“Нэг хуудас” цаасаар бодит хэмжээтэй заан урлажээ
Швейцарын иргэн Сифо Мабона ганцхан хуудас цаасаар бодит хэмжээтэй заан урлажээ. Та яагаад гэж гайхаж болох юм. Учир нь тэр аварга том цаас ашигласан юм. Оригамигаар мэргэшсэн Мабона 15х15 метрийн харьцаатай дөрвөлжин цаас, гурван туслагч ашиглан, цаасаа нугалаад л нугалаад л байж гэнэ.
Тэгээд сар гаруйн хугацаа өнгөрөхөд өмнө нь бүхэл бүтэн заан зогсож байжээ. Тэрээр гайхамшигт бүтээлээ Швейцарын Беромьюнстерийн урлагийн музейд нийтэд үзүүлж байгаа юм. Энд тэрээр туслагчдынхаа хамт цаасаа бүтэн сар нугалжээ.
Мабона телевизэд өгсөн ярилцлагадаа “Би энэ заан хэрхэн босч байгааг хараад үнэхээр баяртай байсан. Үнэндээ энэ заан миний чадварыг ахиулсан. Учир нь жижиг цаасаар хийхэд харьцаа нь алдагдахгүй байх боломжтой. Харин цаас томрох тусам харьцаа алдагддаг. Гэтэл энэ зааных бараг л алдагдаагүй. Миний туслагчдын гавьяа ч бий. Санаа зовоосон асуудал нь цаасны зузаан байлаа. Анх цаас авах үед миний бодсоноос ч нимгэн байсан. Гэхдээ одоо бүтээл маань гайхалтай харагдаж байгаа биз дээ” гэжээ.
Аварга зааны бяцхан хувилбар
Мабона таван настайгаасаа цаасан онгоц нугалж эхэлсэн гэнэ. Тэрээр 15 жил цаасан онгоц урласан бөгөөд эцэст нь хийх загвар нь дуусчихжээ. Тэгээд 2000 оноос оригамид дурлаж, гайхалтай бүтээл бүтээхийг зорьжээ. Хамгийн сүүлийн бүтээл болох “Цагаан заан”-аа бүтээхийн тулд материал, туслагчид хөлслөх зардлаа олохын тулд Мабона цахим хуудсаараа дамжуулан 27 мянган доллар цуглуулжээ.
Ямартаа ч Мабона ганцхан дөрвөлжин цаасаар урлах бүтээлд хязгаар үгүй гэдгийг баталлаа. Оригами нь Японы цаас нугалах уламжлалт урлаг. Үгийн утга нь “ори” буюу нугалах, “гами” буюу цаас гэсэн хоёр үгний нийлбэр гэнэ. Энэ урлаг анх Эртний Хятадад I- II зууны үед үүссэн гэж үздэг бөгөөд МЭ VI зууны үеээс Японд нэвтэрч, одоогийн хэв шинжээ бий болгожээ.
Японы Эдогийн үе буюу 1603-1867 оны үед бие даасан соёл болтлоо хөгжиж, цаасан хайчилбар зэрэг салбар соёл бий болгосон юм. Хамгийн алдартай оригами нь цаасан шувуу билээ.
Эх сурвалж: http://www.grindtv.com/
URL: