мэдээлэл цацуулж байна хэмээн цагдаагийнхан хардаж байгаа юм билээ.
Д.Батхуяг магадгүй дээрх цагдаагийн дарга нар шиг ганц хоёр жил суугаад гаргачих амлалт авсан ч өнөөх нь мартаж орхисон учраас хэргээ задлаж, жинхэнэ эздээ зарлах гэж байгаа ч юм бил үү хэн мэдлээ. Жинхэнэ эзэн нь нүүрээ буруулж, ялаас мулталж чадаагүй учраас хэргээ задлаж, энэ бүхнийг үнэн зөвөөр нь шүүлгэх хүсэлтэй ч байж магадгүй юм.
Жишээ 3: МИАТ-ийн нууц эзэд сэлгүүцсээр…
-Дуулиантай, их хэмжээний мөнгө угаасан хэрэг бол МИАТ-ийн экс удирдлагуудын хэрэг. Мөн л төрийн гар хөл оролцсон гэж яригдаж байсан ч дансандаа хэдэн төгрөг байршуулсан хэдхэн хүн ял сонсоод өнгөрсөн.
Тухайн үед мөн л хэрэгт байцаагдаж байсан Ч.Хоролсүрэн нар “Энэ хэргийн цаана маш олон улстөрч байгаа. Миний эхнэрийг суллаад явуулчихвал зарлахад бэлэн” хэмээж байсан нь хэвлэлийн хуудаснаа шарлан үлджээ.
Гэсэн ч дээрх хоёр хэргийн адил амаа хамхин ялаа үүрээд явсан. Мөн л тэдгээр нууц ноёнтнуудын дарамтаас болж амаа хамхисан тэднийг яагаад ингэж хэлэх болсон, төрийн оролцоо үнэхээр байсан уу гэдгийг нь ялгаж салгалгүй ял оноогоод өнгөрсөн нь эмгэнэлтэй.
Жишээ 4: Сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн нууц ноёнтон
-Сүүлийн үед гарч байгаа хэргүүдээс хамгийн их анхаарал татаж байгаа хэрэг бол хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн замбараагүй хэрэглээний асуудал. Нэгэн цагт тээвэрлэгч байсан манай улс хэрэглэгч болж, хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг залуус байрны орц хонгилд, машиндаа хүртэл татан мансуурч байгааг талаархи мэдээлэл хэвлэлийн хуудаснаас салахгүй байна.
Долоо хоног болгон л Улсын мөрдөн байцаах газраас “ice” буюу “мөс” хэрэглэж байсан тэдэн хүнийг баривчиллаа. Их хэмжээний хар тамхи илрүүллээ гэх мэдээлэл өгч байгаа.
Энэ хэрэгт бүр гааль хяналтын байцаагчид, тэдний хүүхдүүд нэр холбогдож, сэтгэцэд нөлөөлөх бэлдмэлээр хилээр ямар ч хяналтгүй нэвтэрч байгаа асуудлыг анхаарах цаг болсныг сануулдаг ч хэн нэгэн хариуцлага хүлээхгүй өдийг хүрлээ. Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй гэх уриатай хил гаалиар хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл чөлөөтэй нэвтэрч байгаад хэн буруутай вэ.
Хар тамхины сүлжээ, мафи ажиллаж байна гэдэг ч техник технологи өндөр хөгжсөн энэ цаг үед чөлөөтэй хил гаалиар нэвтрэх ямар ч боломж харагдахгүй байна. Тэгэхээр энэ бүхнийг хилээр нэвтрүүлж чадаж байгаа тэр нууц ноёнтон хэн бэ.
Худалдаж аваад татаж байгаа хэсэг нь хариуцлага хүлээж хоригдох бус хилээр оруулж ирээд зарж борлуулаад байгаа тэр нууц ноёнтныг олох цаг нь болжээ. Магадгүй төрийн өндөр албан тушаалтан, эс бөгөөс Монголын хил гаалийг тэр чигээр нь атгачихсан хүн л хэрэглэгч болтол нь энэ улсыг хар тамхинд донтуулж байгаа хэрэг бус уу.
Жишээ 5: Барилгын салбарын маапаан
-Эрүүгийн рецедив гэмт хэрэгтнүүд энэ салбарт хэдийнэ байр сууриа эзэлж эхэлсэн сурагтай. Тухайлбал, аль нэг яамныханд дарамт учруулах, эс бөгөөс хөрөнгө мөнгөөр зодож байгаад тендер авдаг аж. Нийтийн эзэмшлийн талбайгаас хумсалж, тэр нь задрахдаа хүрвэл өмнөх луйвруудыг нь илчилнэ.
Өгсөн авсандаа байя. Чиний нам уначихсан байхад дуугүй байгаарай гэхчилэн дарамт учруулдаг ч гэх юм билээ. Гэхдээ тэд бол наана нь байгаа тушаал биелүүлэгчид. Харин цаана нь тушаал өгч суугаа нөхдүүд ил гарч ирэхгүй байгаа нь харамсалтай.
Авсан тендерийнхээ ажлыг гүйцэтгэж чадахгүй дутуу орхиж 21 аймаг, 300 гаруй сумаар дүүрэн дутуу сэглэсэн барилга барьж орхино, тэд. Түүнчлэн дээр хэлсэнчлэн аюулгүй ажиллагааг хангаж чадаагүй хүний аминд хүрсэн ч гүйцэтгэгч гэх жижигхэн компанийн албан тушаалтныг ялд түлхээд цаана нь мултарч байгаа жишээ хангалттай олон.
УИХ-ын чуулганаар 2014 оны төсвийн тодотголыг хэлэлцэх гэж байгаа энэ үед чанаргүй, он удаан жил барьсан, төсөвт өртөг нь жил бүр нэмэгддэг маш олон обьектуудын асуудал хөндөгдөх нь.
Татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэсэн эдгээр барилгын компаниудаас төр хохирлоо барагдуулж авна гэж байгаа ч тэднийг ингэж дураараа дургих эрхийг олгосон хүнийг олж чадахгүй нь бололтой. Нэг аймагт дөрвөн сургуулийн тендер авч будлиан хутгах эрхийг жижигхэн барилгын компанид хэн өгсөн бэ.
Аймаг дамжин тендер хувааж, хийж чадахгүй болохоор хаяад явчихдаг дархан эрхтэй компанийн цаана хэн байгаа бол. Нэг аймгийн Засаг дарга өөрийнхөө нэр дээр гурван компани байгуулж, гурвууланг нь тендерт ялуулж байхад дээгүүр сууж байсан нөхдүүд юу харж суусан хэрэг вэ. Тэгэхээр энд бас л нууц ноёнтнуудын оролцсон луйвар хийгдсэн гэдэг нь харагдаад байгаа биз.
…Энэ мэт маш олон салбарын нууц ноёнтон, цаад эздийн луйврыг нэрлэж болохоор байна. Манай хууль хяналтынхан муу ажиллаж байна гэж хэлэх гэсэнгүй. Гэхдээ жинхэнэ ухаж төнхөж, муу муухайг нь яриулж, хууль шүүхээ улс төрөөс ангид болгож чадахгүй бол Сэлэм Тогмидын жишээ салбар болгонд гарсаар байх нь ээ.
Цаад эздийг нь олж чадахгүй, наагуур байгаа жижиг жараахай хөөцөлдөж суумааргүй байна. Сэжиглэж байгаа нэгний амнаас унасан үг болгоныг шүүрч, жинхэнэ мөрдөгч, тагнуул байж хүчний байгууллага шиг байх цаг болсон бус уу.
Б.Өнөртогтох
/Монголын мэдээ/
URL: