Гурван жил “луу унжсан” хувьцаа
Монгол Улсын иргэн бүр Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмших шийдвэр гарч байсан. Гэхдээ иргэдэд сонголт хийх эрхийг нь үлдээж буйгаа тухайн үед их л сүржин зарлаж, улс төрийн шоу хийж байв.
Өөрөөр хэлбэл, хувьцааны үнийн дүнтэй дүйцэхүйц хэмжээний нэг сая төгрөгийг авч болно гэдэг мэдээллийн дараа иргэдийн дийлэнх нь амьдарч буй хорооныхоо нийгмийн ажилтнаар дамжуулан бэлэн мөнгө авах хүсэлтээ Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газарт илгээжээ.
Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг саяыг нь өгчихсөн. Харин үлдсэн хүмүүс нь одоог хүртэл хувьцаа ч үгүй, мөнгө ч үгүй төрийнхний худал амлалтад молигодуулсаар ирлээ.
Төрийн бас нэг ээлжит молиго нь Засгийн газрын 2012 оны 116 дугаар тогтоолоор 2011 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нд шинээр төрсөн иргэнд 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан явдал байлаа. Гэхдээ энэхүү тоглолтоо цагаан дээр хараар бичиж үлдээсэн тул хуулийн өмнө хүчин төгөлдөр гэсэн үг.
Үүний зэрэгцээ Үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэгж хувьцааны үнийг 933 төгрөгөөр тооцон худалдаж, компаниудыг хувьцаа эзэмшигч болгох шийдвэр гаргаж байсан билээ. 2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө байгуулагдсан, хувьцаа авах шалгуур хангасан 47 мянган аж ахуйн нэгж байгаа гэдэг мэдээллийг ч Татварын ерөнхий газраас өгч байжээ. Тэдгээрээс 1500 орчим аж ахуйн нэгж хувьцаа худалдан авахаар шийдэж, төлбөрөө Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд байршуулсан юм байна.
Гэтэл төр олигтой менежмент хийлгүй өдийг хүрсэн нь үндэсний хөрөнгө оруулагчдын тэвчээрийг барав бололтой. Тэд Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвд байршуулаад байсан мөнгөө буцаан татаж эхэллээ. Ингэхдээ Засгийн газрын 2013 оны 132, 409 дүгээр тогтоолын дагуу нийт 972 аж ахуйн нэгж хувьцааны төлбөр буцаах хүсэлт гаргаж, төлбөрөө буцааж авчээ. Өөрөөр хэлбэл, бараагаа захиалж мөнгөө урьдчилан төлсөн хэн ч бай үүнээс илүү хүлээж хүчрэхгүй гэж үзсэн олон хүн байна. Ялангуяа, сохор зоос ч байсан хөдөлгөж төлөг болгодог бизнес эрхлэгчдийн хувьд хоёр жил илүү хүлээх нь хорин жил шиг урт санагдсан болов уу. Аж ахуйн нэгжүүд дээд тал нь 36240 ширхэг хувьцааг 33.8 сая төгрөгөөр худалдан авах боломжтой байжээ. Тухайн үеийн 33.8 сая төгрөгийг ашигтай бизнест оруулж эргэлдүүлсэн бол өнөөдөр ямар дүн гарах байсныг хэн ч таашгүй.
Эдийн засагчид төрд “Эрх мэдлийг гартаа авсан хэр нь үндэсний хэмжээний томоохон төслийг гацааж, Монголд орж ирэх байсан хөрөнгө оруулалтыг ухрааж, удаашруулсан алдаагаа засах цаг нь болсон” гэж сануулж буй юм. Учир нь үлдсэн 500 гаруй аж ахуйн нэгжийн хувьд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг төвлөрсөн хадгаламж дахь дансанд байршуулан баталгаажуулж, хувьцааны төлбөрийн мөнгийг Хүний хөгжлийн сан руу шилжүүлсэн байна. Тиймээс одоо “Танай намын хүн 75 сая ам.долларын гэрээг 45 ам.доллар болгосон. Манай хүн байсан бол ингэх байсан” гэж маргаж суух цаг биш. Хамгийн гол нь эдийн засагт зогсонги байдал үүсгэж, гацаагаад байгаа томоохон төслүүдийг хурдан урагшлуулах хэрэгтэй гэж үзэж байна. Амрах завтай төрийг ажлаа хийгээсэй гэдэг хүлээлт Монголоор нэг байна шүү.
Г.ГАНЧИМЭГ
polit.mn
URL: